Тус тэмцээний 14-15 насны ангилалд БНХАУ, Монгол, ОХУ-ын охид, хөвгүүдийн 11 багийн 237 тамирчид ур чадвараа сорин өрсөлдөв. Анх удаа зохион байгуулж байгаа энэ тэмцээн Ордос хотын Үндэсний биеийн тамир спортын ордонд явагдлаа. Энэ тэмцээнд Г. Мөнхчулуун эзэнтэй, Вояслав Бразулич, Гарьдмагнай дасгалжуулагчтай, Б. Батмөнх ахлагчтай Монгол Улсын баг А хэсэгт багтсан юм.
Тэд нийт зургаан тоглолт хийж, 30 оноотой хэсгээ тэргүүлсэн бол В хэсэгт багтсан ОХУ-ын Буриадын БТ-ын тусгай сургалттай сургуулийн В.Н.Лобсанов дасгалжуулагчтай баг 25 оноогоор хэсэгтээ тэргүүн байр эзэлжээ.
"Дэрэн” багийн тамирчид нийт гурван тоглолт хийснээс Ченду багийг хэсэгтээ 3:0-ээр хагас шигшээд Ухань хотын багтай тоглож өрсөлдөгчөө 3:1-ийн харьцаатай хожсон юм. Харин ОХУ-ын "Сэлэнгэ” баг хагас шигшээ тоглолтонд Ченду багт хожигдсноор хүрэл медалийн эзэд боллоо. Тэмцээний эхнээс нэг ч хожигдолгүй тоглосон "Дэрэн” багийнхны тоглолтын ур чадварыг үзэгчид, хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид өндрөөр үнэлж, тэдний тоглолтыг үзэхээр Ордос хотын зэргэлдээх хотуудаас Өвөр монголчууд ирсэн юм.
Тэмцээний шигшээ тоглолт тун өрсөлдөөнтэй болж, Хятадын төв телевизийн сувгаар шууд дамжуулан үзэгчдийн хүртээл болгожээ. Энэ тоглолтонд "Дэрэн” багийнхан 3:3-ийн харьцаатай тоглолтын үндсэн цагт тэнцсэнээр "пенальти” /11 метрээс / гүйцэтгэв. Энэ удаад 2 бөмбөг алдаж Дэрэн клубын өсвөрийн хөлбөмбөгчид мөнгөн медаль хүртлээ.
Д.Өлзий montsame