![]() |
Хилийн наана үлдсэн тамирчдынхаа өмнөөс багш нар нь барилдаад давчихлаа
Өнөөдөр Катарын Доха хотноо чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байгаа билээ. Уг тэмцээнд оролцохоор явсан манай тамирчдын 74, 97, 125 кг-ын жингийн
тамирчид болох Д.Гомбодорж, Д.Хүдэрбулга, Н.Золбоо нар визаны зөрчлийн
улмаас Катарын хил давж чадаагүй учир гурван тамирчны оронд Дохад
тамирчдаа дасгалжуулахаар очсон багш нар барилдахаар болсон байна.
Учир нь Азийн аваргад бүтэн багаар оролцож байж ирэх намар болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүтэн багаар оролцох эрхтэй болох юм. Өөрөөр хэлбэл, манайхан Дохад 74, 97, 125 кг-ын жинд тамирчнаа барилдуулахгүй бол ирэх намар ЛасВегаст болох ДАШТ-д эдгээр жинд бөхөө илгээх боломжгүй болох байсан юм.
Тиймээс манайхан хэцүү байдалд орохгүйн тулд энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 74 кг-ын жинд эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, 97 кг-д шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр, 125 кг-ын жинд эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр нар барилдахаар бүртгүүлж, жингээ үзүүлжээ.
Тамирчныхаа оронд дэвжээнд гарсан дасгалжуулагч Б.Батбаяр дөнгөж сая эхний барилдаанаа хийж, Туркменистаны бөхийг 9:6 харьцаагаар яллаа. Тэрбээр 125 кг-ын жинд өрсөлдөх байсан Н.Золбоогийн өмнөөс барилдав.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тамирчин хүний амь амьдралд чухал нөлөө үзүүлж болох хамгийн шийдвэрлэх тэмцээн байдаг. Нөгөө талаар Риогийн олимпийн эрхийг ЛасВегаст болох Дэлхийн аваргаас анхлан олгоно. Зарим тамирчдын хувьд олимпийн эрх авах гол боломж олимпийн өмнөх жилийн ДАШТ байх өндөр магадлалтай.
Тийм ч учраас Монголын баг эрэгтэй багаа Дэлхийн аваргад бүтэн багаар нь аваачихын тулд багш нар дэвжээнд гарч барилдахаас өөр сонголт ч тэр, боломж ч бидэнд байсангүй.
Ямартай ч тамирчдынхаа өмнөөс дэвжээнд гарч байгаа багш нар Монголын чөлөөт бөхийг нэг том аюулаас аварч, Дэлхийн аваргад бүтэн багаар оролцох боломжийг авч үлдэж чадлаа.
![](/templates/kingnews/images/logo.png)