| |
Өсвөрийн хөлбөмбөгчид Унгарт суралцана
Монголын хөлбөмбөгийн холбоо өсвөр, идэрчүүдийн шилдэг тоглогчдоо Унгарын алдарт Бушкаш академид жилийн хугацаатайгаар, үнэ төлбөргүй суралцуулахаар болжээ.
Тус академид суралцах дөрвөн хүүхдийг тодруулах сонгон шалгаруулалт 15, 16, 17, 19 хүртэлх дөрвөн насны ангилалын дагуу өнгөрсөн сард явагдсан. Шалгаруулалтын дүн гарахад "Хараацай” багийн Б.Амгаланбат /U15/ дээд лигийн "Хоромхон”-ы гарааны тоглогч Г.Ганбаяр (U-16), "Улаанбаатар” клубын О.Хантэнгэр (U17), Нэгдүгээр лигийн "Бешикташ” багт тоглодог Д.Тэмүүлэн (19) нар ховорхон тохиох боломжийн эзэн болсон. Эдгээр тоглогч өөрсдийн насандаа шилдэгт тооцогддог төдийгүй бага залуу насандаа дээд лигийн тэмцээнд өрсөлдсөн авъяаслаг тамирчид юм.
Б.Амгаланбатын хувьд 2015 онд 14 хүртэлх насны шигшээ багт тоглосон төвийн хамгаалагч бол Г.Ганбаяр улсын аварга, лигийн тэмцээнд оролцож, олон медаль зүүж, шилдэг шагналыг хүртэж байсан. Түүнчлэн ердөө сүүлийн хоёр жилийн дотор хөлбөмбөгийн авъяасаараа олны анхааралд өртөн "Улаанбаатар” клубын бүрэлдэхүүнд багтаж чадсан О.Хантэнгэр 17 настануудаас мөн шалгарчээ.
Харин хамгийн том нас болох 19 хүртэлх насны хамгийн шилдэг нь "Бразил” хочит Д.Тэмүүлэн байлаа. Тэрбээр "Монголын Тэмүүлэл” клубын хамтаар олон арван тэмцээнд оролцож, медаль хүртэхийн зэрэгцээ өөрийн хувийн ур чадвараараа үеийнхэнээсээ ялгардаг.
MNB.MN