| |
Ж.МӨНХБАТ: ХАРИУЦЛАГАГҮЙ ЗУД НҮҮРЛЭСЭН ХОЁР ЖИЛ БАЙЛАА
Өнгөрсөн бямба гаригт шилжих шөнө үүрээр эртлэн гарсан манай цуваа цасан шуургыг үл тоон давхисаар үдийн алдад Эзэн Чингисийн өлгий нутаг болох Хэнтий аймгийн төвд ирэв. Биднийг очсон дариуд аймгийн МАН-ын дарга Н.Ганбямба нарын албаныхан угтаж авсан юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нараар ахлуулсан ажлын хэсгийг орон нутагтаа ирсэн сургаар иргэд аймгийнхаа Соёлын төвд цуглажээ. Хэнтий аймагт зохион байгуулсан "Иргэдтэй уулзах цаг-2015”-ыг нээж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлсэн үгэндээ "2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр манай нам засаглалын эрхээ АН-д шилжүүлсэн. Ингэхдээ хэд хэдэн хүчин зүйлтэй засаглалыг хүлээлгэж өгсөн. Тухайлбал, Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.5 хувь, ард түмний амьжиргааг дээшлүүлэх зорилгоор цалин, тэтгэврийг 50 хувиар нэмсэн байсан. Түүнчлэн Монголбанк дахь гадаад валютын нөөц дөрвөн тэрбум, долларын ханш 1330 төгрөгтэй нийгмийг хүлээлгэж өнсөн. Харамсалтай нь, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг хямарч, төгрөгийн ханш унаж, өргөн хэрэглээний үнэ нэмэгдлээ. Нэг үгээр хэлбэл, хариуцлагагүй зуд нүүрлэсэн хоёр жил байлаа” хэмээн онцлов. Тэрбээр үргэлжлүүлэн "Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон. Шийдлийн гэх тодотголтой Засгийн газрын тэргүүн МАН-ыг хамтарч засаглах хүсэлт хэд хэдэн удаа тавьсан. Манай намын зүгээс бага хурлын гишүүд болон иргэд, сонгогчдоосоо Засгийн газарт хамтарч ажиллах нь зөв үү, буруу юу гэх санал асуулга явуулсны үр дүнд хамтрахаар болсон юм. Үнэнийг хэлэхэд, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, ард түмний амьдрал туйлдаа хүрсэн энэ үед хамгийн зөв гарц нь Засгийн газарт хамтарч ажиллах байлаа” гэв.
МАН-ЫН УДИРДЛАГУУД ХЭНТИЙ БОЛОН ДОРНОДЧУУДЫН ДУУ ХООЛОЙГ СОНСОВ
Сонины редакциас томилолт өвөртөлсөн сэтгүүлч нарт ухрах эрх байдаггүй. Яг л тушаал авсан цэрэг шиг. Тийм ч учраас нэг мэдээний төлөө хэдэн зуун км зам туулах нь энүүхэнд. Харин сурвалжлагаар хөдөө, гадаа явж байхад иргэдийн аж байдал, ахуй амьдралаас авахуулаад хэцүү, адармаатай олон зүйл тохиолдоно. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий, Дорнод аймгийн иргэдтэй уулзаж, тэдний дуу хоолойг сонсов. Гар, сэтгэл нийлсэн ажлын хэсгийн багт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Н.Цагаанхүү, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Н.Мөнхсайхан нарын албаныхнаас гадна урлаг соёл, сэтгүүлчид ч багтсан юм.
ТЭНГЭРИЙН МУУХАЙ АРИЛНА, АН-ЫН МУУ АРИЛАХГҮЙ ГЭВ
Ингээд цугласан олны үгээ хэлж, асуулт асуух ээлж ирлээ. Гартаа дэвтэр, цаас барьсан ахмадууд танхимын голд байрлуулсан микрофоны ард нэг нэгээрээ гарч, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэв. Цугласан олноос хамгийн эхэнд Дорнод аймгийн иргэн, өндөр настан Д.Жүгдэрнамжил ахмадуудаа төлөөлж үг хэлэв. Тэрбээр "Манай нутгийн ахмадуудын 70 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй. Гэтэл банкуудын зээлийн хүү харилцан адилгүй байна. Бид тэтгэврээ 12 сараас хоёр жилийн хугацаатай зээлдэг. Зээлийн хүү сард 1.5 хувь, жилд 18 хувь байдаг. Гэсэн атлаа 11 сарынхаа тэтгэврийг зээлэхээр хүүг нь 12 сараар бодож авдаг. Үүнийг тодорхой болгох хэрэгтэй” гэв. Тэрбээр үргэлжүүлэн "МАН-аас санаачилсан Ахмадуудад ач санах тухай хууль яригдаж байна. Үүнийг та бүхэн дэмжиж, батлуулах хэрэгтэй” хэмээн хэлсэн юм. Үргэлжлүүлэн өндөр настнуудын зүгээс "Малчид бид ихэвчлэн мөнгөгүй байдаг. Өнөөдөр ноос, ноолуур хямдхан үнэтэй байна. Худалдан авдаг хүн ч олдохоо байлаа. Өөрсдөө ирж авч чадахгүй байж, тэр хэдэн хятадуудыг худалдаж авахыг нь хориглоод байгаа нь ямар учиртай юм бэ. Энэ хэний бодлого вэ”, "Өнгөрсөн жил манай Хэрлэн голын амыг боочихсон. Тэрийгээ яах гэж байна вэ. Ингэх нь хэнд ашигтай болж таарах нь. Хур бороо багатай үед гол маань тасрахад бэлэн боллоо” гэх мэтчилэн үгсийг дайж, заримыг нь шийдвэрлэж өгөхийг хүсч байв. Гэхдээ Хэнтий аймгийн иргэдийн ихэнхи нь "Цалин, тэтгэвэр бага байна, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадлаа, дарга нарт зориулж хууль баталж байна, малчдаа дэмжих хэрэгтэй, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой зэргийг сануулж, анхааруулж байлаа.
Нутгийн иргэдийн ярихыг чагнаж суусан бидэнд "Тэнгэрийн муухай арилна. Харин АН-ынханы муу арилахгүй юм даа” гэх үг яагаад ч юм их л сонин, содон сонсогдсон юм. Учир нь, ахмадууд хэд хэдэн зүйлд шүүмжлэлтэй хандаж байсан бөгөөд засгийн эрхийг барьж буй АН-ынханд бухимдаж буй нь илт байлаа. Хэдийгээр тэд бухимдалтай байсан ч эдийн засаг хүндэрч, иргэдийн худалдан авах чадвар муудсан энэ үед иргэдийнхээ амьдралыг албан тасалгааны цонхоор дүгнээгүйд МАН-ын дарга, удирдлагуудад талархаж буйгаа ч давхар илэрхийлсэн юм. Ийнхүү гурван цаг гаран үргэлжилсэн уулзалт сая нэг дуусч, төс засагтаа үгээ дайсан нутгийн зон олон "Санаа нь амрав уу” гэлтэй нэг нэгээрээ танхимаас гарч одов.
ДОРНОДЧУУД БУХИМДАЛТАЙ БАЙНА
Удалгүй бид Хэнтийгээс цааш Дорнод аймгийн зүг хөдлөв. Замын уртад нар уулын цаагуур орж, үдшийн бүрэнхий боллоо. Хэдийгээр гадаа харанхуй, цасан шуурга нүүр нүдгүй балбаж байсан ч дорнодчууд дуу шуутайхан, халуун дотно угтаж авсан юм. Төр, засагтаа үгээ дайх гэсэн ахмадууд, бидний ярианд хорогдон зогсох залуусыг харахад сэтгэлд нэг л дотно. Удалгүй тэдний хүсэн хүлээсэн уулзалт ч эхэллээ. Уламжлал ёсоор уулзалтыг нээж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат үг хэлэв. Дараа нь МАН-аас УИХ-д сонгогдсон Б.Бат-Эрдэнэ гишүүн "Сүүлийн хоёр жилийн хугацаанд улс орны эдийн засаг хүнд байна. Эдийн засаг ингэж их хямарсан нь хариуцлагатай холбоотой. Өөрөөр хэлбэл, АН-ын бодлогын алдаатай шийдвэрүүдтэй хамааралтай юм. Үүнээс болж ард иргэдийн амьдрал хүндэрсэн. Гол буруутан нь Засгийн эрхийг барьж байгаа АН-ынхан” хэмээн онцоллоо. Ингээд дорнодчууд МАН-ын удирдлагуудад хандаж, үгээ хэлэв.
Хэрлэн сумын III багийн иргэн Л.Ганхуяг "Малчдын тэтгэврийн насыг ойртуулах хэрэгтэй. Түүнчлэн намынхаа анхан шат болон боловсон хүчний асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Шинэ залуу, боловсон хүчээ дэмжих шаардлагатай. Мөн нам болон төрөөс өгч байгаа гавьяа шагнал яг эзэндээ хүрдэггүй атлаа замбараагаа алдлаа” гэсэн бол тус сумын I багийн иргэн, өндөр настан Х.Дорждалам Ноён Уулыг ухах асуудалд МАН ямар байр суурьтай байгааг тодруулав. Түүнчлэн хурдан шиг л эдийн засгийн хямралаас улс орноо гаргах хэрэгтэйг захисан юм. Харин тус сумын VII багийн иргэн М.Хад-Оргил хэлэхдээ "Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тэр нэрсийн жагсаалтаар хэний ч мэдэхгүй нөхөр УИХ-д орж ирдэгийг болих нь зүйтэй. Дээр нь сонгуулийн санал хураалтыг хоёр аргаар тоолох нь зөв. Болж өгвөл МАН-ын гишүүд та бүхний ярьж байгаа шиг гар аргаар тоолох хэрэгтэй” гэсэн бол IV багийн иргэн Н.Мэндээ "Ард түмний амьдрал ядуу, сэтгэл санаа хүнд байна гэж ярьдаг ч АН-ынхан өнөөг хэр нь дорвитой ямар ч зүйл хийхгүй байна. Үр дүн харагдахгүй байна. Ард түмнээ бага гэж үздэг төр ямар ч үед байгаагүй. Ард түмнээсээ айдаггүй төр бидэнд хэрэггүй. Яагаад ард иргэдээ ядарч, зовж байгааг харахгүй байгаа юм бэ. Үнэхээр харамсаж байна” хэмээн нэлээн бухимдалтай ярив.
Энэ мэтчилэн өнөөгийн Засгийн газрын хийж, хэрэгжүүлж буй ажил, бодлого, шийдвэрийн талаар нийслэл хотоос 700 гаруй км-ийн хол алслагдсан Хэнтий болон Дорнод аймгийн иргэд сайн гэхээсээ илүү саар зүйлийг ам уралдан ярьж, зарим ойлгомжгүй зүйлээ УИХ-ын гишүүн болон дэд сайд нар, МАН-ын удирдлагуудаас асууж, тодруулж байсан юм. МАН-ын Ерөнхий нарийн бичиг Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсгийнхэн ч иргэд, сонгогчдынхоо хүссэн асуултад хариулж, намын зүгээс цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаараа ч уламжилав. Харин редакцаасаа томилолт өвөртөлсөн сэтгүүлч бидний хувьд эх орныхоо зүүн хоёр аймгийн иргэдийн зовлон, жаргалыг сонсож, тухайн орчныг мэдрэх хэдэн зуун км зам туулж, алс холыг зорьсны утга учир энэ гэлтэй.