| |
С.Чулуун: Хубилай өвөг Чингис хааныхаа байгуулсан улсыг төгс утгаар нь Эзэнт гүрэн болгон тэлсэн
Хубилай хааны мэлмий гийсний түүхт ойг монголчууд анх удаагаа өргөн тэмдэглэж байна. Хятадыг эзэлж, Монголын тэнгисийн цэргийн флотыг үүсгэн байгуулсан анхны хаан Хубилайн түүхэн үүрэг хийгээд ойг угтан манай эрдэмтэн судлаачид ямар ажил өрнүүлж байгаа талаар Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуунтай ярилцлаа.
-Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Тэгш ойг тохиолдуулан Түүх, археологийн хүрээлэнгээс ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Шинжлэх ухааны академиас хэд хэдэн бүтээлч ажлыг хэрэгжүүлж байна. Манай хүрээлэнгээс "Хубилай хаан ба түүний өв залгамжлагчид” каталоги, "Хубилай хаан” арван боть номын цувралыг эмхэтгэн гаргасан. Номын нээлт энэ сарын 20-нд болно. Түүнчлэн гадаад, дотоодын судлаачдыг хамруулсан "Хубилай хаан ба Монголын Юань гүрэн” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөсөн. Мөн "Хубилай хааны өв” үзэсгэлэнд манай хүрээлэнд хадгалж буй эзэнт гүрний үеийн археологийн дурсгалуудаас дээжлэн тавина.
-”Хубилай хаан” арван ботид ямар эрдэмтдийн бүтээлээс дээжлэн оруулав?
-Монголын их эрдэмтэн Чулууны Далай багшийн "Монголын Юань улс” нэгэн сэдэвт бүтээл, Ш.Нацагдорж академичийн "Хубилай сэцэн хаан” зохиол, Рашид-Ад-Диний "Судрын чуулган”-ыг анх орчуулсан Английн нэрт эрдэмтэн Бойлын "Дэлхийн эзэнт гүрэн” зохиол, Японы нэрт эрдэмтэн Окадогийн "Монголын эзэнт гүрэн” Израйлын эрдэмтэн Брайны бүтээл зэрэг олон судалгааны шинжилгээний бүтээлийн эмхэтгэл багтсан.
-Түүхийн хүрээлэн бол Монголын түүхийн судалгааны үндэсний том төв. Иймд энэ арван ботиос
өмнө Монголын түүхийн оргил үе болсон эзэнт гүрний түүхтэй холбоотой цуврал ном хэвлүүлсэн үү?
-Манай хүрээлэнгийн дундад зууны секторт эзэнт гүрнээс Юань улсыг мөхсөн хүртэлх түүхийг судалж байна. Бид энэ арван ботиос өмнө "Юань гүрэн”, "Алтан ордны улс”, "Цагаадайн улс”, "Ил хаант улс”, "Монголын Юань улс” гэсэн таван ботийг хэвлүүлсэн.
-Хубилай хааныг Хятадын хаан гэж үзэх нь бий. Хятадууд энэ жил Хубилай хааны 800 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэж байна гэсэн яриа хэр үнэний ортой вэ?
-Хятадууд Хубилай хааныг өөрийн хаан гэж үзэх нь зөв. Яагаад гэвэл энэ хүн Хятадыг захирч байсан. Иймээс Монголын их хаанд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан байх. Гэхдээ албан ёсоор тэмдэглэсэн эсэхийг бид мэдэхгүй байна. Олон улсын хурал зохион байгуулсан талаар мэдээлэл байхгүй. Хубилай бол Хятадаар зогсохгүй Евроазийг захирсан Монголын Их хаан юм.
-Юань гүрэнтэй холбоотой түүхийн материал Хятадад их бий юү?
-Монголчуудын 100 гаруй жилийн ноёрхлын үр дүнд Хятадын соёл, түүхэнд манай түүхийн олон материал үлдсэн байдаг. Тухайлбал, Юань улсын түүх 210 боть ном байна. Хятадад шинээр байгуулагдсан улс нь өмнөх төрийнхөө түүхийг бичиж үлдээдэг уламжлал бий. Тэр жишгээр Мин улсын төрөөс Чингис хаан болон Хубилай түүнийг залгамжилсан 14 хааны цэрэг, дайны бодлого, Юань гүрний соёлыг 210 боть болгон бичүүлсэн байдаг. Эдгээр ботийг Богдхаанызарлигаар 1910-аадоны орчим орчуулан монгол бичгээр хөрвүүлсэн эхийг одоо Улсын төв номын санд хадгалж байна. Бид энэ ботийг арваннэгдүгээр сард дахин хэвлүүлэхээр ажиллаж байна.
-Хубилай хааны Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг янз бүрээр тайлбарладаг. Энэ Их хааны түүхэн үүргийг та хэрхэн үздэг вэ?
-Хубилай хааны Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг их. Их хааны үйл хэргийг дарах, үгүйсгэх хандлага гардаг. Энэ жил Хубилай хааны мэлмий гийсний 800 жилийн түүхт ой тохиож байна. Бид олон жилХубилай хааны талаар түүхийн хоёр дэнстэй харж ирсэн. Түүхийн энэ алдааг залруулах алхмыг одоо л хийж эхлэх хэрэгтэй байна. Түүхийн алдааг судлаачдын судалгааны бүтээл залруулна. Түүхт 800 жилийн ойг тэмдэглэх саналыг Шинжлэх ухааны академи дэвшүүлж, Засгийн газраас ойг тэмдэглэх Үндэсний хороог байгуулсан. Хубилай өвөг Чингис хааныхаа байгуулсан улсыг төгс утгаар нь Эзэнт гүрэн болгон тэлсэн суут хаан. Хубилай бол Хятадыг анх удаа эзэлсэн Монголын их хаан. Мөн Монголын эзэнт гүрний тэнгисийн флотыг үүсгэн байгуулсан. Хубилай хааны тэнгисийн флот Азийн түүхэнд бичигдэх том флот байсан. Цаасан мөнгө, дөрвөлжин бичиг тэр ч байтугай Төрийн их найрал хөгжмийг байгуулсан гавьяатай. Хубилай бол монголчуудын яах аргагүй хүндэтгэн, дээдлэх ёстой Их хаан.
-Хубилай хааны Монголын нутагт байгуулсан цорын ганц хотыг танай хүрээлэнгийн ажилтнууд малтан судалж байна. Энэхүү эртний хотын талаар манай уншигчдад танилцуулна уу?
-Хубилай хааны уугуул монгол нутагтаа байгуулсан цэргийн бэхлэлт хотын туурь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан су- мын нутагт Ханхөгшиний ну- рууны дэргэд байдаг. Энэхүү "Хөгшинтээл”-ийн балгасын малт- лагын ажлыг манай хүрээлэн гүйцэтгэж байна. Энэ бол бэхлэлт хот ба Хубилай хаан төрсөн дүү Аригбөхтэйгөө байлдахдаа цэргийн гол хүчээ энд төвлөрүүлж байжээ. Энэ хотын туурийг анх Оросын нэрт эрдэмтэн П.К.Козлов 1920-оод оны үед судалж байсан юм билээ. Монголчууд 1950- аад оны үеэс судлах болсон. Малтлагын үед гэрэлт хөшөө олдсон. Тэрхүү гэрэлт хөшөөн дээр "Сүрийг бадруулагч их орд” гэх бичээс байдаг. Тээлийн балгасын малтлагатай танилцах ажлыг энэ сарын 24-нд зохион байгуулна. Хубилай хааны байгуулсан Бээжин хот өнөөдөр дэлхийн нийслэл боллоо. Их хааны байгуулсан Шандугийн шар ордыг өнөөдөр ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэжээ. Тэгэхээр Их хааны уугуул нутагтаа байгуулсан хотыг малтан судалж, дэлхийд таниулах нь монголчууд бидний үүрэг болж байна.
-"Хубилай хаан ба Монголын Юань гүрэн” олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар мэдээлэл өгнө үү?
-Хубилай хааны мэлмий гийсний 800 жилийн ойг тохиолдуулан түүхийн үнэнийг сэргээх, бодитой судалгаануудыг олон түмэнд хүргэх зорилгоор хурлыг зохион байгуулж байна. Хубилай хаан хийгээд Юань гүрний талаар судалгаа хийдэг эрдэмтэд оролцоно. Хурал гэхээсээ илүү хэлэлцүүлэг юм даа.
-Олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэдэн орны хэчнээн эрдэмтэн оролцох бол?
-Арав гаруй эрдэмтэнд албан ёсоор урилга илгээсэн. Хуралд ОХУ, Хятад, Япон, Өмнөд Солонгосын судлаачид ирнэ. Мөн барууны орнуудаас эрдэмтэн, судлаачид оролцохоор болсон. Түүнчлэн Чингисийн алтан ургийнхны байгуулсан Алтан ордон, Ил хаант улс, Цагаадайн улсын талаар судалгаа хийдэг Турк, Казахстан, Узбекстан , ОХУ- аас эрдэмтэд оролцоно. Хубилай хаан , Юань гүрний түүхийг дан ганц Монголын эрдэмтэд судлаад ахицгүй. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд дөрвөлжин бичгийг судалдаг Японы эрдэмтэн Мацуко Такаши, Хубилай хаан Алтан ордны харилцааг судалдаг эрдэмтэн Дадырбаев, Хятадын Нанжин хотод байрладаг Юанийн судалгааны төвийн захирал Төмөр нар оролцоно. Гадаад дотоодын олон эрдэмтэд судалж байж Монголын их хаад, Монголын эзэнт гүрнийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч дэлхийн түүхэнд нэр хүндтэй оршино.
-Хубилай судлалаар аль орны эрдэмтэд дорвитой судалгаа хийж байна вэ?
-Хубилай болон Юань улсын талаар Япон, Хятадын эрдэмтэн, судлаачид чухал судалгаа хийж байна. Японы эрдэмтэд Юань гүрний төрийн бичиг болох дөрвөлжин үсэг, Хубилай хааны цэргийн сүйрсэн флотын судалгаа хийдэг. Ер нь Хубилай болон Юань гүрний судалгаа гадаадад XIX XX зуунаас эхлэлтэй. Ялангуяа 1970- 1990-ээд оны үеэс гүнзгийрүүлэн судлах болсон.
-Юань бол өрнө дорныг холбосон том эзэнт гүрэн байсан. Тэр уудам нутгийг Алтан ургийн удмынхан захирч байсан. Тэгэхээр Чингисийн удмын хаад хоорондоо ямар харилцаатай байсан нь сонирхол татаж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Юань гүрний үед Орос, Казаныг дамнасан Алтан ордны улс, Иран, Персийг хамарсан Ил хаант улс, Казахстан тэргүүтэй стан орныг хамарсан Цагаадайн улс зэрэг бүх улс Хубилай хаанд шууд харьяалагдан захирагдаж байжээ. Иймд Хубилай бол эзэнт гүрний хаадын хаан байсан. Бээжинд төвтэй эзэнт гүрэн бусад хант улсуудтай хэрхэн харилцаж байсан талаар сүүлийн жилүүдэд дорвитой судлах болсон. Ялангуяа Ил хаант улстай харилцаж байсан Хубилайн харилцааг ихээр судалж байна. Алтан ордны хаад их хуралдайгаар хэлэлцэгдэж хаан суудаг дэгийг Хубилай эвдсэн. Тэрбээр ах Мөнх хааныг дагаж Сүн улсыг байлдан дагуулах аян дайнд оролцож байсан. Ах Мөнхийг тэнгэрт хальсны дараа Хубилай өөрийн цэргийн ноёдын тусламжтай хаан ширээнд суусан. Иймд зарим эрдэмтэн хуралдайн дэгийг эвдэж хаан суусан гэж Хубилайг буруушаадаг. Гэхдээ хожим нь Монголын алтан ургийн ноёд Хубилай түүний угсааныхан байснаас үзвэл Хубилай хаан Монголын нэгэн томхаан ширээний угсаа залгамжлалын эхийг тавьсан байх юм.
Х.Эрдэнэзаяa
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин