|
Видео

Шинэ мэдээ

Заамарт “нинжа” нар эрдэнэт хүний амь насыг хохироох шахжээ

Олз хайж "шар юм”-нд дурлагсад Төв аймгийн Заамар суманд өвгөдөө нутаглуулсан газрыг өл­мийнөөс нь хөндөөд байна гэдэг гомдлыг уугуул ир­гэд нь өнгөрсөн намар тавьж байлаа. Харин одоо нөхцөл байдал яаж өөрч­лөгдсөнийг газар дээр нь очиж үзэхээр дахин тийш зорив. Гэтэл нөхцөл бай­дал бүр дорджээ. Гур­ван сарын өмнөхөн нут­гийн иргэд мэнд устай, яриа хөөрөөтэй угтаж, санаа бодлоо чөлөөтэй хуваал­цаж байлаа. Тухайлбал, Хайлаастай багийн иргэн Б.Могнон гуай гэхэд "Энэ Улаан энгэрийн чулуунаас ч, шорооноос ч алт гарч ирдэг. Тиймээс энд бүх аймгийн хүн ирсэн. Улаанбаатараас бөх­чүүд голдуу хүн ирж дарга цэрэггүй ухсан даа. Эндээс алт аваагүй хүн байхгүй. Гэтэл Заамарын унаган иргэд эндээс хувь хүртээд, юм аваад байгаа нь ховор. Дандаа гадны улс ирж ухдаг. Би Баян-Өлгийгөөс хүн ирлээ л гэж сонсоогүй. Бусад аймгаас бүгдээрэнгээс нь ирсэн. Даанч алтыг нь аваад авдарыг нь хаях нь муухай юм. Ядаж л ухсан нүхээ дарж булахгүй орхидог. Түүнд нь мал унаад үхчихнэ. Алга болсон үхрээ хайж олоод гаргатал зөрөөд айлын үхэр уначих жишээний. Ингэхээр малчдад хүнд тусах юм. Эцэст нь энэ нутагт төрж өссөн юм болохоороо "Заамархаан” компанийн захирал Б.Мөнхбат л хоёр удаа нүхийг нь дарж, нөхөн сэргээлт хийж, мал амьтан унаж үхэхээргүй болгосон доо. Харин "нинжа” нартай хариуцлага тооцох боломжгүй. Нутгийн иргэд л хохирч үлддэг” хэмээн ярьж байлаа. Ганц Б.Могнон гуай ч биш энэ нутгийнхан хөгшин хөвөө, хүүхэд залуус гэлгүй Тосон Заамараа тоост хөндий болсонд халаглаж байсан юм. Бүр "нинжа” нарын ухсан нүхийг "Энэ "түлэнхий” Сүхээгийн нүх”, "Тэрийг Алтанцэцэг ухуулсан”, "Энэ нь Мартын нүх” хэмээн бүр нарийн мэдээлэл өгч байлаа.

Харин одоо тэд нэг л өөр болжээ. Айдас хүйдэстэй, дуу цөөтэй угтав. Зам зуурын хэдэн айлаар орж үзэхэд "Хүүхдүүд минь ээ, сүүлийн үед "нинжа” нар нэмэгдэж байна. Сар шинэ дөхөөд ирэхээр гадна, дотны "нинжа” нар энд цугларч, бидэнд байтугай харуул хамгаалалтын хү­мүүст дийлдэхээ байлаа. Хөл хөдөлгөөн улам ихэсч, мал маллахад хэ­цүү байна. Бүр нөхөн сэр­гээсэн талбайд хүртэл "нинжа” нар нүх ухаад байх юм. Бид үүнийг манай сум, орон нутгийн удир­дах албаны хүмүүсийн хариуцлагагүйтэй холбоо­той гэж бодож байна. Хэдэн төгрөг авчихаад хууль бус шийдвэр гаргадаг бололтой” гээд араас нь "Миний нэрийг сонин дээр битгий би­чээрэй” гэж гуйгаад "нинжа” нарын ухсан нүхийг алсаас зааж өгөх юм. Өмнө нь ирэхэд "нинжа” нарын гарт сүйд­сэн газарт дагуулж очиж бай­сан нутгийн иргэд яагаад иймэрхүү маягтай уг­таж байгааг эхэндээ гайхлаа.

Гэтэл өнгөрсөн сарын 24-25-нд шилжих шөнө "нинжа” нар буюу гар аргаар алт олборлогчид албан үүргээ гүйцэтгэж байсан хамгаалалтын албаны дөрвөн хүн рүү халдлага үйлджээ. Заамар сумын Төмстэй багийн Цагаанчулуут, Улаан энгэр, Өлийн даваа, Борбулан гэсэн чиглэлийг 2010 оноос хойш харж хамгаалж буй "Заамархаан” компанийн дөрвөн ажилтан энэхүү халдлагад өртсөн юм байна.

Шөнө 23:35 цагийн үед харуулын байрандаа нүдний хор гаргах маягтай сууж байтал хувийн жижиг тэргээр дөрвөн хүн ирээд машинаа тусгай хамгаалалттай газар руу оруулж шороо ачна гэж зүтгэжээ. Харуулын албаныхан "Энэ тусгай хамгаалалттай газар. Машин оруулахгүй” гэхэд гэрээс "нинжа” нар нэмэгдэж найман хүн болоод өөрсдийн алт хайж, шороо ухдаг багажаар зэвсэглэж, бүлэглэн зоджээ. Эхлээд чулуу шидэж, дараа нь өөрсдийнхөө шороо ухдаг 40-50 см орчим урттай хоёр талыг нь үзүүрлэсэн илжгэн чих гэж нэрлэдэг багажаар хамгаалагч нарыг цохиж унагаасан байна. Энэ багажийг машины нум төмөрөөр хийдэг юм билээ. Гэтэл ийм багажаараа хүний толгой руу цохиж, гуя руу нь сүлбэжээ. Төмрөөр цохиулсан хүмүүс ухаан алдаж, ар араасаа давхралдан унасан байна.

"Заамархаан” компа­нийн хамгаалалтын ажил­тан Д.Одсүрэн "Тухайн үед дөрвөн хүн албан үүргээ гүйцэтгэж байсан. Гурав нь хүнд, нэг нь хөн­гөн гэмтэж, шүүх цаг­даад хандаад байна. Шинэ жилээс хойш гар аргаар алт олборлогчдын тоо илт өссөн. Цагаан сар дөхөх тусам хүмүүсийн уур бухимдал дээд цэгтээ хүр­сэн нь анзаарагдаж байна. Үүнийг нэг талаар эдийн засгийн хүндрэлтэй хол­боотой гэж ойлгож болох ч хүнийг ийм айхтар төм­рөөр цохих нь байж болшгүй зүйл” гэдгийг хэлж байв.

Сүүлийн үед алт хаасан газар газрын "нинжа” нар энд цугларах болжээ. Ноён уулыг тусгай хамгаалалтад авснаас хойш Заамарт ирэх "нинжа” нар нэмэгдэж байгаа гэж нутгийн иргэд ч ярьж байв. Тэд үүнийг Заамар сумын Засаг дарга болоод байгаль орчны байцаагчийн гаргасан буруу шийдвэрээс үүдэлтэй гэж үздэг юм билээ.

"Заамархаан” ком­панийн харуул хамгаалал­тын албаны дарга Л.Мөнхбаатар "Энэхүү төрийг төлөөлсөн хүмүү­сийн буруу шийдвэр, үл ойлголцлоос болж албан үүр­гээ гүйцэтгэхэд ч хэцүү байна. "Нинжа” нар гэрээ харуулын байрны дэргэд авчраад барьчихсан. Шаардлага тавихаар өөдөөс худал тайлбар тавьдаг, бүр халдлага үйлддэг боллоо. Албан үүргээ гүйцэтгэж байсан хамгаалагч нарыг оскавдаж, илжгэн чих гэдэг машины нумаар ирлэж хийдэг хөлдүү газар малтдаг зэвсгээрээ тархи руу цохиж гэмтээсэн. Үүнээс өмнө зохион байгуулалттайгаар хоёр ч удаа 2-3 машинтай ирж харуул хамгаалалтынхныг хөөж тууж байсан юм. Гурав дах нь энэ халдлага. Халдлага үйлдсэнээсээ хойш "нинжа” нар өдөр, шөнийн хоёр ээлжээр алт ухдаг болсон. Үүнээс өмнө шөнийн цагаар л энд тэнд, зр нь хаа дуртай газраа дур мэдэн ухдаг байлаа. Харин одоо айж ичихээ ч байж, бүр цагаандаа гарчээ. Тэд одоо Улаан энгэрт буюу харуулын байртай хамгаалалтын бүсэд хүртэл гэгээн цагаан өдрөөр улаан цайм дайрч ухаж байна” гэсэн юм.

"Нинжа” нар он гарс­наас хойш Өлийн да­ваанд нийтдээ 80 орчим нүх ухжээ. Үүнээс Улаан энгэрийн тусгай хамгаалалттай талбайд 10 орчим нүх ухсан гэдэг бүртгэл хамгаалагч нарт бий гэнэ. Тэд энэ талаар Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, Байгаль орчны байцаагч, цагдаад мэдэгдсэн ч нэг нь ч ирэхгүй байгаа аж.

Мөн харуулын байртай айлсаж буусан "нинжа” нарын гэрт 15 орчим гар аргаар алт олборлогч байнга амьдарч буй юм байна. Тэдэн дээр хотоос "Ланд-250” унаж ирсэн Ганбаатар гэгч хүн "Та нар шөнөжингөө ажиллалаа. Одоо буу. Дараагийн ээлжээ оруул” хэмээн хамгаалагч нарын дэргэд "нинжа” нартаа үүрэг даалгавар өгч "томорсон” гэнэ. "Заамархаан” компанийн харуулын ахлагч Д.Дорж "Тэр ч байтугай "нинжа” нар "Энэ бол олимпийн аварга Э.Бадар-Ууганд бэлгэнд өгсөн газар. Бид тэртэй, тэргүй энд үйл ажиллагаа явуулах нь ойлгомжтой. Та нар яв, зайл” гэж хөөсөн ч тохиолдол бий. Биднийг гурван ч удаа хотоос машинтай хүмүүс ирж дарамталж байсан. Нөхцөл байдал сүүлдээ хүндэрч, хамгаалагч нарыг зодож гэмтээлээ. Иймэр­хүү байдлаар цааш үргэл­жилбэл хүний амь эрсдэж мэдэх нь” гэж ярилаа.

Төв аймгийн Заамар суманд алт хайсан "нинжа” нар ийнхүү эр­дэнэт хүмүүний амь насыг хохироохоо шахжээ. Үүнийг нутгийн иргэд Заамар сумын Засаг дар­гатай холбоотой гэж хардаж буй юм билээ. Өнгөрсөн на­мар сонин хэвлэл, телевизэд хандсаны төлөө Алтанцэцэг гэдэг гар аргаар алт олборлогч  болон сум, орон нутгийн удирдлагын зүгээс малчдад дарамт шахалт үзүүлсэн байна.

Г.Ганчимэг

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler