| |
Дархан-Уул аймагт 10 МВТ-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барина
Монгол Улсад нарны эрчим хүчийг ашигласананхны цахилгаан станц барих ажил эхэллээ. 10 МВТ хүчин чадалтай нарны цахилгаан станцын төслийг "Солар Повер интернейшнл” ХХК, Японы "SHARP” компанитай хамтран хэрэгжүүлэх юм байна. Өнөөдөр хоёр тал цахилгаан станц барих гэрээнд гарын үсэг зурж, ажлаа албан ёсоор эхлүүллээ.
Станцыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нэгдүгээр багт барихаар барилга угсралтын ажил эхэлжээ. Барилга угсралтын ажилд Монголын гурван компани ажиллаж байгаа юм байна.
Хэрвээ Дархан-Уул аймгийн нутагт нарны цахилгаан станц амжилттай болбол Монголын бүх нутагт барих боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзжээ. Тиймээс тус нутгийг сонгосон байна. Барилга угсралтын ажлыг энэ онд багтааж дуусгахаар төлөвлөсөн. Төслийн санхүүжилт 17 орчим сая ам.доллар аж. Гэхдээ Японы компани, мөн тус улсын Байгаль орчны яамнаас санхүүжилтийг гаргаж байгаа гэлээ. Төслийн санхүүжилт 17 сая ам.доллар боловч станцыг барьсан тохиолдолд ашиглалтын зардал маш бага учир үр ашиг ихтэй хэмээн тайлбарлалаа. Станц улирал харгалзахгүйгээр нартай үед ажиллах юм. Мөн бүх үйл явц автомат горимоор ажиллах аж.
Монгол Улс эрчим хүчнийхээ 20.1 хувийг ОХУ-аас импортоор авдаг. Өмнө нь таван МВТ-ын хүчин чадалтай салхин станцыг барьснаас өөрөөр нар, салхины эрчим хүчээ ашиглах боломжгүй байсныг энэ үеэр албаныхан тодотголоо. Тиймээс энэ удаагийн нарны цахилгаан станцын төсөл амжилттай хэрэгжвэл хэд хэдэн давуу тал бий болох юм байна.
Арвин нөөц бүхий нарны эрчим хүчээ өөрсдөө ашиглах.
Жилд 14.5 сая квт цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ
Эхний ээлжид Дархан-Уул аймагт 20 мянган айлыг эрчим хүчээр хангана
ОХУ-аас авдаг 20.1 хувийн эрчим хүчний хэмжээг 19 хувьд хүргэж бууруулах.
Эрчим хүчийг экспортод гаргаж, валют болгох зэрэг олон боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
Дашрамд дуулгахад, "SHARP” компани нь Монголын Засгийн газартай 10 жилийн өмнөөс хамтран эрчим хүчний төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагатай юм байна.
Д.Од