| |
ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 28 СУРГУУЛЬ ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭНЭ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга 2017-2018 оны хичээлийн жилийн бэлтгэл болон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, хамрагдалтын талаар мэдээлэл өглөө. Түүний мэдээлснээр энэ жил ашиглалтад орох 13 цэцэрлэгийн барилга угсралтын ажил хуваарийн дагуу хийгдэж байна. Үүнээс 12 цэцэрлэг есдүгээр сарын 1-ээс өмнө ашиглалтад орно. Харин Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн ажил удаашралтай байгаа бөгөөд 10 дугаар сарын 1 гэхэд ашиглалтад орох аж.
Энэ онд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 10 сургууль ашиглалтад орохоос 5 сургууль есдүгээр сарын 1-нээс өмнө, үлдсэн 5 сургууль 10 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1-ний дотор ашиглалтад орох юм. Нийт 51 сургууль, цэцэрлэгт засварын ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх сарын 1-нээс өмнө дуусгахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 623 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгт хамрагдалт 72 хувь байсан бол 2017-2018 оны хичээлийн жилд нийт 672 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, хамран сургалт 77.6 хувьд хүрч, өнгөрсөн хичээлийн жилээс 5.6 хувиар өснө.
Ерөнхий боловсролын 241 сургуульд 249 мянга 593 хүүхэд суралцана
2017-2018 оны хичээлийн төрийн өмчийн 136, төрийн бус өмчийн 105, нийт 241 сургууль үйл ажиллагаа явуулж 1-р ангид 31 мянга 110 орчим суралцагч, бага ангид 139 мянга 226, дунд ангид 72 мянга 940, ахлах ангид 37 мянга 427, нийт 249 мянга 593 суралцагч хамрагдах урьдчилсан төлөвтэй байна. Энэ хичээлийн жилд 28 сургуулийн 10 мянга орчим сурагч 3 ээлжээр хичээллэх аж. Тодруулбал, 8 сургууль 3 ээлжээс гарч, 5 сургууль 3 ээлжид шилжсэн байна.
Цэцэрлэгийн цахим элсэлт 8 дугаар сарын 25-нд явагдана
Энэ жил цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар явуулж байна. Энэ нь эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхээр хонож өнжин дугаарладаг хүндрэлтэй байдлыг арилгах зорилготой юм. Цахим бүртгэл долдугаар сарын 25-наас найидугаар сарын 25 хүртэл явагдана. Харин бүртгүүлсэн хүүхдүүдээс санамсаргүй түүврийн аргаар элсүүлэх буюу цахим элсэлт наймдугаар сарын 25-нд явагдах юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хаягтай хүүхдүүдийн 50 орчим хувь нь бүртгүүлжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.