| |
Чихэр шоколадаар хооллох нь үнэн хэрэгтээ хоол тэжээлийн дутагдалд оруулдаг
2010 онд хийгдсэн "Монголын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний IV судалгаагаар судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 4.7% нь тураалтай, 6.7% нь илүүдэл жин эсвэл таргалалтай байна.
Бага насны хүүхдийн дунд тохиолдож буй хоол тэжээлийн дутлын дийлэнх хувь нь тэдний зохисгүй хооллолтой холбоотой байдаг.
Ялангуяа сахарын замбараагүй хэрэглээ нь хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулж, тэдний эрүүл саруул өсөж бойжих нөхцлийг бууруулж, төрөл бүрийн халдварт өвчин, хоол боловсруулах замын эмгэг, цаашлаад таргалалт, чихрийн шижин, хавдар зэрэг архаг явцтай өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.
Бага насны хүүхэд хоол, хүнсийг сонгохдоо хэлбэр, хэмжээ, амт, өнгө үзэмжийг нь хардаг учраас тэд чихэрлэг амттанд ямар нэгэн хязгаар тавина гэсэн ойлголт байхгүй.
Амттангууд нь маш их сахартай учир хий хоосон илчлэг өгч хүүхдийг илүүдэл жин, таргалалтанд хүргэж, хоол тэжээлийн дуталд оруулдаг.
САХАР ТАНЫ ҮР ХҮҮХДЭД ДАРААХ СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ
1. Хүүхдүүд сахарыг ил болон далд байдлаар өдөр бүр хэрэглэдэг. Өдөрт авах сахарын нийт хэмжээ нь илчлэгийн 10%-аас хэтрээд байвал хүүхдүүд шим тэжээлийн дутагдал орно. Шим тэжээлийн дуталд орсноор хүүхдийн сэтгэн бодох үйл ажиллагаа муудах, өсөлт хоцрох, биеийн зөв харьцаа алдагдах зэрэг сөрөг үр дагавартай.
2. Сахарын илүүдэл хэрэглээ нь цусан дахь фруктозын хэмжээг ихэсгэдэг. Фруктоз нь элэгийг хэт их ачааллуулж, үйл ажиллагааны алдагдалд оруулдаг. Хэт их ачааллаж, үйл ажиллагааны алдагдалд орсон элэг өөхөлж эхэлдэг ба энэ нь элэг хатуурлын эхлэл юм.
3. Бидний идэж буй хоол хүнсний зүйлс бие махбодид ороод нүүрс ус, өөх тос, уургийн гэсэн гурван төрлийн солилцоо явуулдаг. Сахарын хэрэглээ их байх нь нүүрс усны солилцоог алдагдуулж, чихрийн шижингээр өвчлөх эрсдлийг бий болгодог. Хүний биед үүссэн нүүрс ус буюу глюкозыг нойр булчирхайнаас ялгарах инсулин тээвэрлэн захын эд эрхтэн, булчинд хүргэх ёстой. Гэтэл ингэж чадахгүйгээс булчин тэжээлээр дутагдан, захын эрхтнүүд гэмтэн, мэдээгүй болох зэрэг хүндрэл гардаг.
4. Сахарын илүүдэл хэрэглээ нь бодисын солилцооны алдагдалд оруулснаар ирээдүйд хавдараар өвдөх эрдлийг нэмэгдүүлдэг.
5. Сахар нь бие махбодид дасал үүсгэдэг тул сахарын хэрэглээг хянахад хүндрэлтэй болдог байна.