“Нүглийн нүдийг гурилаар хуурагч” цахилгааныхан
Насанд хүрэгчдийн хэнэггүй, хариуцлагагүй байдлын уршгаар бяцхан үрс маань бэртэж гэмтэх, тэр ч байтугай амиа алдах явдал мэр сэр тохиолддог. Саяхан л гэхэд, 11-р хороололд үйл ажиллагаа эрхэлдэг нэгэн Эмийн сангийн эздийн хариуцлагагүй, сэтгэлгүй байдлаас болж бага насны хүүхэд цахилгаан хүчдэлд цохиулж амь насаа алдсан.
Энэхүү эмгэнэлт явдлын дараахнаас энд тэндэх цахилгааны утас, холболтыг шалгах ажил хийгдсэн хэдий ч төдийлөн төгс үр дүнд хүрээгүй бололтой.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дээр цахилгааны аюулгүй байдлыг маш хуурамч байдлаар хангасан тухай баримттай зургийг олон нийтийн сүлжээний нэгэн хэрэглэгч нийтэлсэн байна.

Тэрээр: "Сонгинохайрхан дүүрэг, Улаанбаатар цахилгаан түгээхийн дарга нар аа, цахилгааны аюулгүй байдлыг ингэж хангахгүй ээ! Нүглийн нүдийг гурилаар хуураад хэрэггүй. Цаана нь хүний, бидний үр хүүхдүүдийн амь нас бий шүү дээ. Саяхан бидний хэнэггүйгээс болж нэгэн бяцхан зүрх зогссон. Яасан хаширдаггүй, яасан өвддөггүй өр зүрхтэнүүд вэ. Нэн даруй янзална уу!!!” хэмээн бичжээ.
Зургаас харахад, үнэхээр л "Нүглийн нүдийг гурилаар хууран” түр аргацаасан нь илт. Хариуцсан ажилдаа, аюулгүй байдалдаа иймэрхүү маягаар хандаад байвал улс орны хөгжлийн тухай яриад ч хэрэггүй мэт. Тэнгэр баганадсан байшин барилга сүндэрлүүлэхээс илүүтэйгээр ард иргэдийнхээ ухамсар, хандлагатай "ноцолдохгүй” бол бид олигтой урагшилж чадахгүй бус уу!
Д.Мөрөн
Эх сурвалж: ZINDAA.MN
