|
Видео

Шинэ мэдээ

Шүүхийн шинэчлэл УХАРСАН УУ?

Шүүхийн шинэчлэл УХАРСАН УУ?Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхлүүлсэн шүүхийн шинэчлэл "хад мөргөн" зогслоо. Энэ "хад" нь энэ удаад улстөрчид биш, Үндсэн хууль байв. Өөрөөр хэлбэл, УИХ-аар батлаад хэрэгжүүлж байсан Шүүхийн тухай багц хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн болохыг Цэц тогтоолоо. Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр байдаг нь үнэн л юм бол Цэцийн Их суудлын хуралдаанаараа гаргасан энэхүү шийдвэр одоо эцсийнх.

Үндсэн хуулийн босгыг давалгүй унасан энэхүү хуулийн нэр нь Шүүх байгуулах тухай хууль. Хоёр жил орчим мөрдсөн энэ хууль өнгөрсөн хугацаанд багагүй маргаан дагуулж байсан нь ч үнэн. Яагаад гэвэл, хэд хэдэн аймгийн дунд нэг шүүх байгуулсан нь иргэдэд явдал чирэгдэл, хөрөнгө мөнгөний хувьд хохиролтой байна гэсэн гомдол тасрахгүй байлаа.

 

Тухайлбал, аймгуудын хувьд Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган аймаг дундаа нэг шүүхтэй болсон. Үүн шиг бусад аймгууд ч хэд, хэдээрээ дундаа нэг шүүхтэй болоод байсан юм. Харин нийслэлд дүүрэг бүрт байсан шүүхийг иргэний болон эрүүгийн хэргийн гэж ангилан хэд хэдэн дүүргийн дунд нэг байхаар зохицуулсан байв.

 

Хуулийн энэхүү шинэ орчин, шинэ зохицуулалт нь Үндсэн хууль зөрчиж байгаа тухай маргаан өнгөрсөн оноос эхэлж байв. Цэцийн дунд суудлын хуралдаанаас Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргаж байсан ч УИХ хүлээж аваагүй юм. Харин Цэцийн Их суудал өнгөрсөн сарын 30-нд хуралдаж хуулийн зарим заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Цэцийн шийдвэр ёсоор ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн тойргоор шүүх байгуулахаар хуульчилсан байсан Шүүх байгуулах тухай хуулийн заалт хүчингүй болох юм. Эдгээр заалтыг хүчингүй болгосон шалтгаанаа Цэц "хуулийн заалтууд шүүхийн үндсэн тогтолцоог тойргийн зарчмаар бус, нутаг дэвсгэрийн харьяаллаар зохион байгуулах болон иргэний үндсэн эрх болох хууль зүйн туслалцаа авах, шүүхэд гомдол гаргах эрхийг зөрчсөн" гэж тогтоожээ. Мөн
иргэнии шүүх ажиллагаанд биеэр оролцох, давж заалдах эрхийг хязгаарласан гэдэг дүгнэлт гаргасан байна. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчимтай зөрчилдсөн учраас Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалтыг хучингүй болгосон гэдгээ Цэцээс мэдэгдлээ. Ингэснээр аймаг, дүүргүүдийн дунд нэг байсан шүүхүүдийг задалж хуучин байснаар нь болгоно гэсэн үг. Харин энэ шийдвэр нь шүүхийн шинэчлэлийг ухраав уу, урагшлуулав уу. Энэ талаар дараахь хүмүүсээс тодрууллаа.

 

Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР:
-Үндсэн хуульд шүүхийг эрүү, иргэн, захиргааны чиглэлээр дагнан байгуулж болно гэсэн байдаг. Анх удаа гурван төрлөөр
дагнан байгуулсан. Энэ нь том ололт. Би нэг юмыг гайхаад байдаг юм. Эрүү, иргэний давж заалдах шатны шүүх аймаг бүрт байсан. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шүүх зөвхөн нийслэлд ганцхан байдаг. Үүнийг өнгөрсөн хугацаанд Үндсэн хууль зөрчлөө гэж хэлээгүй. Одоо ч хэвээрээ байгаа, Цэц ч хөндөөгүй. Ийм байдлаар арваад жил явсан. Гэтэл эрүү, иргэний хэргээр дагнан шүүх байгуулахад юу нь болохгүй байгааг ойлгохгүй сууна. Тэгээд ч энэ хуулийн төслийг Ерөнхийлөгчийг өргөн барьсан гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг юм билээ. Уг нь УИХ дахь бүх намын төлөөлөл оролцсон 7-8 гишүүн санаачлан өргөн барьж УИХ-аар батлуулсан. Ерөнхийлөгчийн шүүхийн шинэтгэлтэй уялдаж байгаа нь үнэн.

Гэхдээ УИХ дээр хуулийг баталдаг учраас Цэц дээр хариуцагч нь УИХ болдог. Тэгэхээр Цэцийн хуралдаанд УИХ-ын даргын захирамжаар томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох ёстой. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Х.Тэмүүжин гишүүн очсон гэж би ойлгосон. Тэгэхээр хууль санаачлагчид болон УИХ энд илүү тодорхой тайлбар өгөх байх.

 

-Таныг Цэцийн шийдвэрт сэтгэл дундуур байна гэж ойлгож болох уу?
-Миний хувьд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндсэн хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Аймаг бүр шүүхтэй байна гэж Үндсэн хуульд заагаагүй шүү дээ. Шүүхийг дагнан байгуулсан нь шүүхийн ачааллыг бууруулах, анхан шатны шүүхийн ач холбогдлыг нэмэгдүүлэхээс эхлээд давуу талтай байсан. Та анхан шатны болон давж заалдах шүүх нь нэг байшинд байна гээд төсөөл дөө. Тийм тохиолдолд анхан шатны шүүхийг хүмүүс нэг их тоодоггүй, хаашдаа давж заалдана гэсэн бодолтой байдаг, Хэд хэдэн аймгийн дунд байгуулахаар анхан шатны шүүхээр шийдвэрээ зөв гаргуулахын тулд ач холбогдол өгнө. Үнэхээр гомдолтой, буруу шийдвэр гаргасан гэж үзсэн хүн мөнгө төгрөгөө зараад эрх ашгаа хамгаалуулахын төлөө явдаг л байхгүй юу.

 

УИХ-ын гишүүн Х.ТЭМҮҮЖИН:

-Тойргоор шүүх байгуулаагүй шүү дээ. Би энэ талаар яримааргүй байна, Ерөнхийлөгчөөс асуу. Ерөнхийлөгч өргөн барьсан хууль шүү дээ. Шүүх байгуулах тухай хуулийг зөвхөн Ерөнхийлөгч өргөн барьдаг юм.

 

УИХ-ын гишүүн Г.БАЯРСАЙХАН:

-Шүүхийг хэд хэдэн аймгийн дунд нэг байхаар зохион байгуулсан нь иргэдэд хүндрэл үүсгэж байсан. Хэнтий аймгийн хүн Дорнодод заавал өөрийн биеэр очиж шүүхэд хандах нь мэдээж хэцүү. Замын зардал, хоол унд, байрлах байрнаас эхлээд иргэндээ эргээд ачаалал өгөөд байгаа юм. Хуучнаараа байсан нь зөв гэж би хувьдаа боддог. Иргэндээ төр нь үйлчлэх ёстой биз дээ. Тиймээс хуулийн заалтыг хүчингүй болгосныг дэмжиж байна. Хууль иргэдэд хүндрэл үүсгэдэггүй бас амьдралд хэрэгждэг байх ёстой.

 

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.ГАНБАТ:
-Цэцийн шийдвэр долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Цэцээс гарсан энэ шийдвэр нь хуулийн адил хүчинтэй. Тиймээс ийм, тийм байна гэж шүүмжлэх нь зохимжгүй. Харин амьдрал дээр биелэх боломж нь ямар байгааг судлах ёстой. 2015 оны төсөв, төсвийн тодотгол бүгд батлагдчихсан. Шүүхийг буцааж өөрчлөхөд хэр хүндрэл үүсэхийг сайн нягтлах ёстой.
Цэцийн Их суудлын хурапдаанаас гарсан шийдвэрийг УИХ-аар хэлэлцдэггүй. Уг нь нийгэм дэвшиж байна. Эрүү, иргэний хэргийн шүүх нэг байсныг тус тусад нь үйл ажиллагааг нь явуулах болсон байсан. Энэ нь шүүхийг бэхжүүлж, шүүхийн шийдвэр чанартай гарах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах зорилгодоо хүрч байсан гэж боддог. Шүүхийн шинэчлэлийг би дэмждэг. Бусад орны хувьд дагнасан шүүхээр ажилладаг. Манайх ч үүнийг хэрэгжүүлээд хоёр жил шахам боллоо.

 

УИХ-ын гишүүн Ж.ЭНХБАЯР:

-Уг нь шүүхийг шинэчлэх гээд зүтгэж хийсэн ажлуудын нэг нь энэ. Гэхдээ бодит байдалд хүндрэлтэй зүйл гарсан нь үнэн. Гэхдээ Үндсэн хуулийн Цэц эрх зүй, онолын хувьд асуудлыг шийдсэн гэж үзэж байна.



М.АЛТАНЦЭЦЭГ /Үндэсний шуудан/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler