|
Видео

Шинэ мэдээ

Төрийн байгууллагууд гэрээ байтугай хуулиа зөрчиж байна гэв

 Төрийн байгууллагууд гэрээ байтугай хуулиа зөрчиж байна гэв

Авто худалдааны бизнес эрхлэгчдийг нийслэлийн баруун хэсэг шинээр баригдсан "Авто худалдааны цогцолбор” руу нүүлгэх тухай асуудал өдгөө ямар нэгэн шийдэлд хүрэлгүй, шүүхийн шатанд яваа.

 
Учир нь НИТХ-ын 29 дүгээр тогтоол буюу нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн А980 дугаар захирамж гарч авто худалдааны захуудыг нүүлгэхээр шийдвэрлэсэн. Гэтэл энэхүү шийдвэр нь хууль зөрчсөн болохыг нь ШӨХТГ-аас тогтоогоод эргэн харахыг сануулсан байдаг. 
 
Тодруулбал "НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор "Авто худалдааны цогцолбор”-ын төлбөрийн хэмжээг баталж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2014 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс нийтийн эзэмшлийн зам талбай, бусад зам орчмын ил задгай зогсоол, талбайд автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдан борлуулахыг хориглохоор шийдвэрлэсэн байна.
 
Уг тогтоолыг гаргахдаа "Да хүрээ”, "Өгөөмөр”, "Даймонд”, "Монбэт”, "Дако”, "Старт” зэрэг автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдаалах төвийн үйл ажиллагааг зогсоох хуулийн үндэслэл байгаа эсэх, агаарын болон хөрсний бохирдол үүссэн эсэх, стандартын шаардлага хангахгүй байгаа эсэхийг тус тус тогтоогоогүй байх бөгөөд зөвхөн "Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг дэмжих, бусад аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хуульд заасан үндэслэлгүйгээр хязгаарлахад чиглэсэн байна гэж үзлээ” гэсэн байдаг. Ийнхүү энэ асуудал хоёр байгууллагын шийдвэрээс харахад хэн нь хууль зөрчсөн нь тогтоогдохгүй болчихоод байгаа юм. 
 
Тиймээс авто худалдааны бизнес эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй худалдааны төвүүдэд Үйлдвэрчний эвлэл байгуулан төлөөллөө сонгож, энэ асуудлыг эцэслэх "үүргийг” өгөөд байгаа юм. Харин байгуулагдсан Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд нь НИТХ-ын 29 дүгээр тогтоол буюу нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн А980 дугаар захирамж нь хууль зөрчсөн гэж үзэн шүүхэд хандаад байсан.
 
Өнгөрсөн баасан гарагт Захиргааны хэргийн анхан шатны I шүүхэд Авто захуудыг нүүлгэх тухай тогтоолыг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шүүх эцэслээгүй бөгөөд хэд, хэдэн лавлагаа, шийдвэрийг бүрдүүлэх чиглэл өгчээ.
 
Ингэснээр авто худалдааны захуудыг албадан нүүлгэх эсэх асуудлыг тус¬¬гайлан хэлэлцэхээр болсон юм. Гэтэл үүний хажуугаар зарим байгууллага нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн А980 дугаар захирамжийн дагуу хэмээн энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төвүүдийг хүчээр нүүлгэхийг завдаад байгаа. Тухайлбал, манайдаа томд тооцогддог "Да хүрээ”-г нүүлгэхийн тулд эхлээд Мэргэжлийн хяналтын байгуулллагынхан элдэв хяналт, шалгалтаар дарамталдаг байсан бол өдгөө Зам тээврийн яамныхан Авто тээврийн бүртгэл явуулж байр нь стандартын шаардлага хангахгүй байна гэх шалтгыг үүсгэн "оролдож” эхэлсэн.
 
