|
Видео

Шинэ мэдээ

С.Чулуун: Алтан ургийн угсаа залгамжлалыг таслахгүй байх суурийг Хубилай хаан тавьсан

С.Чулуун: Алтан ургийн угсаа залгамжлалыг таслахгүй байх суурийг Хубилай хаан тавьсанТүүх,археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуунтай ярилцлаа.
 
-Хубилай хааныг судалдаг олон орны эрдэмтэд Монголд чуулах мэдээлэл байна. Энэ талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?
 
-Монголчуудын хувьд энэ жил  онцгой түүх, олон тэгш ой тохиож байна. Бидний хүндэтгэлтэй хандах ёстой, түүхээ дахин эргэж харах  учиртай эрхэм хүн бол Монголын их хаан  Хубилай Сэцэн хаан. Хувбилай Сэцэн хааны мэлмий гийсний 800 жилийн түүхт ой тохиож байна. Монголчууд түүний тухай  түүхийн хоёр дэнстэй харж ирсэн. Гэхдээ энэ дэнс аль нэг талдаа тодорхой байх ёстой. Үүнийг гадаад, дотоодын судлаачдын судалгааны бүтээлийн дүнд харуулна. Түүхт ойг тэмдэглэх саналыг ШУА-аас  гаргаж, Засгийн газраас ойг  тэмдэглэх Үндэсний хороо байгуулахаар ажиллаж байна. Хувбилай хаан   Эзэн Богд Чингис хааны үүтгэн бий болгосон Их Эзэнт улсыг бүтэн төгс утгаар нь байгуулж чадсан их хаан юм. Чингис хаанаас хойш 800 жилийн турш Монголын алтан ургийн угсаа залгамжлал тасралтгүй байх нэг гол суурь нь Хубилай хаанаас эхэлдэг. Түүний 800 жилийн ойг тохиолдуулан түүхийн үнэнийг сэргээх, бодитой судалгаануудыг олон түмэнд хүргэх, энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтдийн чуулган зохион байгуулах, бүтээлүүдийг эмхтгэн гаргах ажлыг манай хүрээлэн хариуцаж хийж байна.Төр,  засгийн хувьд ч гэсэн олон ажил төлөвлөсөн.
 
- Танай хүрээлэнгээс хийж буй ажлыг сонирхож болох уу?
 
-Манай хүрээлэнгээс  хэд хэдэн ажил төлөвлөж, хийж байгаа. Нэгдүгээрт, "Хубилай хаан” 10 боть  бүтээлийн чуулганыг  эмхтгэн гаргана. Түүнд гадаад, дотоодын эрдэмтдийн хамтын бүтээл, Монголын эрдэмтдийн "Хубилай хаан ба Юань улсын хууль зүй” гэсэн  судалгааны бүтээлүүд орж байгаа. Хоёрдугаарт,  "Хубилай хаан ба түүний өв  залгамжлагчид” каталоги гаргана. Гуравдугаарт,  "Хубилай хаан ба Монголын Юань гүрэн” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар бэлтгэл ажлууд явж байна. Дөрөвдүгээрт, Хубилай хааны үед байгуулагдсан цэргийн бэхлэлт хотын туурь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг Ханхөгшин уулын дэргэд байдаг. Бид тэнд  малтлага судалгаа хийж байна. Энэ хотын туурийг  анх Орсоын нэрт эрдэмтэн  П.К.Козлов үзэж танилцсан байдаг. Хөшөө чулуун дээр нь Сүрийг бадруулагч цэргийн их хот гэсэн бичээс бий. Энэ сарын 23-нд эрдэм шинжилгээний хурал, чуулганд оролцсон бүх хүн тэнд очиж танилцах юм.
 
-Олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэдэн орны хэчнээн эрдэмтэн оролцох вэ?
 
-Дэлхийн 10 гаруй орны эрдэмтэнд урилга илгээсэн. Хубилай болон Юань улсын талаарх хамгийн том судалгааг Япон, Хятадын эрдэмтэн, судлаачид хийдэг. Энэ удаагийн Олон улсын  эрдэм шинжилгээний  хуралд Хятадын Нанжин хот дахь  Юанийн гол судалгааны төвүүдээс  эрдэмтэд ирнэ. Японы судлаачид ирэхээ мэдэгдсэн. Японууд их төлөв Хубилай хааны төрийн бичиг болгосон дөрвөлжин бичгийг судалсан. Мөн Хубилай хааны цэргийн сүйрсэн флотын судалгаа хийсэн Японы эрдэмтэд болон Солонгосын судлаачид ирнэ. Европын орнуудаас эрдэмтэн, судлаачид мэдүүлгээ ирүүлсэн. Юань гүрэн ихээхэн онцлогтой. Юань гүрний үед Оросыг дамнасан Алтан ордны улс, Иран, Персийг хамарсан Хүлүгэгийн улс, Ил хаант улс, Цагаадайн улс зэрэг бүх улс Хубилай хаанд шууд харъяалагдаж байсан. тийм ч учраас Хувилайд  хаан хэмээх цол, бусдад нь хан хэмээх статус байсан. Тиймээс энэ чиглэлээр эрдэм шинжилгээний салбар хуралдаануудыг хийнэ. Энэ хурлуудад  Турк, Казахстан, Узбекстанаас эрдэмтэд зорьж  ирж байгаа. Түүнээс гадна Алтан ордны гол улсын нэг болох ОХУ-ын Татарстаны нийслэл Казань хотоос эрдэмтэд ирнэ. Ер нь бол Хубилай болон түүний Эзэнт гүрэнд хамаарах түүх, соёлтой холбоотой одоогийн улсууд оролцож байгаагаараа онцлог юм. Ер нь Хубилай болон Юань гүрний судалгаа гадаадад маш эрчимтэй хөгжсөн байдаг, ялангуяа 1970-1990-аад оны үед. Одоо ч эрчимтэй явж байгаа. Монголын талаас энэ чиглэлийн судалгаанд шинэ үе болох олон залуу эрдэмтэн, туршлагатай ахмад эрдэмтэн судлаачид хуралд оролцоно. Цэвэр эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг болно.
 
-Хубилай хааны та­лаарх хамгийн  сонирхолтой судалгааг ямар эрдэмтэн хийсэн байдаг юм бол?
 
-Монголоос академич Ш.Бира гуай Хубилай хааныг үнэлэх үнэлэмжийг цоо шинээр гаргаж тавьсан эрдэмтэн юм. Дээр нь Монголын Юань гүрэн, төрийн байгуулал, төрийн институцийнх нь хувьд судалж гаргаж ирсэн. ОХУ-ын Санкт Петербургийн эрдэмтэн  О.Юрченко Хубилай хаан, Алтан ордны улс, Монголын Эзэнт гүрний талаар эрчимтэй судалгаа хийж байгаа. Саяхан Марко Пологийн аяллын тухай 700 хуудастай том ном гаргасан. "Алтан ургийнхан буюу Монголын язгууртнууд” нэртэй том бүтээл хий­сэн.  Хятадын судлаачдаас   Хятадын Ардын их сургуулийн нэртэй эрдэмтдийн нэг Вэй  Жан  Хубилай хааны Шандугийн шар балгасыг 20 гаруй жил малтаж ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлсэн. Мөн Хятадын Нанжин хотын Юанийн судалгааны төвийн дарга Төмөр гэж онцгой сонин судалгаа хийдэг эрдэмтэн бий. Японы эрдэмтэн Мацуко  Такаши дөрвөлжин бичгийн талаар  дорвитой судалгаа хийсэн. Энэ хүн соёмбо үсэг, дөрвөлжин бичиг хоёрыг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх ажлыг хийж байгаа. Манай эрдэмтдээс академич Ж.Болдбаатар төрийн байгуулал талаас, доктор Б.Сумъяабаатар  Алтан ордны улсын үед Солонгос руу харилцаж байсан албан захидлуудын тухай сонирхолтой судалгаанууд хийсэн.
 
-Хубилай хааныг монголчууд Монголыг Юань улстай нэгтгэсэн гэж бараг л харааж зүхэх нь бий. Түүхэн үнэнийг тодруулбал, сонирхолтой баримтууд гарах байх?
 
-Манай улс Өндөр гэгээн Занабазарын түүхт ойг саяхан тэмдэглэсэн. Одоо Хубилай хааны ойг тэмдэглэх  гэж байна.  Тэдний  хэн, хэн нь Монголын түүхэнд сөргөөр бичигдсэн хүмүүс. Гэтэл  тэр хоёр хүнийг дэлхий асар  сайн мэддэг, судалдаг. Тиймээс бид саяхан Өндөр гэгээн Занбазарын ойг тэмдэглэж, ном, бүтээлийг нь хэвлэн гаргасан. Одоо Хубилай Сэцэн хааны 800 жилийн ойг тэмдэглэж, Олон улсын хурал хийх гэж байна. Ер нь энэ хоёрыг Монголоос өөр муулдаг улс дэлхийд байхгүй юм шүү дээ. Тэр нь түүхээ зөв ойлгоогүйтэй холбоотой. Бас сайлах, магтахын тулд түүх судалдаг юм биш. Түүхийн болсон үйл явцыг баримтад тулгуурлан үнэн зөвөөр дүгнэх учиртай. Жишээлбэл, Японд Хубилай хаан цэргийн флотоо хоёр удаа сүйтгүүлсэн. Түүний ул мөр далайн ёроолд 700-800 жил болсон. Одоогоор гурван флот олдоод байгаа. Эхнийхийг  нь бүрэн гаргаж, музей байгуулсан. Хоёр дахийг нь хагас гаргасан бол гурав дахийг огт хөндөж чадаагүй байна. Энэ мэт гадаад ертөнцөд асар олон судалгаа хийж байна. Түүнтэй адил Түүх-археологийн хүрээлэнгээс эрхлэн, Өвөрхангай аймгийн  ЗДТГ-аас дэмжиж,  Хубилай хааны цэргийн хот болох Сүрийг бада­руулагч хотод малтлага хийж байна. Тэр магадгүй Хубилай хааны цэргийн бэхлэлт, орд бүхий цогц газар юм. Өнөө хүртэл монголчууд малтаагүй байсан. Тэгвэл хэдийгээр цаг тулсан ч гэсэн ой тэмдэглэх, олон ул­сын хурал чууганыг тохиолдуулан  иймэрхүү бодитой ажлууд хийж байна.
 
-"Хубилай хааны өв” каталогид ямар мэдээллүүдийг оруулав?
 
-Энэ каталогид  бид нэлээд ач холбогдол өгч байна. Их Монгол Улсын 800 жилийн ойгоор "Чингис хааны өв” каталоги гаргасан. Энэ удаа Монголын судлаачид Хубилай хааны түүхийг цогцоор нь  гаргаж тавья гэж зорьсон. Монгол нутагт археологийн судалгаа олныг хий­сэн. Тэр дотроос Хубилайтай холбоотой түүхэн баримтууд огт ороогүй. Жишээлбэл, Сүхбаатар аймгийн Онгон сумын нутгаас олдсон гайхамшигтай дурсгалууд болон "Сүрийг бадруулагч”  хотын туурь байна. XVII-XVIII зууны үед зохиосон бичгийн хэлний олон дурсгал, тэр дотор Юань гүрэн, Хубилай хаантай холбоотой зүйлүүд  бий. Юань улсын түүх гэж 210 ботийн  цорын ганц монгол хэлний  орчуулга Төв номын санд бий. Юань улсын хуулийн цорын ганц орчуулга нь манай хүрээлэнд байдаг. Энэ бүхнийг судалгааны эргэлтэд оруулж хүмүүст таниулахгүй бол олон түмэн мэдэхгүй. Хятадаас орчуулсан ном, бүтээл олон ч монголчуудад үлдсэн соёл, түүхийн ийм их өв байна. Лу.Алтантовч, "Шар түүх”-д Хубилай Сэцэн хааны тухай, түүний  төрийн түүхийг  бичиж үлдээсэн. Тэр байтугай маш сонин зүйлүүд бий. Би 2005 онд Хөвсгөл аймгийн орон нутгийг судлах музейгээс  Халхын дөрвөн аймгийн ноёдын ургийн бичгийг олж үзсэн. Тэр дотор Хубилай, Өндөр гэгээн хоёрыг улаанаар тэмдэглэсэн байдаг. Энэ тэднийг 100 жилийн өмнө монголчууд яаж харж байв, одоо яаж харж байна гэдгийг харуулж байгаа юм. Чингис хаанаас Лигдэн хаан хүртэл Сэцэн цол хүртсэн хоёрхон хүн бий. Түүний нэг нь Хубилай хаан. Энэ бусад нь тэнэг гэсэн юм биш. Харин сэцний дээд ухаантан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дээдийн дээд ухаантан гэсэн санаа юм. Тэгэхээр хожмын монголчууд яаж харах вэ, яаж үнэн зөв дүгнэх вэ гэдэг нь  ганц түүх судлаачдын бус монгол хүн бүрийн үүрэг. Бид Их Монгол Улсын ойгоо тэмдэглээд Хүннүгийн түүхээ яаж харсан бэ, Чингис хаанаа яаж харав, Өндөр гэгээн Занабазарын ойг тэмдэглэж, түүхээ хэрхэн дүгнэв, одоо Хубилай хааны 800 жилийн ойг тэмдэглэснээр түүхээ яаж харах вэ. Энэ бүхэн Монгол Улсын дархлаатай шууд холбоотой юм.
 
-Эцэст нь  Хубилай хаан гэж хэн бэ. Ямар бодлого баримталдаг, улсаа хэрхэн авч явсан хаан бэ гэхчлэн олон асуултад та түүхийн үүднээс ямар гаргалгаа, тайлбарыг хэлэх бол?
 
-Хубилай хааныг түүхэнд янз бүрээр үнэлдэг. Хуучин  үзэл суртлын үед Монголын нийслэлийг Бээжинд шилжүүлсэн асуудал ярьдаг байсан. Хожим Юань улсыг Бээжинд үлдээсэн, ямар нэгэн бодлогогүйгээр Япон руу довтолсон, Их Хуралдайгаар биш хаан ширээнд сонгогдсон эсвэл Ариг бөхийг үгүй хийсэн гэхчлэн шүүмжилдэг. Ийм зүйл бий. Гэхдээ түүхийн баримтыг харахад, өөр зүйлүүд ч харагдана. Гадны эрдэмтэд ч үзэж байна. Тэр үед Бээжинг  Дайду буюу  Хаан  балгас  гэж нэрлэдэг байсан. Тэгвэл Хархорин  тэр үед тийм үүргийг гүйцэтгэж чадах байсан уу,үгүй юу. Өөрөөр хэлбэл, тэнд хэдэн живаа хятад ирж байдал ямар байх байв. Хятадууд бослого гаргалаа гэхэд яах байсан бэ. Тэгэхээр монгол нутгаа яаж авч үлдэх вэ гэдэг их хааны бодлого байж. Нөгөө талаас, тэр үед дөрвөлжин бичиг хэрэглэсэн. Хубилай буюу Юань гүрний үед монголчууд хятад бичгийг сурсангүй, хятадууд монгол бичгийг сурсангүй. Тэдэнд огт өөр дөрвөлжин бичиг гэгчийг зохиож  төрийн бичиг болгосон. Салахдаа аль аль нь өөр өөрсдийнхөөр явсан. Монголчууд 1368 онд Бээжингээс гарсан явдал бол бууж өгсөн хэрэг биш. Тэр бол монголчууд өөрийн нутагтаа шилжиж ирсэн асуудал. Тэр байтугай 1380-1390-ээд он хүртэл бид тусдаа улс болж Тогоонтөмөрийн ач хүү хаан ширээнд сууж явсан. Тэгэхээр зүгээр л Бээжингээс гарсан асуудал байхгүй юу. Түүнээс биш зугтсан юм уу, мөхсөн асуудал биш. Хаан ор залгамжлах ёс тасралтгүй явсаар Лигдэнгийн үед хүрч ирсэн. Тэгэхээр ийм асуудлыг эргэж харах, зөв ойлголтыг олон түмэнд түгээх, түүх бичлэгээ зөвөөр хүргэх хэрэгтэй юм.
 
Ч.ҮЛ-ОЛДОХ
 
 
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler