|
Видео

Шинэ мэдээ

Тамирчдыг шүүмжлэх эрх хэнд ч байх ёсгүй

Хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр цэнгэл болох зуны олимпийн 31 дүгээр наадам Бразилын Рио хотноо үргэлжилж байна. Манай улс энэ удаагийн Олимпийн наадамд 43 тамирчны илгээсэн нь түүхэн амжилт болоод байгаа юм. Гэхдээ олон тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон ч одоогийн байдлаар манайхны авсан медаль Бээжин, Лондонгийн олимпоос авсны тоонд арай л хүрээгүй байна. Гэхдээ найдлага дуусаагүй байгаа.

Бид одоо чөлөөтийн тамирчдынхаа дээлийн захыг мушгина. Хэдийгээр Олимпийн наадам дуусах болоогүй байгаа ч иргэд тамирчдаа муу муухайгаар нь дуудаж, улс төртэй хутгаж, элдвээр муулах байдал багагүй газар авч байна. Тэр дундаа жүдогийнхныг тултал хэмлэсэн. Боксын тамирчдыг ч гэсэн "хөдөлж чадахгүй, үлбэгэр, сулбагар” энэ тэрээс авахуулаад хэчнээн муулж байгаа билээ.

Нэг талаар цахим ертөнц хөгжиж, хүн бүр дураараа чалчих эрхтэй байгаагийн хар гай. Гэхдээ амнаас гарч байгаа авиа, бичиж байгаа зүйлээс мэддэг байх хэрэгтэй шүү дээ. Бээжингийн олимпийн наадмаас манай тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн. Түүхэн амжилт байсан нь үнэн. Лондонгоос бүр таван медаль авсан. Жүдочид хоёрыг, боксынхон бас хоёр медаль авсан. Тэгээд чөлөөтөөс С.Батцэцэг нүүр тахалсан.

Энэ удаад жүдо, бокс тус бүр нэг медаль авлаа. Одоо чөлөөтийнхөн хэдэн ч медаль авч магадгүй шүү дээ. Юм дуусаагүй байна. Манай тамирчид өмнөх амжилтаа давтаж, илүү гарч ч магадгүй. Гэхдээ хамгийн гол нь тамирчид маань медаль авч чадсан ч бай, чадаагүй ч бай муу хэлэх эрх хэнд ч байх ёсгүй. Бид ер нь хэзээ Олимпийн медаль, байр голдог болчихсон юм. Тэгж ярьвал Олимпийн наадамд оролцоно гэдэг өөрөө том амжилт шүү. Жүдочид анх удаа бараг л бүтэн багаараа оролцлоо. Энэ амжилт биш үү. Хуучин ганц хүнд найддаг, тэр нь мултарвал тэгсхийгээд өнгөрдөг байсан.

Гэтэл одоо жин болгонд барилдаж байгаа бөхөөсөө медаль хүлээдэг болсон. Энэ амжилт биш гэж үү. Мэдээж медаль авбал сайхан. Боксчид гэхэд энэ удаад зургуулаа очлоо. Нэг хүн хүрэл авлаа. Шүүлт жаахан аятайхан байсан бол 2-3 медаль зулгаах боломж байж л байсан. Гэхдээ л болж өгсөнгүй. Тийм болохоор бүгд ялагдахад нь сэтгэлийн дэм хайрлаад, ялахад нь нийтээрээ бахархаад л явах ёстой. "Тамирчны ялалт хямдхан олдоогүй” гэж нэг сайхан дуу байгаа даа.

Тамирчны ялалт үнэхээр их үнэ цэнээр олддог юм. Олимпийн наадамд оролцохын төлөө дөрвөн жил хэчнээн литр хөлс урсгаж, цадталаа идэж ч чадахгүй зүтгэж байгаа тэдний хөдөлмөрийг өөрсдөөс нь өөр хэн ойлгох юм бэ. Бөмбөрцгийн томчуудтай барилдаж, тулалдах нь битгий хэл их спортоор ганц ч өдөр хичээллэж, хүний тэсч чадах хязгаарт тулж  үзээгүй нөхдүүд бол дуугаа татаад л сууж байсан нь дээр. Ухаалаг утас ухаад, ухаангүй үгс бичээд сууж байхаасаа ичих хэрэгтэй.  Олимпийн наадамд очоод эхний тойрогтоо ялагдсан байсан ч тэр тамирчинг шүүмжлэх, элдвээр хэлэх хэрэггүй.

Тэртэй тэргүй ялагдах гэж очоогүй. Ялагдвал нулимсаа барж, дотроосоо нурж байгаа хүмүүс. Д.Отгондалай гэхэд ард түмнийхээ итгэлийг алдлаа гээд л уйлж байсан. Ялагдлын зовлонг тэднээс өөр хэн илүү мэдрэх юм бэ. Тийм байхад нь харин ч сэтгэлээр өргөөд, дэмжээд, улам их эрч хүчтэйгээр эргэж ирэхэд нь туслах хэрэгтэй биз дээ.

Спорт гэдэг ялалт, ялагдал ээлжилдэг хорвоо. Цуут аваргууд ч уйлж суудаг өдөр байдаг л юм. Хэний ч таамаглаагүй тамирчин аваргуудыг ялж түрүүлж л байдаг. Нэг удаа ялагдлаа гээд тэмцээн дуусчихгүй. Элдвээр хэлсэн хэлээгүй тамирчид маань алдаан дээрээсээ суралцаад, илүү сайжрахын төлөө л тэмцэнэ. Түүнээс биш нэг ялагдлаа гээд буугаад өгчихдөггүй юм. Жаахан ухаантай байцгаая та минь ээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler