|
Видео

Шинэ мэдээ

Газар тариалангийн уналт төрийн дампуурлаас болсон

Газар тариалангийн уналт төрийн дампуурлаас болсон

 

УИХ дахь МАН-ын бүлгээс "Тариалангийн хууль: Тариаланчдад тулгамдсан асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт газар тариалангийн бүс нутгаас УИХ-д сонгогдсон гишүүн Н.Энхболд, Ж.Эрдэнэбат, Су.Батболд нар оролцож, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган, Хөвсгөл, Дорнод, Дархан-Уул, Сүхбаатар, Увс аймгийн 32 сумаас хүрэлцэн ирсэн 300 гаруй тариаланчдын санал бодлыг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар хамтран ярилцав.

 

Тариаланчдын хувьд хэд хэдэн асуудлаар Засгийн газарт хандаж шаардлага хүргүүлээд байгаа бөгөөд эрх ашгаа хамгаалахын төлөө энэ сарын 15-нд талбай дээр жагсахаа мэдэгдлээ. Хэлэлцүүлгийн үеэр тариаланчид стратегийн ач холбогдолтой салбараа аврахын тулд цаг алдахгүй арга хэмжээ авах шаардлагатайг онцолж байлаа. Тухайлбал, тариаланчид 2015 онд 150 тэрбум төгрөгөөр буюу ихэнх мөнгөөрөө уринш хийсэн болохоор одоо бэлэн мөнгөний хомсдолд орсон, нийт ургацынхаа 80 гаруй хувийг алдсан. Засгийн газар 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан боловч одоо болтол олгоогүй. Хөнгөлөлттэй зээлийг олготол тариалалтын ажил эхлүүлэх боломжгүй болсон. Арилжааны банкаар дамжуулан зээл авъя гэхээр тариаланчид бүгд зээлтэй, барьцаанд тавих хөрөнгөгүй, барьцаагаа бүрдүүлээд зээл авъя гэхээр хугацаа нь тулсан гэх мэт олон бэрхшээл тулгараад буйгаа хэлсэн. Хэлэлцүүлэгт ирсэн тариаланчдын ард 300 мянга гаруй ажлын байр, 1000 гаруй компани, аж ахуйн нэгж, хувь иргэдийн аж амьдрал, цаашлаад улс орны хоол хүнсний асуудал яригдаж байгааг тариаланчид учирлаж байлаа.

 

Мөн тариаланчид ХХАА-н сайд Р.Бурмаагийн гаргасан 70 гаруй компанид гурил, буудай импортоор оруулж ирэх квотыг хүчингүй болгох, 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг хэсэгчилж хуваалгүй бүтнээр нь олгох ёстойг тайлбарлав. Нөгөө талаар ХХААЯ тариаланчидтай нүүр тулж уулзан бодлого ярьж санал бодлыг нь сонсохоос илүүтэй тэднийг муухай харагдуулах ажилд хамаг хүчээ хаяж байна гэх шүүмжлэл ч энэ үеэр гарлаа. Мөн газар тариалангийн салбарыг ийм байдалд хүргэсэн ХХАА-н сайд Р.Бурмаад хариуцлага тооцох ёстой гэж Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг байр сууриа илэрхийлсэн юм.

 

Газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендер ченжийн гараар дамжин зах зээлийн үнээс 50 хувиар илүү үнэтэй болсныг тариаланчид шүүмжлэв. Учир нь Хятадад 50 сая төгрөгийн үнэтэй трактор тариаланчдын гарт очихдоо хоёр дахин нэмэгдэж 100 саяд хүрдгийг ч зарим тариаланч хөндөж тавьсан. Тиймээс хаврын тариалалтын бэлтгэл ажилд ХХААЯ-ыг ямар нэгэн тендергүйгүйгээр тариаланчдыг зөвхөн бэлэн мөнгөөр дэмжих ажиллагааг зохион байгуулахыг хүсч байлаа.

 

Хэлэлцүүлгийн үеэр Сэлэнгэ аймгийн тариаланч Ш.Мардаан "Тариаланчдад 25 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно гэсэн. Энэ мөнгийг 300 аж ахуйн нэгжид хуваавал нэгд нь 80 сая төгрөг ногдоно. Засгийн газар асуудлыг богино хугацаанд шийдэхгүй бол тариаланчид хүнд байдалд байна"  гэсэн. Төв аймгийн Сүмбэр сумын тариаланч Б.Нямжав "Бид нэг компанийг төлөөлж энд ирээгүй, бидний цаана байгаа олон гэр бүл, хүмүүсийн аж амьдралыг хамгаалахын төлөө ирсэн. Сүүлийн дөрвөн жил газар тариалангийн салбарт үүссэн нөхцөл байдлаас харахад маш савлагаатай байна. Газар тариалангийн бодлогыг аль ч намын үед тогтвортой байлгах үүднээс сонгуулийн мөрийн хөтөлбөрт зайлшгүй оруулах шаардлага гарч байна" гэсэн бол Сүмбэр сумын тариаланч Б.Энхтуяа "Атрын III аяны үед тариаланчдын нуруу, нүүрний арьс овоо тэнийх шиг болсон. Гэтэл одоо хар, тариаланчид хур өртэй. Асуудал ихтэй болсон. Мэдээж өртэй юм чинь банк зээл өгөхгүй. Тэгэхээр тариаланчид бүр өндийж чадахгүй болох нь ээ. Тариаланчид бол хамаг мөнгөө газарт булчихдаг эрсдэлтэй хөдөлмөр эрхэлдэг хүмүүс. Хөнгөлөлттэй зээл, импортын квотын асуудлыг нэг тийш болгож өгөөч" гэж онцолж байв.

 

Мөн Хэнтий аймгийн тариаланч Жадамбаа тариаланчдад нэн яаралтай зээл олговол намрын ургацын дараа нөхөн төлөх боломжтой гэж байлаа. Төв аймгийн агрономич З.Вангүрь "Салбарын яаманд нэг шөнө бидэнтэй хамт тариан талбайд хонож үзсэн, гутлаа шороо тоос болгож үзсэн хүн байна уу. Мэргэжлийн хүмүүс энэ яаманд дутагдаж байна. Ширээний ард сууж байгаад гаргасан бодлого амьдралаас хол тасархай байна. Банкаар дамжуулж зээл олгохыг бид дэмжихгүй" гэв. Сэлэнгэ аймгийн Түшиг сумын тариаланч Бадрах тариаланчдад олгох зээлийг бүтнээр нь олгох ёстой, дусал дуслаар өгөх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлсэн. 

 

Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Чинбат "Хэлэлцүүлэг цагаа олсон байна. 2015 онд улсын хэмжээнд нийт тариаланч иргэд, аж ахуйн нэгжүүд 400 орчим тэрбум төгрөгийн бодит хохирол амссан. Энэ бол улстөржилт, ажлаа мэддэггүй сайдуудын балаг. Сүүлийн дөрвөн жилд энэ салбарт гурван сайд солигдлоо. Газар тариалангийн салбар эмчилгээ авахааргүй, таяг тулаад ч босохооргүй болтлоо сульдлаа. Газар тариалангийн салбарын уналт нь тариаланчид бидний залхуугаас болоогүй, өнөөгийн төрийн дампуу байдлаас болсон. Тиймээс энэ байдлыг даван туулах 10 жилийн хугацаатай, аль ч намын үед хэрэгжих боломжтой нэгдсэн бодлоготой болъё" гээд Тариалан эрхлэгчдийг дэмжих санг тариаланчдын мэдэлд өгөх санал дэвшүүлсэн юм.

 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тариаланчдын эрх ашгийг хамгаалж, үүсээд буй асуудлыг шийдэхээ илэрхийлж, дөрөвдүгээр сарын 15-нд жагсахдаа тариаланчдын хөлс хүч шингэсэн техник хэрэгслээ шатаах хэрэггүй гэж зөвлөв. Мөн УИХ-ын гишүүн Н.Энхболд хөнгөлөлттэй зээл олгох, импортын буудайн квотыг хүчингүй болгох чиглэлээр МАН-ын бүлэг Засгийн газарт шаардлага тавьж шийдвэрлүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллана гэв. УИХ-ын гишүүн Су.Батболд тариаланчид төдийгүй улс оронд үр дүнгээ өгсөн Атрын III аян шиг дараагийн аяныг зохион байгуулах шаардлага ч бий болно гээд асуудлыг аль болох эв зүйгээр шийдвэрлэх ёстой гэлээ.

 

Ийнхүү тариаланчдаас гарсан санал хүсэлтийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж, тариаланчдын өмнө тулгамдаж байгаа дээрх асуудлыг шийдүүлэхийн төлөө хамтдаа ажиллахаа мэдэгдсэн юм.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler