| |
“Иргэдийн цаг 2015” хөдөө орон нутагт
Монгол Ардын Намын дарга, Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийлээ. Энэ үеэр Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцсэн асуудал, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар тодорхой мэдээлэл хийж, орон нутгийн тулгамдсан асуудалтай газар дээр нь танилцсан байна.
МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд "Иргэдийн цаг 2015” хэлэлцүүлгийн хүрээнд Баянхонгор аймгийн иргэдтэй уулзалт хийсэн. Тус уулзалтад УИХ-ын гишүүн, МАН-ын хангайн бүс хариуцсан нарийн бичгийн дарга О.Содбилэг, ХХАА-н дэд сайд Батзориг, ХАХНХ-ын дэд сайд Мөнхбаатар, Уул уурхайн дэд сайд Тэмүүлэн нар оролцож, иргэдийн санал бодлыг сонсон, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө. Уулзалтын эхэнд МАН-ын дарга М.Энхболд 2012 онд Н.Алтанхуягийн ЗГ-т 17,5 хувийн өсөлттэй эдийн засаг хүлээлгэн өгсөн. Гэтэл хоёрхон жилийн дотор эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрч унасан, банкны хугацаа хэтэрсэн өрийн хэмжээ 269 тэрбум төгрөг болсон, гадаад валютын нөөц шавхагдсан, хөрөнгө оруулалтын хэмжээ 7,3 дахин буурсан, бараа бүтээгдэхүүний үнэ 40-хувиас 2 дахин нэмэгдсэн, Чингис, Самурай бонд гээд бараг 2 тэрбум ам долларын өр тавьсан гэдгийг дуулгаад, эдийн засгийн энэ уналтыг зогсоохын тулд өмнөх ЗГ-ыг огцруулж хариуцлага тооцсон, намын эрх ашгаа хойш тавьж, улс орноо бодсондоо шинэ ЗГ-т хамтарсан гэдгээ дуулгалаа.
ЗГ-т хамтарсан нь өмнөх ЗГ-ын алдааг мартаад орхино гэсэн үг биш гэдгийг ч МАН-ын дарга онцолсон. Мөн МУ хөгжлийн туг болсон нэг бодлого төлөвлөлттэй болох ёстой, энэ чиглэлээр ч УИХ дахь МАН-ын бүлэг онцгой анхаарч байгааг дуулгалаа. Хонгор нутгийн иргэдийн тухайд ч орон нутагт амьдрал хүндхэн, асуудал их байгааг хэлж байсан. Хэт улс төржилтөөс төрийн албаны чадвар сульдаж, олон хүн ажил төрөлгүй болж, үзэл бодлоо илэрхийлсэнийхээ төлөө цагдаа шүүхэд дуудагдан дарамтлуулах болсноо ч иргэд хэлж байлаа.
Иргэдтэй хийсэн уулзалтын дараа МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд МАН-д шинээр гишүүнээр элсэж буй 37 хүнд намын гишүүний батлах гардуулсан. Мөн зарим хүмүүсийг МАН-ын Тэргүүний ажилтан, МАН-ын Ахмад зүтгэлтэн цол тэмдэг, Эх орны төлөө медалиар шагналаа.