|
Видео

Шинэ мэдээ

Эрхийг хамгаална гэдэг эсэргүүцэж сөрөхийн нэр биш

Эрхийг хамгаална гэдэг эсэргүүцэж сөрөхийн нэр биш

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр мэдээлэл хийсэн юм. Олон жилийн зузаан түүхтэй энэ байгууллагын үүсэл хөгжил, үндсэн чиг үүргийн талаар энд нурших нь илүүц боловч сүүлийн үед явуулж байгаа үйл ажиллагаа, баримталж буй бодлогынх нь талаар хэдэн үг хэлхэхээс аргагүй санагдлаа. УИХ-ын сүүлийн сонгуулиар МАН-д иргэдийн олонх итгэл хүлээлгэж, Засгийн газраа дангаар байгуулах боломж олгосон тэр цаг үед улсын эдийн засаг сөрөг үзүүлэлттэй, хэдэн зуун тэрбумаар тооцогдох гадаад, дотоодын зээлийн өртэй байсныг бүгд санаж байгаа байх. Тухайн үед үйлдвэрчний байгууллага одоогийнх шиг хөдөлгөөнтэй байсангүй, эдийн засагтайгаа хамт "царцчихсан” мэт л байсан. Харин 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газрын төлөвлөж, боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн бодлогын үндэс суурийг үргэлжлүүлсэн У.Хүрэлсүхийн танхимын нүүрэн дээр ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламж орж ирснээр эдийн засаг хөл дээрээ зогсох нөхцөл бүрдэж байна.

Монгол Улсын эдийн засаг одоогийн байдлаар 6.1 хувийн өсөлттэй гарахад үндэсний үйлдвэрлэгчид томоохон хувь нэмэр оруулсан нь тодорхой. Үүнийг хөрөнгө оруулагч тал, юуны өмнө ОУВС тодорхой хэмжээгээр үнэлж, "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулахдаа тавьсан зарим нэг шаардлагыг сулруулсны нэг нь төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн явдал юм. Үүний дагуу Засгийн газар төрийн албан хаагчдын цалин хөлсийг 8-30 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан билээ. Гэтэл МҮЭХ- ноос энэ шийдвэрийг эсэргүүцэж, цалин нэмэх асуудлыг дэмжихгүй, харин ч хөдөлмөрийн хамтын маргааныг үргэлжлүүлэхээ мэдэгдсэнийг ер ойлгосонгүй. Тэр ч байтугай боловсролын байгууллагад ажиллаж буй багш, сурган хүмүүжүүлэгчдийг турхирч, хичээлийн шинэ жилийг эхлүүлэхгүй ажил хаялт зарлахаа мэдэгдэв. Он цагийг багахан ухраагаад харахад АН Засгийн эрх барьж байсан өмнөх дөрвөн жилийн хугацаанд буюу 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг нэг ч хувиар нэмээгүй байхад тэд юу хийж байсан юм бол. Өнөөдөр тус холбооныхон ажил хаялт зарлахаар далайлгаж байгаа ч түүний цаана Монголын боловсролын систем тогтолцооны хэвийн ажиллагаа алдагдаж, сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдөж болзошгүйг тооцож үзсэн болов уу. Үнэндээ нэг ангид багталцаж ядсан 40-50 сурагчийн өмнө ганц цаг зогсоод хичээл зааж үзээгүй, амь нь тэмцсэн өвчтөний төлөө тариур бариад шөнийн бор хоногт гүйж яваагүй хүмүүс, нэмүү өртөг шингээсэн зүсэм талх, атга гурил үйлдвэрлээгүй байж бусдыг ажил хаялтад уриалаад ширээний цаанаас орилж суух нь хэр зохистой вэ. Засгийн газар, ажил олгогчид "адууныхаа хэрээр исгэрч”, цалин хөлсийг сүлжээ, ажлын ачаалал, зэрэг дэвд нь тохируулаад 30 хүртэлх хувиар нэмье гэсэн шийдвэрт хүрсэн байна. Улс орны эдийн засаг хөл дээрээ бат зогсч чадаагүй, улирлын чанартай олон ажил хүлээгдэж байгаа өнөөгийн нөхцөлд санхүүгийн боломж бололцоондоо түшиглэж, төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэхээр болсныг олон нийт нааштай хүлээн авч байгааг бид харлаа, сонслоо. Нүдээ аньж, чихээ бөглөчихөөгүй бол МҮЭХ-ны удирдлага, түүний доторх мэргэжлийн салбар холбоодынхон ч мэдсэн нь ойлгомжтой.

Цалингийн нэмэгдэлд улсын төсвөөс 56.4 тэрбум төгрөг нэмж гаргахаар болж байна. Энэ бол бага мөнгө биш. Тэгээд ч цалин хөлсийг нэмэх сургаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, бусад зүйлийн үнийг өсгөчихдөг юм чинь харин ч цалингаа нэмэхгүй байсан нь дээр. Тэгвэл хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдын "хөлд чирэгдэхгүй” амар байдаг юм гэж үзэл бодлоо уралдуулах хэсэг ч нийгэмд байгааг энд дурдахад илүүдэхгүй биз ээ.

Д.МӨНХЖАРГАЛ

эх сурвалж:unen.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler