| |
С.Жавхлан М.Баясгалангийн оршуулгын ажилд оролцжээ
Хүний амьдралын эрээн бараан, жаргал зовлонг тоочиж барахгүй, гагцхүү жаргал зовлонг хуваалцаж чаддаг хүмүүн сэтгэл байдагт л хамаг амьдралын утга учир оршдог биз ээ. Элэг нэгт ӨвөрМонголын "Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан хүнд өвчний улмаас таалал төгссөн эмгэнэлтэй мэдээлэл байна. М.Баясгаланг өдгөөгийн УИХ-ын гишүүн С.Жавхлангийн эхлүүлсэн "Хамаг монгол” төсөлд оролцож байснаар нь сайн мэдэж таарна. Монгол сэтгэлтэй, монгол зүрхтэй уран бүтээлч тэнгэр хальсанд ах дүү монголчууд гашуудаад зогсохгүй, УИХ-ын гишүүн С.Жавхлан өөрийн биеэр очиж оршуулгынх нь ажилд оролцож, нэгэн цагийн хамтрагч, мөр зэрэгцэн монголчуудынхаа эв нэгдэл, удам ургийн төлөө гэсэн том зорилгын төлөө тэмцэж явсан эрхэм журмын нөхрөө сүүлчийнх нь замд үдсэн байна. УИХ-ын гишүүн С.Жавхлан дуучин М.Баясгалангийн өвчнийг илааршуулах зорилгоор хандивын тоглолт хүртэл зохион байгуулж байсныг уншигч та санаж байгаа байх. Дуучин М.Баясгалан нэгэнтээ
"Аяар аярхан салхинд нь хө
Арын хангай нутаг минь сэргэнэ дээ хө
Амраад буцах хорвоод нь ай хө зэ хө хөөрхий” хэмээн дуулж явсан дуучин маань ийнхүү өөрийнх нь дуун алдаснаар "амраад буцах хорвоод нь ай хө” амраад л буцлаа даа. Дашрамд дурдахад ах дүү уран бүтээлчдийн "Хамаг Монгол” төсөл бол монголчуудыг эвлэн нэгдэхэд уриалсан, хүчирхэг сэргэн мандахыг уриалсан энэ цагийн тусгал болж чадсан төсөл байсан билээ.