| |
”ЛАЛЫН УЛС” 500 ХҮҮХДИЙГ ХУЛГАЙЛЖЭЭ
Иракийн Анбар болон Дияла мужийн 500 хүүхдийг "Лалын улс” бүлэглэлийн босогчид хулгайлсан гэж албаны хүмүүс мэдэгджээ.
Иракийн баруун нутгийн Анбар мужаас наад зах нь 400 хүүхдийг "Лалын улс” бүлэглэлийн босогчид хулгайлж, Ирак болон Сири дэх бааз руугаа авч явсан байна гэж Анбар мужийн зөвлөлийн гишүүн Фархан Мохаммед мэдэгдэв.
Эр-Рутба, Аль-Каим, Ана болон Рава зэрэг хотоос хүүхдүүдийг нэг долоо хоног хулгайлсан байна гэж Мохаммед мэдэгдээд, босогчид эзлэн авсан газар нутгийн хүүхдүүдийг хулгайлж, тэднийг террорист халдлагадаа ашиглаж магадгүй юм гэдгийг анхааруулсан байна.
Үүний зэрэгцээ, амиа золиослох халдлагад ашиглахаар Иракийн зүүн нутгийн 100 хүүхдийг хулгайлсан гэж Дияла мужийн цагдаагийн дарга, дэслэгч генерал Касим аль-Саиди мэдэгджээ. Тэрбээр, босогчид 16-аас доош насны 100 орчим хүүхдийг хулгайлсан бөгөөд тэдний толгойг эргүүлэн амиа золиослох халдлага үйлдэхдээ ашиглана гэж хэлэв.
garag.mn