|
Видео

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавих уу

УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг батласан. Тиймээс өршөөлийн хууль батлагдан гарсан өдрөөс өмнөх хэрэгт холбогдсон хүмүүсийн хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.

Олон нийт уг хуульд зөв, буруу гэсэн янз бүрийн өнцөгөөс хандаж байгаа юм. Тодруулбал, анхаарал болгоомжгүйгээсээ эсвэл санаандгүй байдлаар анх удаа хэрэгт холбогдсон иргэдэд энэ хууль нэн хэрэгтэй. Тэгвэл уг хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдлыг тусгасан байх ба үүнд зөвхөн Хээл хахууль авах /Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл/, Хээл хахууль зуучлах /Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байхаар заажээ. Төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтны албан тушаалын эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх гэмт хэргүүд өршөөлд хамрагдахаар тусгасан.

Тиймээс Н.Энхбаяр, Г.Дэнзэн, "Нүүрс хөтөлбөр”-өөр шалгагдаж байгаа Л.Гансүх зэрэг албан тушаалтнуудын хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа юм. Олон нийт үүнийг хүчтэй эсэргүүцэж байна.

Тэгвэл дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан уг хуулийг дэмжихгүй байгаа гэдгээ илэрхийлжээ.

Тэрбээр, "УИХ-ын хаалттай хуралдаанаар Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Авлига авсан, албан тушаалаа урвуулсан хэтрүүлсэн, хууль бусаар хөрөнгөжсөн, төсвийн мөнгө хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, иргэдийг залилсан этгээдүүдийг өршөөх нь буруу. Мөн ийм гэмт хэрэг үйлдсэн байж болох үндэслэлээр шалгагдаж байгаа албан тушаалтнуудыг өршөөлд хамааруулж болохгүй.

Өршөөлийн хуульд төрийн бодлого, зарчим тусах ёстой. Өмнөх алдаанаасаа авсан сургамжаа ч тусгах учиртай. Түүнээс бус хууль тогтоогчдын бүрэлдэхүүнд багтсан явцуу бүлэглэл, хууль завшихыг санаархагч, гэмт үйдлээ халхлахыг хичээгчид, тэдний гар хөл бологчид, хамсаатнуудын ил далд хуйвалдаан, хүсэл сонирхлын жагсаалт байж болохгүй. Ийм байдлыг улс орны бодлого тодорхойлогчид - УИХ-ын гишүүд өөгшүүлж урамшуулж болохгүй.

Дээрхи үйлдлийг хүн бүр жигшиж, газар авахуулахгүй хориглож байх нь зөв. Монголын төр авлигачдын бус ард түмнийхээ нийтлэг эрх ашигт үйлчлэх хуультай. Түмэн олон ч сонор соргог, сэрэмжтэй байж хууль шударга ёсны талд хатуу зогсох нь Монголын хөгжил дэвшил, сайн сайханд хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Ингэснээр Ерөнхийлөгч Өршөөлийн хуулийн зарим зүйл заалттай санал нийлэхгүй байгаа гэдэг нь тодорхой боллоо.

Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавих боломжтой. Тиймээс тэрээр уг асуудалд хориг тавьж магадгүй юм.

Дашрамд сануулахад уг хуулийн ачаар  АТГ-т шалгагдаж буй 55 хэргийн 45 хэрэг Өршөөлийн тухай хуульд хамрагдах боломжтой.

Г.Ган

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler