|
Видео

Шинэ мэдээ

Ц.Ганхүү: Газар өмчлөлтэй холбоотой зарим заалтыг бид батлуулж амжаагүй

Ц.Ганхүү: Газар өмчлөлтэй холбоотой зарим заалтыг бид батлуулж амжаагүй

Манай улсад "Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын зөвлөгөөн болох гэж байна. Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамны Геодези, зураг зүйн газрын дарга Ц.ГАНХҮҮТЭЙ ярилцлаа.

-Юуны өмнө орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар товчхон тайлбарлаж өгнө үү?

-Бид цахимжсан шинэ эрин үед амьдарч, ажиллаж байгаа болохоор өдөр бүр авч байдаг бүх мэдээ, мэдээлэл маань тоон өгөгдөлд суурилж байдаг. Тухайлбал, шинэ сургууль ашиглалтад орлоо гэхэд хүчин чадал, боловсон хүчний асуудал ч юмуу, үер усны эрсдэл, үүрэн утас эзэмшигчийн тухай мэдээлэл бүгд тоогоор илэрхийлэгдэнэ. Товчхондоо, орчин үед хөгжлийн хурдаар хэмжиж, хүний оюун ухаанаар бүтээж байгаа байшин барилга, дэд бүтэц, газрын гадаргын дээрх болон доорх эрдэс баялаг, ус агаар, бусад биет юмс, үзэгдлийн байршил, хэмжээ, шинж чанарыг тодорхойлохын тулд хуримтлуулсан бүх мэдээллийг орон зайн өгөгдөл гэж ойлгож болно. Сүүлийн жилүүдэд дижитал технологи, харилцаа холбооны хөгжил дэвшилтэй зэрэгцэн өгөгдлийн хувьсамтгай шинж чанар, хэмжээ ихэсч байгаа нь орон зайн мэдээллийг олон улс орны эдийн засгийн шилжилт дэх /цахим засаг, цахим үйлчилгээ болон худалдан авах ажиллагаа зэрэг/ чухал нөлөөлөгч болж байгааг илтгэхийн хамт дэлхий дахинд тулгамдаж байгаа нийгэм, эдийн засаг, байгаль орчны хүндрэл бэрхшээлийг даван туулах, илүү оновчтой бодлого төлөвлөж боловсруулахад томоохон хүчин зүйл болж байна.

-ГЭХДЭЭ ГАЗРЫН ТУХАЙ БАГЦ ХУУЛЬД ТУСГАХ БОЛНО-

-Энэ асуудлыг НҮБ анхааралдаа авсныг бодоход нэлээд чухал ач холбогдолтой зүйл бололтой. Бусад улс орон хэр чухалчилдаг юм бэ?

-НҮБ-ын дэргэд 2011 онд Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хороог байгуулсан байдаг. Тус хорооны VIII хурлаар улс орнуудын үндэсний онцлог, нөхцөл байдал, Засгийн газрынхаа дэвшүүлсэн тэргүүлэх чиглэлд тохируулсан орон зайн мэдээллийн менежментийн бодлого, стратегийг тодорхойлоход чиглэл өгөх зорилготой Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээ буюу Integrated geospatial information framework-ийг баталсан байгаа юм. Энэ баримт бичгийг хэрэгжүүлэх үүднээс Африк, Ази болон Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй зургаан улсад төсөл хэрэгжүүлэхээр болсны нэг нь Монгол Улс. Дээрх төслийг гурван жилийн хугацаатай манай улсад хэрэгжүүлэх бөгөөд үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, мэдээллийн хэрэглээг өргөжүүлэхэд үр өгөөжтэй чухал ажил болно гэж бид үзэж байна. Манай улсын хувьд УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг байгуулах зорилтыг дэвшүүлж, Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төсөл боловсруулах, Төрөөс баримтлах бодлогыг тодорхойлохоор тусгасан. Бид энэ дагуу ажиллаж байна.

Үүний нэг нь орон зайн өгөгдлийн дэд бүтцийн үүрэг, ач холбогдлын талаар Улаанбаатарт зохион байгуулах олон улсын зөвлөгөөн юм. Уг зөвлөгөөнд НҮБ-ын Зөвлөхүүдийн хорооны нарийн бичгийн дарга Тео Чихай, Ази, Номхон далайн бүсийн Зөвлөхүүдийн хорооны ерөнхийлөгч, Япон улсын Гео-орон зайн мэдээллийн агентлагийн Газар зүйн албаны дарга Шоичи Оки болон АНУ, Англи, Индонези, Бангладеш зэрэг улсын энэ чиглэлийн нэр хүндтэй эрхэм, албаны хүмүүс оролцох юм.

-Манай иргэд болон төрийн байгууллагын хооронд газрын харилцаатай холбоотой маргаан их гардаг. Үүнийг цэгцлэх талаар ямар ажил хийж байна вэ?

-Бид өнгөрсөн онд Газрын кадастрын мэдээллийн системийг бүх аймаг, суманд хийж дуусгасан бол энэ оны наймдугаар сард нийслэлд яг ийм мэдээллийн сантай болох ажлыг эхлүүлж, жилийн эцэст дуусгахаар төлөвлөсөн. Үүний дараа газар олголт, ашиглалт, эзэмшилтийн талаар нэгдсэн системд орчихно. Үүнийг нэгтгэж базахад хүндрэлтэй асуудал цөөнгүй байна. Өмнө нь газрын ашиглалт, эзэмшлийн талаар мэдээлэл бэлтгэх, тоо хэмжээг гаргахад энгийн, гар ажиллагаатай багаж хэрэглэдэг байснаас мэдээллийн санд янз бүрийн зөрчилтэй мэдээлэл байлаа. Одоо координатад суурилсан, өндөр хурдны интернэт ашигладаг болсноор орон нутагт кадастрын зөрүүтэй, алдаа мадагтай зураглалыг засч залруулаад дууссан. Нийслэлд энэ байдлыг цэгцлэхийн тулд ирэх онд Газрын нэгдсэн тооллогыг явуулах гэж байна.

Үүнд, уул уурхай, байгаль орчны чиглэлээр олгосон газрыг ч хамруулж, бүгдийг хянадаг болох юм. Тэгэхгүй бол газрыг олгодог, эрх мэдэл бүхий зургаан субьект байна шүү дээ. Нэгдсэн систем, мэдээллийн сан байхгүй учраас газрыг давхардуулж олгох явдал цөөнгүй гарч, маргаан үүсгээд байдаг талтай. Тиймээс орон зайн өгөгдөлд суурилсан мэдээллийн сантай болох нь маш чухал. Үүнийг бид хийнэ. Уг нь вэб аппликейшн ашиглаад өөрийн ашиглалт, эзэмшлийн газрыг харах боломжийг бүрдүүлчихсэн байгаа. Ирэх жилээс ТҮЦ машинд хурууны хээгээ уншуулж, газрын харилцаатай холбоотой өөрийн мэдээллийг авах боломжийг олгохоор ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд газар эзэмшиж, ашиглаж байгаа 390 мянга гаруй хүний мэдээлэл хуримтлагдаад байгаа юм. Түүний дотор тогтоож өгснөөс илүү газар хашсан 17.1 мянган нэгж талбар байна. Үүнийг засч залруулах ажлыг нийслэлийн Газрын албанаас хийж эхэлсэн. Цаашдаа газар эзэмших, өмчлөх ажлыг Монгол Улсын хэмжээнд ил тод, нээлттэй болгохын төлөө бид ажиллана. Энэ нь газрын дуудлага худалдаатай ч холбоотой.

-Нийслэлийн орон сууцны барилга, хороолол, хотхоны ойр орчмын газрыг хэн яаж ашиглах талаар тодорхой заасан хууль эрх зүйн баримт бичиг байдаг уу. Орон сууцныхаа нэгдүгээр давхрыг сунгах ч юм уу подвалыг хэн дуртай нь ашиглаж байна шүү дээ?

-Энэ талаарх эрх зүйн зохицуулалт одоохондоо байхгүй. Өнөөдрийн байдлаар дундын өмчлөлийн газар гэж явдаг, ойр орчмын газраа ашиглах боломжийг СӨХ /Сууц өмчлөгчдийн холбоо/-нд олгосон болохоос биш өмчлөх эрхийг нээгээгүй юм. Гэтэл СӨХ дур мэдэн газраасаа өгөөд өндөр байшин барьчихсан тохиолдол гарсан. СӨХ-нд тийм эрх байхгүй. Энэ бүхнийг зохицуулахын тулд Орон сууцны тухай, Дундын өмчлөлийн тухай, Газрын тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулах талаар ярьж байна. Ямар ч байсан хуулийн зохицуулалт хийнэ.

-Газар өмчлөлийн ажил ямар хэмжээнд явж байгаа вэ. Хувийн зориулалтаар газар авч өмчлөх гэхээр олддоггүй мөртлөө нийтийн бус зориулалтаар барилга бариад байх юм. Энэ талаар хариулт өгөөч?

-Өнөөдөр 570 мянга гаруй иргэн газраа өмчилж авчихаад байна. Газар өмчлөлийн тухай хуульд хугацаа заагаад өгчихөөр түүнд нь баригдаад иргэн олдсон цэгт нь газар авч, дугуй ч юмуу мод, чулуу зоогоод орхичихдог. Уг нь ганц олдож байгаа боломжоо ашиглаж, дэд бүтэц ойрхон, эдийн засгийн эргэлтэд оруулж болох дуртай газраа иргэн авахыг бодно биз дээ. Улсын болон хөрөнгө оруулалтын бодлогод ийм чадамж алга. Тиймээс газар өмчлөлийн ажилд хугацаа заахаа больё, иргэн хүн боломжийн газраа дуртай цагтаа авдаг, өмчилдөг байя гэж хуулийн төсөлд тусгаж боловсруулсан ч цаг хугацаа нь давчдаад батлуулж чадаагүй юм. Ер нь иргэн хүн газар өмчлөх боломж нь байдаг ч 18 нас хүрч байж захиран зарцуулах эрхээ эдэлдэг тогтолцоотой байхыг ч санал болгож байлаа. Гэвч тавдугаар сарын 1-ний өмнө буюу газар өмчлөх хугацаа дуусахын наана зөвхөн хугацааг нь сунгах байдлаар хуулийн өөрчлөлтийг баталсан. Бид Газрын тухай багц хуулийг батлуулахдаа иймэрхүү заалтыг оруулахаар төлөвлөөд явж байна.

Д.Мөнхжаргал

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler