| |
Малчин, тариаланч хоёр зодолдож л байг уу
Төв аймгийн Жаргалан суманд амьдардаг танил маань хэдэн малаа хямдхан зарахаар сэтгэл шулуудсанаа ярив. Жилийн дөрвөн улиралд сүү, цагаан идээгээр тасалж үзээгүй саалийн хэдэн үнээгээ хэдхэн төгрөгөөр хямдхан худалдахад хүрсэн шалтгаан нь бэлчээрийн асуудал.
Тус сумын нутагт ихэвчлэн газар тариалан эрхэлсэн иргэд амьдардаг учраас хэдэн малаа бэлчээрлүүлэх талбай ч олдохоо больж аргагүйн эрхэнд ийм шийдвэрт хүрчээ. Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй Газар тариалангийн тухай хуульд газар тариалангийн талбайгаас 500 орчим метр зайнд мал орж ирвэл тухайн мал тариаланчийн эзэмшилд орно гэсэн утга бүхий заалт байдаг. Хатуухан хэлбэл, буудаж хөнөөсөн ч тэдний дурын хэрэг гэсэн үг.
Мэдээж монгол хүн буянт малаа буудаж нүгэл үйлдэхгүй ч эзэмшил газарт нь орж ирсэн малыг барьж хашдаг, зодож гэмтээдэг, малчнаас их хэмжээний мөнгө нэхдэг гэх мэт малчин, тариаланч хоёрын дундах зөрчил жилээс жилд улам бүр л эрчээ авч байна. Бэлчээрийн даац хэрээс хэтэрч цөлжилт ихэссэн энэ цагт бэлчээрийн төлөөх дайн малчдын дунд ч өрнөх болсон нь яах аргагүй анхаарал татах сэдэв болчихоод байгаа юм.
Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг, асар өргөн уудам газар нутагтай атлаа ам дөрвөлжин газраа булаалдаж хэмээн цэцэрхэх хүмүүс бишгүй л олон гарах биз. Гэвч цөлжилт эрчимтэй явагдаж, малын тоо толгой хүн амын тооноосоо хэдэн зуун саяар илүү гарчихсан учраас бэлчээрийн даац хэрээс хэтэрчээ.
Газар тариалангийн бүс нутаг гэгдэх Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв аймгуудад бэлчээрийн даац 2-15 дахин нэмэгдсэн гэсэн тоон мэдээ байна. Бүр бэлчээрийн газар авахын тулд сумын Засаг даргынхаа үүдийг хэдэн өдөр сахиж суугаа талаар ч нутгийн иргэд ярьж байлаа. Нэг талаар инээдэм, нөгөө талаар эмгэнэл гэхээс өөр яалтай. Хөдөө орон нутагт малчин, тариаланч хоёрын хэрүүл мөнхөд үргэлжлэх хэрэг үү.
Сумын Засаг дарга нар захирамж гаргаж намар, хавар, зундаа газар тариалангийн талбайд малаа ойртуулж болохгүй. Тариаланчид хашаа заавал барих ёстой гэх мэтээр журам дүрмээр зохицуулахыг хичээдэг ч бэлчээрийн мал тэр тусмаа адууг хашч, хорих боломж тэр болгон байхгүй юм билээ.
Худал хэлсэн хүнд ах дүү, амраг садан хүртэл хэрэлдэж зодолдохдоо хүрч байх юм. Газар тариалангийн талбайн 40 орчим хувийг зөвхөн мал тахалдаг гэсэн тоон мэдээ ч бий. Үүнээс болж тариаланчид талбайгаа тойруулж газар ухдаг, эсвэл талбайнд орж ирсэн малыг зодож, хүндээр шархлуулдаг, нүхэнд унасан мал нь гэмтдэг, үхдэг, малчдаас аманд орсон мөнгөө нэхдэг гэх мэт асуудал улам бүр даамжирсаар эцэстээ эрүүгийн хэрэг ч гарч эхэлснийг дуулгая. "Буянт малаа ад үзсэн хар шороо ухсан гуйлгачид” гэх мэтээр нутгийн хоёр буурай хэрэлдэж суухыг ч өөрийн нүдээр харж байлаа.
Миний танил шиг олон хүн тариалангийн газар нутагт амьдрахын тулд малаа зарж, үгүй хийх үү, эсвэл бэлчээр хайж нутаг орноосоо нүүх үү гэдэг сонголт хийхэд хүрч байгааг төр засаг анхаарлаа хандуулах цаг нь болчихож. Үүнд дан ганц салбар яамыг харж суух нь утгагүй.Тэд хуулийн дагуу л ажилладаг. Газар тариалангийн хуулийн дагуу ажиллахыг чухалчилж, аль нэг талд нь үйлчлэхгүйгээр шийдвэр гаргахыг хичээдэг ч энэ шийдвэрээс аль нэг нь заавал хохирол амсах нь тодорхой юм.
Миний танилын амьдардаг Төв аймгийн Жаргалант сум Монголын төмс хүнсний ногооны 40 гаруй хувийг хангадаг. Гэтэл энэ сум мөн л бэлчээрийн мал аж ахуйтай. Хэрвээ төр шийдвэр гаргаад, үйлдвэрийн бодлогоо зөв хэрэгжүүлж газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг дэмжээд явчихвал, хэн хэн нь асуудлаа төвөггүйхэн шийдээд явчихна.
Иргэд дургүйцсэн зүйл огт байхгүй. Харин ч дэмжиж байгаа гэдгээ удаа дараа төрд уламжилдаг ч Монголын төр малчин, тариаланч хоёроо зодолдуулаад мартаж орхижээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн хувьд тариаланч, малчид хоёрын маргаан мөн л толгойн өвчин болоод байгаа аж.
Тус аймгийн бэлчээрийн даац 2.8 хувиар хэтэрсэн бөгөөд бэлчээрийн мал аж ахуйтай учраас мал уриншилсан талбайд орж хөрс нягтруулах, хөрсний бүтцийг алдагдуулснаас ургацын хэмжээ буурч, буудайн хангалтад сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн гэнэ лээ. Тиймдээ ч бэлчээрийн мал аж ахуйн асуудлыг энэ аймагт нэг мөсөн цэгцэлж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын тоо толгойг бууруулах зэрэг нэгдсэн бодлого хэрэгтэй байгааг аймаг орон нутгийн удирдлагууд ярьсаар байх юм.
Иргэдийн 80 гаруй хувь нь үүнийг дэмжсэн. Харамсалтай нь төрийн бодлого гарсангүй. ХХААХҮ-ийн яамны хэрэгжүүлж буй бодлогыг дорвитойхон дэмжиж, "Үйлдвэржилт-21:100” хөтөлбөрийг цаг алдахгүй хэрэгжүүлж эхэлвэл, бүсчлээд өгчихвөл энэ маргаанд бид цэг тавих учиртай юм.
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт атрын гуравдугаар аяныг үргэлжлүүлэх томоохон зорилт багтаж буй. Гэвч газар тариалангийн бүс нутгаа ангилж, малчин, тариаланчийнхаа бэлчээр, тариан талбайн маргааныг шийдээгүй цагт энэ хөтөлбөр бодитоор хэрэгжих эсэхийг хэлэхэд эрт. Төрийн бодлогыг нэг яаманд даатгаад орхих бус хэрэгжүүлэх боломжийг нь хангах талаас хууль эрхзүйн орчныг нь батлаад өгчихдөг бол буянт малаа буудаж ална хэмээн дөвчигнөж суухгүй л байлтай. Хэдий болтол сумдын Засаг дарга, салбар яам хэрүүл зохицуулах хэрэг вэ, улстөрчид өө.
ЭХ СУРВАЛЖ: MОНГОЛЫН МЭДЭЭ
Б. ӨНӨРТОГТОХ