| |
Д.Мөнхцэцэг: Хөлийн минь булчинг бараг тасдсан
Нохой хүн уржээ, нохойд бариулжээ гэж л сонсож байснаас нохойд идүүлж, амиа алджээ гэх сэтгэл сэрдхийлгэм зүйл сонссон удаагүй. Харамсалтай нь нийслэлд ийм таагүй хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 16-нд Чингэлтэй дүүргийн 7-р хороонд оршин суух эмэгтэй Б гэгч нохойд хазуулсан байдалтай нас барсан байжээ. Биеийнх нь зөөлөн эдийн ихэнх хэсгийг бүрэн зулгаасан байсан талаар эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. Энэ хэргийг одоо Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл бидэнд олдсонгүй. Ямартаа ч талийгаачийг үнэхээр нохой "идсэн үү” гэдгийг Шүүх шинжилгээгээр тогтоох аж.
Эх сурвалж мэдээлэхдээ, золбин нохойд идүүлсэн байсан гэв. Гэтэл үүнтэй зэрэгцэн 47 настай бас нэгэн эмэгтэй нэгэн үйлчилгээний газрын тэжээвэр нохойд бариулж, баруун хөл нь харахаас нүд халтирам болсон талаар мэдээлэл бидэнд ирсэн юм. Би нохойд хазуулсан иргэн Д.Мөнхцэцэгтэй уулзаж ярилцлаа.
-ШАРХ НЬ АНИАГҮЙ, ОНГОРХОЙ ЧИГЭЭРЭЭ БАЙНА-
-Тэр өдөр яг юу болсон талаар тодорхой ярихгүй юу?
-Энэ сарын 09-нд ажлаа тарж яваад хоёр найзтайгаа Сонгинохайрхан дүүргийн 27-р хороонд байрлах "Сайхан” паб, караокед орсон юм. Байнга баар, паб хэсээд яваад байдаг хүн биш л дээ. Хааяа нэг найзуудаараа тийшээ орж үйлчлүүлдэг байсан. Ороод бие засах гэтэл ноль нь ажиллахгүй, бөглөрөөтэй байгаа, цаад хаалгаараа гараад хашаанд байгаа модон жорлонд бие засчих гэсэн. Ингээд бие засах гээд гартал хоёр нохой зэрэг дайраад, баруун хөлийн минь булчинг бараг тасдсан даа. Зууж тавиад зууж тавиад байсан. Бас баруун гарын тохойноос хазсан, хоёр шүдний ором нь эдгэж байх шиг байна. Зүүн талын бүдүүн гуянд бас дөрвөн шүд орсон, хоёр оёо тавьсан.
-Хэн нэгнээс тусламж эрсэн үү?
-Нохойгоо аваач, намайг барьчихлаа гэж хашгирсан ч хэн ч гарч ирээгүй. Тухайн үед тэр паб дотор нэг жаахан охин зөөгч хийж байсан. Уг нь намайг ноль руу орохоор хашаа руу нь гарсныг мэдэж байсан. Ингээд би хоёр нохойноос өөрөө мултарч, паб руу эргэж орсон. Тэгээд түргэн тусламж дуудаад ухаан алдсан. Нэг сэрэхэд шалаар нэлийсэн цус болчихсон байсан. Түргэний эмч нар ирээд 40 гаруй оёдол тавиад, яаралтай гэмтлийн эмнэлэг рүү авч явсан.
-Цагдаад өргөдөл гомдол гаргасан уу?
-Ямар ч байсан шүүх эмнэлгийнхэн үзээд явсан. Цагдаагийн газар өргөдөл бичээд өгчихсөн байгаа ч одоогоор надтай ирж уулзаагүй байна.
-Тухайн үед харанхуй болчихсон байсан уу?
-18:00 цагийн үе, ер нь бүрэнхий болж байсан. Тэнд хоёрын хоёр сул нохой байсныг мэдсэн бол би юу гэж тийшээ орох вэ дээ. Үйлчилгээний газар байж дотор нойл нь ажиллахгүй. Тэгээд гаднаа хоёрын хоёр нохойгоо сул тавьчихаад, тэр хашаа руу намайг оруулсанд нь гайхаж байна. Үнэхээр хариуцлагын асуудал биз дээ. Баруун хөлөө юу ч үгүй хазуулаад өнгөрлөө. Амиа алдсан бол яах байсан юм бол.
-Шарх нь эдгэж байгаа юу?
-Эмч нь өнөөдөр эмнэлгээс гарвал гар гэсэн ч ерөөсөө гишгэж явж чадахгүй байгаа. Сая боолтоо солиулахад шарх нь ерөөсөө аниагүй, онгорхой чигээрээ л байна. Байнга янгинаж өвдөх юм. Үхжилт явагдсан хэсэг арьсыг нь хайчилж аваад сая дахиад боолт хийлээ. Нохойнд хазуулсан шарх их бохир байдаг юм гэсэн. Эмнэлгийн эмч сувилагч нар шархыг маань сайн цэвэрлэж байна.
-Баарны эзэн тантай уулзсан уу?
-Настайхан эмэгтэй хүн байсан. Нохойд нь бариулсны орой эмнэлэг дээр хүүтэйгээ ирээд наад бүх төлбөрийг чинь би даана, төлчихнө гэж хашгичиж байгаад л явсан. Тухайн үед манай найз хүүхэн цагдаад мэдэгдчихсэн, цагдаа нар учрыг нь олох биз гэсэн чинь "Хэн та нарыг цагдаа дууд гэсэн юм. Яах гэж цагдаа дуудсан юм” гээд тэр залуу нь бараг барьж зодох нь холгүй юм байсан. Дахиад нэг ирж уулзахад нь би "Монгол хүмүүс байна даа. Учир нь олдох биз. Та ямар ч гэсэн нохойныхоо үснээс авчраад өгөөч. Нохойны үсээр дом хийчих юм бол шарх нь аньдаг гэнэ” гэж гуйсан. Гэтэл эмнэлэгт хэвтээд 10 гаруй хонож байхад авчирч өгсөнгүй. Эмчтэй чинь уулзахад чамайг эрчимт эмчилгээгээр маш сайн эмчилж байгаа гэсэн гээд энэ эмнэлэгт байдаггүй нэг эмчийн нэр хэлээд яваад байсан. Манай нөхөр өнгөрсөн нэгдүгээр сард даралт харваад, 80 хувийн харвалттай гуравдугаар эмнэлэгт хэвтэж байгаад гарсан. Нөхрийгөө хэдэн сар сахиж байгаад ажилдаа ороод удаагүй байсан юм. Ар гэрийн амьдрал хэцүү л байна. Хурдан хөлөө эдгээмээр байна.
-НОХОЙНООС БОЛГООМЖЛОХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА-
Иргэн Д.Мөнхцэцэг нохойд нь уруулсан гэх "Сайхан” пабыг зорьсон юм. Биднийг очиход тоосгон хашаатай, түүн дотор хүн барьсан ноход нь уяатай байхтай таарав. Хашааны хаалгыг нь цохивол өнөөх ноход боргож, гинжээ тасдах нь уу гэмээр догшин авирлаж байлаа.
Пабад орвол зөөгч бололтой нэг залуугаас өөр хүн алга. Эзэнтэй нь уулзахыг хүсэхэд "Одоогоор эзэнгүй байна. Эмнэлгээр яваад байгаа сурагтай байсан. Би саяхан ажилд орсон. Намайг ажилд орохоос өмнө ийм хэрэг болсон юм билээ” гэв. Дотор нь байрлах "соёлтой” нойлын өрөөний яг хажууд уг хашаа руу гарах хаалга байв. Хаалган дээр нь саяхан бичиж хадсан болов уу гэмээр "Гадны хүн орохыг хориглоно. Нохойтой!!!” гэх бичиг байв. "Ниргэсэн хойно хашгирав” гэгч болж, одоо л нохойноос сэрэмжлүүлж буй нь энэ бололтой. Өнөөх хүн "барьж идэх” шахсан айхтар нохойнуудаа шив шинэхэн, өнгө нь гялтганасан төмөр гинжээр гинжилсэн байхыг бодоход мөн л саяхан анхааралдаа авсаныг нь илтгэнэ.
-НОХОЙГОО АНЗААРЧ БАЙХГҮЙ БОЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ-
Нохой хүн хазсан хэрэгт Эрүүгийн хуулийн зүйл ангиар хэрэг үүсгэж шийтгэдэг гэдгийг албаныхан анхааруулдаг ч иргэд үүнийг төдийлөн ойшоож үздэггүйгээс, гэрийн тэжээмэл нохойгоо уядаггүй, сул орхидгоос дээрх мэт золгүй явдал гарсаар байна.
Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйл ангид "Орчин тойрондоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүйгээр байлгасны улмаас хүний бие махбодид хөнгөн буюу хүндэвтэр гэмтэл учруулсан бол уг нохойн эзнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох буюу гурван сар хүртэлх хугацаар баривчлах ялаар шийтгэнэ” гэж заажээ. Харин Эрүүгийн хуулийн 201.2-т "Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учруулсан бол тухайн амьтны эзнийг 3-6 сар хүртэлх хугацаагаар баривчлах, эсвэл таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байна.
Б.ЦЭЛМЭГ