| |
Баян-Өлгийд орон гэргүй болсон хүмүүсийн тоо 1250-д хүрчээ
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутагт энэ сарын 10-ны өдөр 17:00-17:30 цагийн хооронд хүчтэй аадар бороо, мөндөр үргэлжлэн орсны улмаас гамшгийн хэмжээнд хүрч, олон арван айл өрх орон гэргүй болоод байна.
Тодруулбал, үерийн улмаас дөрвөн настай хүү амиа алдаж, Өлгий сумын таван багийн нутаг дэвсгэрт орших 160 гаруй айл үерт автаж, 105 байшин нурсан гэх мэдээлэл байв.
Тэгвэл энэ тоо өсч, орон гэргүй болсон айл өрхийн тоо нэмэгджээ. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ц.Баттулгын өгч буй мэдээллээр айлын хашаа, байшин нурах тохиолдол нэмэгдсээр 110 гарсан бол орон гэргүй болсон хүмүүсийн тоо 1250-д хүрсэн байна.
Түүнчлэн бага насны хүүхдүүд болон ахмадууд эмнэлгийн анхан шатны тусламж авч эхэлжээ. Гэхдээ одоогоор хүний амь нас хохирсон тохиолдол нэмэгдээгүй, мал амьтны хохирол гараагүй байгаа аж.
Одоо Өлгий сумын хэмжээнд халдваргүйжилтын ажил хийгдэж, Засгийн газраас илгээсэн тусламжийн цувааг хүлээж авах үргэлжилж байгаа юм байна.
Тус суманд Улсын Онцгой Комиссоос шинээр 70 гэр, 700 гаруй хүний 10 хоногийн хүнс, нэмэлтээр ариутгалын бодис зэргийг хүргээд байгаа билээ.