| |
Монголд ирсэн Их Британийн уулчныг дээрэмдэж, амийг нь хөнөөжээ
Их Британийн уулчин, парапланы нисэгч 53 настай Стив Нэш өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт бусдын гарт амиа алджээ.
Тэрээр Хангай нуруунын оргилд гарахаар өөрийн хамтрагч, найз Гарет Астоны хамт өнгөрсөн сард Монгол Улсад ирсэн байна.
Стив Гарет нар 10 жилийн өмнө парапланаар нисэхээр Монголд ирж байсан ч цаг агаарын тохиромжгүй байдлаас шалтгаалж төд удалгүй нутаг буцаж байжээ. Харин энэ удаа хамтрагчид 10 жилийн өмнөх зорилгоо биелүүлэхээр илүү сайн бэлтгэж, цаг агаарын хувьд таатай байх нөхцөлийг харж наймдугаар сард ирээд байжээ. Тэд нийслэл Улаанбаатараас баруун тийш 400 километрийн зайтай, 3900 метрийн өндөр Хангай Нурууны оргилд гарах зорилготой байж.
Парапланы нисэгчид наймдугаар сарын 30-ны орой нутгийн хүмүүсийн гэрт хоноглож, маргааш өдөр нь аялалаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байсан ч Гаретийн хуучин шарх сэдэрсний улмаас аялалыг үргэлжлүүлэх боломжгүй болсноор өглөө нь Стив ганцаараа цааш явжээ.
Гэвч удалгүй Стивийг замынхаа талд буюу Завхан аймгийн Улиастай сумаас Архангай аймгийн Цэцэрлэг сум орох замд түүний хаана явааг заадаг траклог төхөөрөмж шинэчлэл хийхээ больж, нэг газраа маш удаан байх болсныг Их Британиас түүний найз Малколм Грэйс болон эхнэр Ширли нар нь харсан байна. Түүнээс нэг цаг орчмын дараа тэд Гаретаас Стивийг пасспорт болон мөнгөө дээрэмдүүлж, амиа алдсан тухай мэдээг хүлээж авсан байна.
Стив Нэшийг наймдугаар сарын 31-ний өдрийн 13 цагт бусдын гарт амиа алдсан хэмээн тогтоогоод байна. Уг хэргийг Монголын цагдаагийн газраас шалгаж байгаа хэмээн мэдэгдсэн бол Монгол Улс дахь Их Британийн Элчин сайдын яам "Бид Их Британийн үндэсний бэлгэ тэмдэг болсон тамирчны нас барсантай холбоотойгоор түүний гэр бүлд энэ хүнд цагийг даван гарахад нь дэмжлэг үзүүлж, туслахаар Монголын удирдлагуудтай холбоотой ажиллаж байна” гэжээ.
Стивийн харьяалагддаг Нова багийн гишүүн Тилл Готтбратт "Итгэмээргүй, аймшигтай мэдээ сонслоо. Бид хамгийн сайн найзаа алдлаа. Стив сайн нисэгч төдийгүй гайхалтай тамирчин байсан. Тэр хүнлэг энэрэнгүй, тусархаг, нээлттэй, өөдрөг зан чанартай, жинхэнэ Англи жентэлмэн хүн байлаа. Түүнийг мэддэг хүн бүр түүнийг ямар агуу хүн байсныг мэднэ” хэмээн ярьжээ.
Стив Нэшийн дурсгалд зориулж Их Британид Just Giving цахим хуудсаар дамжуулан "Wings for Life” аяныг эхлүүлжээ. Уг аянаар Стивийн нас барсанд гашуудан харамслаа илэрхийлэхийн хажуугаар энэ төрлийн спортоор хичээллэгч тамирчдын эрүүл мэндийн төлөө мөнгөн хандив цуглуулах болсон байна. Одоогийн байдлаар нийт 2700 орчим фунт стерлинг цуглараад байгаа бөгөөд хандивыг сээр нурууны бэртлийн тухай судалгаанд 100% зориулахаар болжээ.
Стив Нэшийн цогцосыг энэ долоо хоногт нутагт нь хүргэхээр болжээ.
Сонирхуулахад, дэлхий дээр параплан нисэгч 200 хүрэхгүй тамирчид байдаг аж. Тамирчид уулын оргил руу авирахын хажуугаар параплаанар дамжин хүрдэг, хамгийн аюултай спортын нэгд бичигддэг байна.
eagle.mn Т.Маралмаа