| |
Өршөөлд хамрагдах мөнгөн дүнг АТГ будилуулжээ
Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийг 360 сая
ам.доллар нууж байсныг АТГ илрүүллээ гэх дуулиан гарсан. Хэд хоногийн
дараа ам.доллар биш төгрөг байж, эндүүрэл гарсан хэмээгээд дуулиан
намжсан билээ. Мөнгөн тэмдэгт ялгадаггүй Авлигатай тэмцэх газрынхан
энэ удаад Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах олон тэрбум төгрөгийг
буруу тооцож УИХ-ын гишүүдийг төөрөгдүүлжээ.
УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар дээрх хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр үүнийг дэлгэлээ. Авлигатай тэмцэх газар 114 хүний холбогдогчтой 350 тэрбум төгрөг өршөөлд хамруулах тухай өмнө нь мэдээлж байсан. Гэтэл өчигдөр гишүүдэд тараасан мэдээлэлдээ 32 тэрбум гэсэн тоо дурджээ. Мөн хэрэгт холбогдуулан шалгаж буй хүмүүсийн нэрсэд УИХ-ын гишүүн Л.Болд, Ё.Отгонбаяр нар байсан ч нэгийнх нь нэр хасагджээ.
Энэ тухай гишүүд лавлахад, АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж
"Хууль зүйн байнгын хорооны хурал дээр тавьсан асуултын хүрээнд бид
дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж өгсөн. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу
нууцаар байнгын хороонд гаргаж өгсөн” гэв. Харин хоёр гишүүний тухайд
ямар ч тайлбар өгсөнгүй. УИХ-ын дарга З.Энхболд "350 гэсэн тоо гараагүй
юм байна шүү. 32 тэрбум юм байна” гэж залруулга хийв. Ийн АТГ анх
мэдээлсэн тоогоо хэд дахин бууруулж өршөөлд хамруулах мөнгөн дүнг
будилуулжээ.
М.Цэцэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин