| |
Хүүхдийн аминд хүрсэн нохойны эзэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ
Дөрвөн настай хүү нохойд уруулсаны улмаас шархаа даалгүй амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн лхагва гарагт гарсан билээ. Тодруулбал нохойд хазуулсан хүү тус өдрөө Яаралтай түргэн тусламжийн тэргээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэн очиж хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр нас барсан байна. Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа хийж эхэлсэн байна. Талийгаач хүү Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны Цээлийн задгай гэх газар амьдардаг байсан бөгөөд хашааныхаа гадна ганцаараа тоглож байхад нь хажуугийнх нь айлын дундад ази үүлдрийн нохой хүзүү, мөр, гэдэснийх нь зүүн хэсэг, гуяыг нь хазаж, ноцтой гэмтэл учруулжээ.
Түргэн тусламжийнхныг очиход хүүгийн биеийн байдал маш хүнд байсан бөгөөд шуурхай арга хэмжээ авсан байна. Тухайн нохой нь мөн л тус хороонд суух иргэн 44 настай Э-ийнх байсан бөгөөд тухайн өдөр иргэн Э гэртээ байгаагүй, нохой нь уяагүй, сул чөлөөтэй байжээ. Улмаар хашаанд хунгарласан цас дамжин хашаан дээгүүрээ давж үсрэн, харгалзах хүнгүй ганцаараа тоглож байсан хүүг хазсан байна Тиймээс тухайн нохойны эзэн Э нь эрүүгийн хариуцлага хүлээхээр болж буйг цагдаагийн эх сурвалж хэлж байна. Тодруулбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201-р зүйлд орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгавал хариуцлага хүлээлгэх заалт бий. 201.1.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Мөн 201.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
О.Сайхан