| |
“Женко” компаний оруулж ирсэн БНАСАУ-ын 10 иргэнг “Ар баян шанд” компаний захирал хууль бусаар хорьсон хэрэг гарчээ
Монгол улсад Хойд Солонгосын ажилчид барилгын салбарт ажилладаг. Гэтэл ажлаасаа зугтсан шалтгаанаар 10 барилгачинг "Ар баян шанд” компаний захирал С.Д нь хорьсон, цагдаа нар очиж чөлөөлсөн, БНАСАУ-ын ЭСЯ эсэргүүцлийн нот бичиг гаргасан гээд адал явдалд кинонд гардаг шиг юм болжээ. Дээрхи иргэд нь манай компаний нэрээр орж ирсэн, "И Си Си” компаний барилга дээр хоёр ажилласан хэмээн захирал хатагтай баталж.
Гэтэл өнгөрсөн оны Цагаан сарын баярын дараа гэнэт ажлаа хаяад алга болсон гэнэ. Хайгаад явахад өөр газар бага ханшаар ажил хийж байгаа сураг гарчээ. Ингээд ИХШХЕГ-д хүсэлт тавьж солонгосчуудаа олж авч. Үүнээс цаашхи нь кинон дээр гардаг юм болжээ. "Ар баян шанд”-ын захирал эмэгтэй болохоор машинд чихээгүй микронд "боломжоор нь” суулгаад "Хурд” компаний "Хүннү” хорооллын барилга дээр авчирч чингэлэгт нэг нэгээр нь эелдэгээр оруулсан гэжээ. Оройн 11 цаг хүртэл тэндээ байлгаад дараа нь Баянхошуунд байрлах өөрийн компаний аж ахуйн хашаанд аваачиж. Тэнд гэрт оруулаад тени ус буцалгагч тавьж өгөөд бэлэн хоол авч өгсөн гэнэ.
Мөн хүссэн үед нь бие засуулж байжээ. Харин хойдын нөхдүүд өөр зүйл ярьж. Рёнг Юннам нь мэдүүлэхдээ "Иргэний харьяалалын газар биднийг С.Д захиралд өдрийн 14-15 цагийн үед хүлээлгэж өгсөн, машинд суулгаж авч яваад "Хурд” компанийн барилгын талбай дээр авчирсан, тэр үед захиралтай нийлээд 5 хүн биднийг контейнер руу хүчээр оруулж, ажлаа хийцгээе гэж тулгасан, С.Д захирал тооцооны бичиг баримт гартаа барьж сэгсэрч байгаад зарим хүмүүсийг цохиж Пю Кван Чол гэдэг хүний хувцасыг нь урж, ажлаа хий гэхэд нь бид чадахгүй, цалин өгөхөөс нааш ажиллахгүй гэсэн, тэгэхэд орчуулагч нь цаас барьж орж ирээд биднийг "И Си СИ” д ажилласан хөлсөө авахгүй, нутаг буцна гэж бичээд гарын үсгээ зур гэж хэлсэн шахсан, гар утаснуудаа өг гэхэд нь би гар утсаа өгөхгүй гэсэн, 21 цагийн үед орчуулагч нь дулаан байр руу явцгаая гэхэд бид явахгүй гэж хэлсэн,гэрт оруулаад гаднаас түгжсэн, хашаанд нь 2-3 нохой байсан” гэжээ. Пак Кион Гил нь намайг 2 удаа шанаадаж, гэдэс рүү 3 удаа цохисон гэж гомдол гаргаж.
Ма Кён Пил нь би эрэгтэй хүн байхад бие засах газар руу явахад 5 эмэгтэй хүн захирал нь хүртэл дагаж явж байсан гэжээ. Ким Кван Хиок нь гэр дотор маш хүйтэн, бидэнд хоол гэж хүн с бүрт нэг ширхэг бэлэн хоол өгөөд гаднаас цоожлоод яваад өгсөн, том биетэй 2 хүнээр мануулаад бие засахдаа хэрэглээрэй гээд төмөр хувин шидэж өгсөн гэжээ. Өнөөх "Женко” гэдэг нь БНАСАУ-ын төрийн мэдлийн компани агаад 2004 оноос Монголд ажиллаж байгаа гэнэ.
Энэ компанитай "Ар баян шанд” нь гэрээ байгуулж 15 ажилчин аваад 2013 оны намраас Буянт Ухаа цогцолборын барилга дээр ажиллаж байгаа гэнэ. "Женко” нь монгол захирал хатагтайг манай ажилчдын 45 сая төгрөгийн цалинг өгөөгүй хэмээн буруутгажээ. Цаад компани нь бүх цалинг мөнгийг "Ар баян шанд”-д шилжүүлсэн гэсэн бол цалинг нь өгөөгүй тал бий гэдгийг захирал хатагтай ч хүлээж. "Женко” компаний менежер Хванг Илхан нь С.Д захирал сүүлдээ "Хөх монгол” хөдөлөөний таван залууг дагуулж ирж тэд заналхийлсэн гэж мэдүүлжээ. Хоригдсон хойдын барилгачид яаж ийгээд холбоо барьж "Женко” компанидаа мэдэгдэж үүрээр цагдаа ирж гэрийн цоожийг нь эвдэж чөлөөлжээ.
Маргааш нь БНАСАУ-ын ЭСЯ манай ГХЯ-д эсргүүцэл илэрхийлэн бөөн хэрэг дэгдсэн гэнэ. "Ар баян шанд” компаний захирлыг хоёр буюу түүнээс олон хүнийг хууль бусаар хорьсон гээд нэг жил тэнсэн харгалзжээ.
Эх сурвалж: Nuuts.mn