Энэ нь мэдээж хамгийн том "Да хүрээ”-г нүүлгэчихвэл бусад нь аргагүйн эрхэнд үйл ажиллагаагаа зогсоож шинэ "Авто худалдааны цогцолбор” руу нүүхээс аргагүйд хүрнэ гэсэн далд санааг агуулан хийж буй үйл ажиллагаа юм. Үүнтэй зэрэгцэн төмөр замын авто вокзалын баруун талд байрлах "1000 машины зогсоол” буюу "Даяар хас” ХХК-ийн захыг буулгахаар улайрсаар байгаа билээ.
 
Энэ сарын 1-нээс эхлэн тус газрыг Төмөр замын удирдлагууд гэрээгээ зөрчин байж нүүлгэхээр хүч хэрэглэсэн. Тиймээс "Даяар хас” ХХК-ийнхан Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагуудыг шүүхэд өгөөд байгаа. Ингэхдээ авто худалдаа эрхлэгчдийн өмгөөлөгч Г.Батбаяр шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.5-д зааснаар Хариуцагч тал ямар нэгэн идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийхгүй байхыг даалгаж өгнө үү гэдэг хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Харамсалтай нь, шүүхээс энэ хүсэлтийг нь хүлээж аваагүй.
 
Үүнийг нь далимдуулж буй тус зогсоолыг цахилгаанаар хангахгүй, хашааг нь өнгөрсөн пүрэв гарагийн шөнө хүчээр буулгах зэрэг арга хэмжээг авч эхэлжээ. Хашааг нь чухам хэн буулгаж авч явсныг мэдэхгүй байсан "1000 машины зогсоол”-ынхон сураг тавихад Төмөр замын барилга орон сууцны конторыг хариуцаж буй Отгон гэгч "Бид Пүрэвбаатар даргын тушаалын дагуу шөнө 4-5 цагийн үед авч явсан” хэмээн хүлээн зөвшөөрсөн аж.
 
Ийнхүү хашааг нь үүрээр авч явснаас үүдэн тус зогсоолд байршуулсан долоон машины эд анги алга болсон гэнэ. Ийнхүү хүч түрсэн арга хэмжээ авч худалдаа эрхлэгчдийг багагүй бухимдуулж байгаа бөгөөд шүүхийн шатанд явж байхад дээрх үйлдлүүдийг хийж байгаа нь хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж байна гэх хардлагыг төрүүлээд байгаа ажээ.
 
Тиймээс Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатарыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар нэхэмжлэлээ гаргаад байгаа гэнэ. Авто худалдаа эрхлэгчдийн үзэж буйгаар Захиргааны хэргийн шүүх хурал хойшилсон учраас маргааш буюу арванхоёрдугаар сарын 1-нээс албадан нүүлгэхгүй байх гэсэн горьдлого тээсээр байна. 
 
Гэхдээ л тэдний хувьд аливаа захирамж, шийдвэр, бизнес эрхлэгчдийг үл тоож байгаа удирдах албан тушаалтнуудын зарим үйлдэл нь хэзээ хүч хэрэглэх бол гэсэн айдаст автуулсан хэвээр байгаа ажээ. Үндсэндээ "Авто худалдааны цогцолбор”-ын үйл ажиллагааг жигдрүүлэхийн тулд нийслэлд 20 гаруй жил үйл ажиллагаа явуулаад байр сууриа олчихсон зах, худалдааны төвүүдийг хүчээр нүүлгэх арга хэмжээ авахаар зэхэж байгаа бололтой.
 
Учир нь, томоохонд тооцогддог нэр бүхий хэд, хэдэн зах, зогсоолыг харьяа яам болон газар түрээслэх гэрээ хийсэн байгууллагууд нь элдэв дарамт, шахалт үүсгэн үйл ажиллагааг нь боож эхлээд байгаа. Тэгэхээр нийслэлийн удирдлагууд төрийн байгууллагуудтай хавсайдан хүч түрэхээр санаархаж буй бололтой. 
 
Эх сурвалж:"Өглөөний сонин"

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler