| |
Эрчим хүчний технологийн хувьсгал буюу “Лууны хайрс”
АНУ-ын "mPower Technology” компани маш нимгэн, уян хатан бөгөөд хөнгөн нарны зай бүтээжээ. "Dragon scale” буюу "Лууны хайрс” нэр авсан шинэ бүтээл хүн төрөлхтний эрчим хүчний үйлдвэрлэлд жинхэнэ хувьсгал өрнүүлнэ гэдэгт дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд ам нэг байна. Учир нь уламжлалт цахиуран нарны зайг өчүүхэн нугалахад л хугардаг бол цаас шиг нимгэн "Лууны хайрс”-аар гэрлийн шон, мод, машины дээвэр, тэр бүү хэл дроныг бүрж хямд төсөр эрчим хүч үйлдвэрлэх боломжтой ажээ.
"mPower Technology” компанийн захирал Мурат Окандан хэлэхдээ "Манай компанийн шинэ бүтээгдэхүүн хэт хатуу, уян хатан биш цахиуран нарны зайны эрин үед цэг тавих нь тодорхой. Тун удахгүй "Лууны хайрс” нарны зайгаар эрчим хүч үйлдвэрлэгч гол эх үүсвэр болно” гэжээ. "Лууны хайрс” цахиуран нарны зай үйлдвэрлэхээс хямд өртөгтэй аж. Тэгээд ч бусад төрлийн нарны зайнаас илүү найдвартайн дээр бүтээмж ихтэй юм байна.
"Лууны хайрс” түүнчлэн эрчим хүчний үйлдвэрлэлийг нүүрс, газрын тосны хамаарлаас улам бүр ангижруулан эдгээр түүхий эдийн үнийг эрс унагах төлөвтэй. Эрчим хүчний хүртээмжийг түгээмэл болгон үнийг нь эрс бууруулах шидэт "Лууны хайрс”-аа худалдаанд хэзээ, ямар үнээр гаргахаа "mPower Technology” хараахан мэдэгдээгүй байгаа юм.
Б.БАРС /ЗУУНЫ МЭДЭЭ/