|
Видео

Шинэ мэдээ

Ээжийнхээ нүглийг цагаатгах гэж Энэ орчлонд чи минь ирсэн

Бодрол
Эр хүн зүрхэндээ уйлдаг юм гэнэ лээ
Элсэнд нэвчих бороон дусал шиг
Эгшсэн нулимс нь далд байдаг юм байна лээ
Хал үзэж хат суухан намбаа бодож
Хайрын сэтгэл үрийнхээ уйлалд алсыг саравчлан
Хатуурхаж заримдаа дотогшоо өмөлздөг юм байна лээ
Өнөөдөр залуугаараа ч өөр нэгэн өдөр өвгөн болох хань минь ч
Өр зүрхэндээ зүсрээ шиврээ хурыг намируулдаг биз
Эр хүн сэтгэлдээ нялхардаг юм гэнэ лээ
Энхрий заяаг минь тэгшилэх гэж амьдралын далайд аялахдаа
Эр хонгор насандаа ээнэгшиж бас дасдаг юм байна лээ
Энэрхийн дээд хүний орчлонгийн жам ёсонд
Элгээ дэвтээж баярын нулимс дусаадаг юм байна лээ
Алган дээр буусан шувуухай шиг
Сэтгэлд минь сэлүүргүй завиар аялахдаа
Аз жаргалын төлөөх бодлынхоо гүнд санаа алдаж
Алс ирээдүйг үрсийнхээ төлөө зөгнөдөг юм байна лээ
Амраг хайртын минь нулимс асгарч байна
Аянга цахилгаан мэт зүрх минь түгшиж байна
Аавынхаа уйлалд сэтгэл сэмэрсэн агшиныг
Амьдрал надад санагдуулж байна
Тэгэхэд би балчир насандаа хүмүүний сэтгэлийг ойлгодоггүй байж
Тэвэр дүүрэн жаргалдаа хадуурч үзэл бодолдоо үнэмшиж явж
Ая дууны дугарааг анхны зэмлэлээр хүсэмжилсэн
Амгалан аавын минь нулимс сэтгэлийн энгэрт дуссан юм
Найрагт мөнхрөх гэж ховорхон урсах нулимсыг
Намайг зэмлэсэн ч сургааль хайрлан урсгахдаа
Охин үрийнхээ сэтгэлийн цангааг тайлан
Омог бардам занг минь ариун байлгах гэж наддаа л харуулсан
Баяр гуниг ээлжилсэн хорвоогийн эрээн амьдралд
Бас л дахин эр хүний нулимсыг яг одоо би харлаа...
Амьдралаа холбож итгэлээр ижилссэн ханийн минь
Аяга дүүрэн мэлтэлзэх нулимс бороон дуслыг санагдууллаа
Хэвлийд минь бүрэлдэх удмын сахиусан тэнгэртээ мөргөж
Ханагар цээжээ дэлдэж хайртынхаа өмнө бөхийлөө
Аяа бүсгүй хүний жаргалд намайг зовоосон
Бүлээг нулимс чинь миний энгэрт дуслаа
Орчлонгийн эхлэл төгсгөлд намайг хайрласан
Омголон бас догшин эрийн заяаг чинь уярааж урсуулсан нулимсан бороонд
Охин чинь хань чинь одоо сэрүүн салхинд жиндэн байна
Эр хүний нулимсийг харсан хүн жаргадаггүй гэлцдэг
Энэ л сэтгэлээр би цайныхаа дээжийг өргөдөг
Ухааралд уяатай сэтгэлийн тань оршилд орон зайн түүхчлэл болсон
Уртаас урт уучлал минь удмыг тань үргэлжлүүлж амьдарч байна
Эвий дээ ээжийнхээ нүгэлийг цагаатгах гэж
Энэ орчлонд чи минь ирсэн юм гэжүү үр минь
З.Долгорсүрэн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.