| |
Улсын баатар Бат-Үүл ба Америк яллагдагч
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл урьдчилан саатуулах 461 дүгээр ангид "зочилжээ". Нийслэлийн нутагт дэвсгэрт байрладаг төрийн тусгай объект гэдгээр нь үйл ажиллагаатай нь танилцах гэж очсон юм болов уу гэтэл үгүй байв. Харин өнгөрсөн долоо хоногт шүүхээс ял сонссон "Саус Гоби Сэндс"-ийн экс удирдлагуудтай цаг гарган уулзаж, санаа бодлыг нь сонсчээ. "Монголын бизнесийн зөвлөл"-өөс хүсэлт тавьсан учир өөрийн биеэр зорьж очсон гэх. Угтаа бол шүүхийг шүүх эрх нь дээд шатны шүүхэд л бий. Гагцхүү оролцогч талууд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд давж заалдах эрхтэй. Гэвч шүүхийн шийдвэр гарсны дараа болон гаргахаас урьтаж "нөлөөлөх" гэж оролддог буруу жишгийг хотын дарга үргэлжлүүлсэн нь энэ юм.
Үүнийг удаа дараа мэдэгдэл хийж, "Мянганы сорилтын сан"-гаас Монголд оруулах хоёр дахь хөрөнге оруулалтыг хүртэл зогсооно хэмээн "сүрдүүлэх" болсон мэдээллийг зөөллөх гэсэн албаны хүмүүсийн арга гэж харж болох юм. Э.Бат-Үүл даргын тайлбарласнаар "Найрсаг-Улаанбаатар"-ын нэр хүндийг алдахгүй гэсэндээ хорих ангид очжээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын олон асуудлыг шийдвэрлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Ийм байхад гадаадын хөрөнгө оруулагчдыг барьж хорих нь эдийн засгийг гүн ангал руу унагах аюултайг тэрээр тодотгожээ. Үнэхээр ч нийслэлийг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байгааг үгүйсгэхгүй. Үүгээрээ хотын даргын үйлдэл зөв ч байж болно. Гэхдээ "Найрсаг-Улаанбаатар"-ын энгийн иргэн эхлэл албан байгууллагын хаалгаар орохоос эхлэх учиртай. Адаглаад албан бичиг бариад орсон хүн ямар нэгэн хүнд сурталд түүртэлгүйгээр ажлаа бүтээгээд гардаг байх ёстой. Түүнээс гадаадын хөрөнгө оруулагчдад найр тавьж байна гээд хууль дүрмээс гажсан зүйл хийлгэх нь "Найрсаг-Улаанбаатар"-ын тодотгол огт биш. Ёстой л нөгөө дүр эсгэсэн ардчилал болохгүй гэж үү. Үүнийг хотын дарга ч өөрөө мэдэж байгаа байх. Хамгийн гол нь, хотын дарга энэхүү үйлдлээрээ шүүхийн шийдвэрийг үгүйсгэж болдог юм байна гэх буруу жишгийг бусдадаа үргэрлэж буйгаас өөрцгүй.
"Саус Гоби Сэндс"-ийн экс удирдлагуудад холбогдох хэргийн сэжүүрээс Авлигатай тэмцэх газрынхан атгаж хоёр жилийн турш дуншиж байж эцэстээ Монгол Улсын хуулийн дагуу шүүн таслах үйл ажиллагаа явуулсан. Мөн өнгөрсөн хугацаанд төлөөгүй 35.2 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт тушаахыг үүрэг болгоод буй. Одоо бол Жастин Капла тэргүүтэй хүмүүс анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргуүцэж давж заалдахаа илэрхийлээд байгаа. Давж заалдах нь тэдний эрх. Гагцхүү төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлүүлээд хууль тогтоогч УИХ-ын гишүүд нь хүртэл шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс "нөлөөлөх" гэж оролддог буруу жишиг тогтоож эхэлсэн нь зүйд хэр нийцэх бол. Энгийн нэг иргэн өргөдөл бариад хотын дарга байтугай хэлстийн дарга дээр ороход барагтаа хүлээн авч шийдвэрлэхгүй хоёр өрөөний хооронд хөлсийг нь цувуулж, хөлийн улыг нь эргэтэл гүйлгэдэг төрийн албаны тогтолцоог өдийг хүртэл халж чадаагүй л байна. Ийм байхад шүүхээс гэм буруутайг нь тогтоочихсон атал хотын дарга нь биечлэн очиж уулзсан нь цаанаа нэг шалтгаантай байж болох. Яагаад гэвэл "Саус Гоби Сэндс"-ийн экс удирдлагуудад дахиад хоёр ч "боломж" бий. Үнэхээр анхан шатны шүүх буруу шийдвэр гаргасан бол давах цаашлаад Дээд шүүхээр дэнслэгдэнэ.
Гэтэл юу юугүй гадаадын хөрөнгө оруулагчдад "хайр" зарлаж гүйх нь дарга нарт огт зохихгүй гэдгийг тэд мэдэж байлтай. Хуулийг хамгийн түрүүнд хэрэгжүүлэх учиртай төвшинд ийм байхад шүүхийн шинэчлэл энэ тэрийг яриад ч яахав. Магадгүй жирийн Монгол иргэнд ийм зүйл тохиолдсон бол хотын дарга та очих байсан уу гэсэн асуултыг танд үлдээе.
Эцэст нь хэлэхэд америк ч бай, монгол ч байсан хууль, шүүхийн өмнө адилхан үүрэг хариуцлага хүлээх учиртай билээ. Ийм атал хотын дарга нь хүртэл хорих анги руу очиж тал засч байгааг бусад нь юу гэж харж, ойлгох бол.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/