|
Видео

Шинэ мэдээ

Парламентын засаглал Монголд зохихгүй нь тодорхой болчихлоо...

Парламентын засаглал Монголд зохихгүй нь тодорхой болчихлоо...

 

Үндсэн хууль болон засаглалын эргэн тойронд: Бодрол №2
 
Парламентын засаглалтай орнуудын алдаа, оноо, сургамжийн талаар цөөн зүйлийг өгүүлье. Энэ бол дутагдал, доголдол ихтэй, зарим оронд ep таарч тохирдоггүй, төр засгийн хямрал, тогтворгүй байдлыг байсхийгээд л үүддэг, ялсан намын эрхшээлд улс орныг боомилон оруулдаг, "4 жилийн дотор ид, уу, бялуу хуваа, шахаа, чавчаа хий, гэрээ хэлэлцээр нууцаар байгуул, амжиж авилга ав” гэсэн уриатай" засаглал, Засгийн Газар юм. Парламентын засаглалтай  20 орчим орны ихэнхид нь яг ийм бодит байдал ноёрхсоор иржээ.  Манайхны дууриах дуртай Англид ч мөн ийм байгаа болно. Тийм болохоор л дэлхийн 200 гаруй улс орны зөвхөн 10 хувь орчим нь л энэ засаглал байгаа ажээ. Монголд өнгөрсөн 30 жилд Засгийн Газрын дундаж нас хэдэн жил байсан гэдэг билээ?... 
Парламентад нь барууны, хэт барууны нам олонхи болчихсон улсад баян, хоосны ялгарал хүчтэй болж, ядуусын тоо богино хугацаанд их өсөж байна. Зарим нэг нь пролетарийн маягийн хувьсгалын тохироо бүрдэж, мөргөлдөөн гарч, цус урсаж, хөрөнгөлөг давхрааныхан хохирч, хэлмэгдэж байх болов.
 
Парламентад нь  зүүний, хэт зүүний үзэлтнүүд олонхи болчихвол үндсэн хуульт цөөнхийн ноёрхол тогтож, аажмаар шинэ маягийн бүгдийг дарангуйлан захиргаадагч (тоталитар) дэглэм түрч болов оршин байх болов. Үүний үр дагавар болж улс орон нь эдийн засаг, улстөр, соёлын талаар уналтад орж, хөгжлийн хурдац нь саарч, идэвхигүй байдалд нийгэм нь бүхлээрээ автаж байна. Хэрэв мөнхүү эрх баригч зүүний хүч нь “өс санах тооцоо бодох зорилго,бодлогыг туйлшран мөрдөж эхлэх аваас” нийгэмд олон зүсмийн хэлмэгдүүлэлт мөн гарч байна. Газар, ашигт малтмал, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө мэтийг цөөн гэр бүл элдэв аргаар луйвардан өмчилснийг илчлэх, хөрөнгийг нь хураах, тийм боломж олгосон төрийн албан хаагчид, улстөрчдийг эрүүгийн хэрэгт татах хөдөлгөөн өрнөж нийгэм айдас, түгшүүрт автаж, тодорхойгүй  төлөв байдал буй болсоор байна. Парламентад аль ч нам олонхи болж чадахгүй, байнгад л эвслийн Засгийн Газар байгуулагдах болсон зарим оронд улстөрийн тогтворгүй байдал, Засгийн Газрын хямрал үргэлжилж улс орон нь өр, зээлэнд баригдаж дампуурснаа зарлахад хүрээд байна. Парламентын засаглалтай олон оронд улстөрийн популизм хэрээс хэтэрч, улстөрийн олон нам байгуулагдаж хүн амын нь тодорхой хэсгийн хийдэг ажил, эрхэлдэг алба нь жагсаал, цуглаан, элдэв зүсмийн хийрхэл болж, бүр “цалинтай жагсаал, ажил хаялт, саналын наймаа, цалинтай өлсгөлөн” мэтийн зүй бус үзэгдлүүд ч гарсаар байна. 
Урлаг, спортод од болчихлоо гэж төөрөлдсөн охид, залуусын тоо ч өсөж, мөн улстөрд од болчихлоо гэж хийрхсэн хүмүүсийн тоо ч бас өсөж, бүр “Лидер”-ийн байр, суурь, нэр хүнд, намын тамга, тэмдэг булаацалддаг “тэмцээн” нас тогтсон, үс бууралдсан эрхмүүдийн дунд ч явагддаг болчихлоо.
 
Ажил мэргэжлийн, мэдлэг, боловсролын чанар, зиндааны хувьд бол тэд тус тусын салбартаа ижилхэн л “нялх, нярайчууд” юм. Энэ бол угтаа их хохирол, бүр их аюул өвөртөлсөн төөрөгдөл, эмгэнэл, самуурал билээ. Олон мянган хүнийг хамарсан төөрөгдөл, хийрхэл бол айдас, түгшүүр төрүүлэхээр үзэгдэл юм. Төөрөлдсөн, хийрхсэн, дарвисан олон хүний хөлд тухайн улс үндэстний сор болсон сэхээтнүүд, үнэт уламжлал, үнэ цэнтэй зүйлс бүгд л үрэгдэж, талхлагдаж байсан тохиолдол аль ч тивийн түүхэнд гарчээ. Өнөөгийн бид ч гэсэн түүхийн бас л нэг иймэрхүү хэсэгт, хэрчимд аж төрцгөөж байна.  Манайд гэхэд л улстөрийн намын тоо 40-рүү ойртсоор, нам бүр дор дороо өөрсдөө ч учрыг нь ойлгоогүй шахам элдэв шаардлага тавьж жагсаал, цуглаан хийсээр байгаа билээ... Тэмцлийн аль ч хэлбэр зүйлийг үнэн мэдлэг, зөв мэдээлэл, ноттой баримт, тооцоон дээр тулгуурлаж, судлаачдын зөвлөмж, гаргалгаанд түшиглэж, өмнөх тэмцлийн сургамжийг бодолцож асуудал нэг бүрд аль болохоор бодьтой, олон талаас нь иж бүрэн хандаж, үйлдэл алхам бүрийнхээ үр дагаврыг урьдчилан харж, юунаас эхлээд юунд хүрэхээ нэг мөр баттай ойлгож байж л соёлтой, нухацтай тэмцэх ёстой билээ. Төөрөлдөж дарвисан тодорхой бүлгийн улстөрийн ноёрхол гэнэт тогтох тохиолдол ч зарим оронд гарлаа. Үндэслэл муутай шийдвэрийг зоргоороо загнаж гаргадаг бол нэг хүн, цөөн хүн, бүр 76 хүн ч ялгаагүй л дарангуйлал юм. “Вирджини штатын тухай тэмдэглэл” өгүүлэлдээ Томас Джефферсон “Засаглалыг ганц гарт, хууль тогтоогчдын гарт ч төвлөрүүлэн өгч болохгүй. Хаан дарангуйлах, эсвээс парламент дарангуйлах хоёр ялгаагүй л дарангуйлал мөн” гэсэн нь буй. АНУ-д  парламентын гишүүн хүн төр засгийн өөр ямар ч албыг давхар хаших эрхгүй байдаг. Парламентын гишүүнийг нийтийн хэв журам зөрчих үед нь ч баривчилж саатуулж болдог... Аль ч улс орны парламентын доод танхим бол нилээн болчимгүй, зөрчил зөрөлдөөнтэй, алдаатай шийдвэр гаргах магадлал өндөртэй институци гэж тооцдог. Энэ бол улстөрийн практик амьдралын явцаар тогтоогдсон, нотлогдсон нэгэн үнэн юм. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын өндөрлөгүүд харилцан бие биенээ хянах, хууль дээдлэх, хэн нь ч зоргоор үл загнах, даврахгүй байх, үйлдэл алхам бүрээ хянах, болгоомжлох зарчим, ёс зүй Ерөнхийлөгчийн засаглалтай улс оронд л тод харагддаг, сайтар сахигддаг нь мөн амьдрал, практикаар нотлогджээ. Хүчтэй Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг хянах явцдаа парламент ихэд хүчирхэгждэг, хүчирхэг парламентын баталсан хуулиудад хориг тавих, эргүүлж хянуулах явцдаа Ерөнхийлөгч ч мөн нэр хүндээ өсгөдөг шүтэлцээтэй ажээ.
 
Монголын жишээ гэхэд хот, хөдөөгийн сонгогчид Ерөнхийлөгчийг сонгохдоо цаана нь дотроо Ерөнхий Сайдын үүргүүдийг нэр нөлөөг бодож саналаа өгдөг нь судалгаагаар нотлогдсон юм. Урьд өмнөхийн инерци ийм уламжлал, хэвшлийг үүджээ.
 
Ерөнхий сайд Чойбалсан Монгол Улсын Ерөнхийлөгч мэт байсаар олон арван жил болсны нөлөө үр дагавар ийм сэтгэлзүйг үлдээжээ...Локк болон Монтескьегийн үндэслэсэн онол, аргазүйг өөртөө хамгийн сайн тусгаж хэрэгжүүлэх боломжтой хувилбар нь  парламентын засаглал уу, ерөнхийлөгчийн засаглал уу гэсэн асуулт байж болох юм. Энэ талаар цөөн зүйл өгүүлье. Чухам аль засаглалын нь нөхцөлд төрийн өндөрлөгүүд харилцан хяналт тавьж, тэнцвэртэй тогтвортой ажиллаж, хэн алиныхаа алдааг илрүүлж, залруулж, шаардлагатай бол хариуцлага тооцож, зэмлэл хүлээлгэж чаддаг юм бэ гэж сонирхох нь зүйн дагуух хэрэг юм. Ерөнхийлөгчийн засаглалтай төрийн тогтолцооны парламент нь Ерөнхийлөгчид дараах байдлаар нөлөөлдөг. 
Нэгдүгээрт: Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, батлахаас татгалзах, 
Хоёрдугаарт: Ерөнхийлөгчөөс  хуульд тавьсан хоригийг хүлээж авахгүй байх,  
Гуравдугаарт: Импичментын эрхийн дагуу ерөнхийлөгчийг огцруулах,
Дөрөвдүгээрт: Ерөнхийлөгчийн санал болгосон томилгоог үл батлах.
 
Парламент нь шүүхүүдэд мөн дараах байдлаар нөлөөлдөг. 
 
Нэгдүгээрт: Шүүх эрх, шүүх үйл ажиллагаатай холбоотой хуулиудаад өөрчлөлт оруулах, шинэчлэн батлах, 
Хоёрдугаарт: Импичментийн эрхийн дагуу шүүгчдийг албан ажлаас нь чөлөөлөх, 
Гуравдугаарт: Шүүгчийн албанд томилохоос татгалзах. 
 
Энэ тогтолцооны нөхцөлд Ерөнхийлөгч нь парламентад болон шүүхэд дараах байдлаар нөлөөлдөг. 
 
Нэгдүгээрт: Парламентын баталсан хуулиудыг Ерөнхийлөгч зөвшөөрч гарын үсэг зурснаар л уг хуулиуд хүчин төгөлдөр болдог, 
Хоёрдугаарт: Парламентын баталсан хуульд хориг тавьж буцаадаг, эрүүлж хянуулдаг, 
Гуравдугаарт: Шүүгчдийг санал болгож томилуулдаг, мөн огцруулдаг. 
 
Ерөнхийлөгчийн засаглалын нөхцөлд шүүхүүд нь парламент болон ерөнхийлөгчид мөн дараах нөлөөллийг үзүүлэх боломжтой. 
 
Нэгдүгээрт: Хуулиудыг тайлбарлах эрх ба бололцоогоо ашиглан парламентын зарим санаархлыг хязгаарладаг,
Хоёрдугаарт: Тухайн хууль үндсэн хуульд нийцэхгүй байгааг зарлаж хязгаарлалт үзүүлдэг, 
Гуравдугаарт: Ерөнхийлөгчийн болон түүний албаны үйл ажиллагаа үндсэн хууль зөрчиж  байгааг зарлаж, тухайн үйлдлийг зогсоодог. 
Харилцан хяналт тавих, хууль бус үйлдлийг зогсоох, хуулийн дагуу хэвийн, тогтвортой ажиллахад шаардагдах  нөлөө, үйлдлийг ийнхүү бүрдүүлдэг сайн тал ерөнхийлөгчийн засаглалтай төрийн тогтолцоонд байдаг. 
Эдгээр механизм, тохируулга, тэнцвэрийг улс орон бүр өвөрмөц байдлаар үндсэн хуульдаа тусгаж, өөрийн гэсэн онцлогтойгоор томъёолон хуульчилсаар ирсэн түүхтэй. Хуулиар олгогдсоноос өөр илүү их эрхийг гартаа төвлөрүүлэх боломжийг засаглалын аль, ямар ч өндөрлөгт олгохгүй байх заалт, механизмыг үндсэн хуульд тусгаж, органик хуулиудад давхар баталгаажуулахын чухлыг томоохон судлаач бүр анхааруулсаар ирснийг цохон тэмдэглэе. Одоо парламентын засаглалтай орнуудын төрийн тогтолцооны сул талуудыг товчхон дурдая.
 
Энэ тогтолцооны гол сул тал нь 
 
Нэгдүгээрт: Парламентад олонхи болсон намд, мөн эвсэж засгийн газар байгуулсан намуудад зоргоороо авирлах боломж олгоод манай уламжлалын инерцийг тооцох аваас бүрч их сөрөг үр дагвартай, 
Хоёрдугаарт: Жижиг намын удирдагчдыг популизмруу, мөн зүй бусын хуйвалдаанруу түлхдэг, 
Гуравдугаарт: Английн жишээнээс үзэхэд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл эцсийн дүндээ, үл анзаарагдах байдлаар парламентад төвлөрч, эрх баригч намын дарангуйллыг төрүүлдэг, 
Дөрөвдүгээрт: УИХ-ын гишүүдээс засгийн газрыг бүрдүүлэх болсноос засаглалыг хуваах, тусгаарлах онол, үзэл санаа зөрчигддөг, засгийн газар тогтворгүй болдог (энэ байдлыг таньж, тогтоогоод Франц, Норвеги, Галланд, Швед, Люксенбургт энэнийг үндсэн хуулиар  хоргиложээ), 
Тавдугаарт: Ерөнхийлөгч, парламентын олонхи, Ерөнхий сайд, сайдууд нэг намынх болсноос уг нам хуулийн хяналтын гадна гарах аюултай. Эдгээр болон бусад сул талуудыг таньж тооцоод бүх улс орны дийлэнх олонхи нь Ерөнхийлөгчийн засаглалтай төрийн тогтоцоог сонгон авчээ. Энэ хандлага XX, XXI зууныг дамнан улам л хүчтэй болсоор байна. Энэ хандлагын зөв, зүйтэй нь 100 гаруй орны амьдрал, практикаар нотлогдож байгаа болохоор Монголчууд бид  ч авч хэрэглээд, туршаад үзэхэд болохгүй гэх газаргүй юм. Манайхан “хоёр их хөршийн аль нэгний нь эрхшээлд Ерөнхийлөгч орчихож болно” гэх мэт болгоомжилдог нь яг үнэндээ бол буруу талдаа болохыг бусад орны жишээ, туршлага нотлочихоод байна шүү дээ. Ерөнхийлөгчийн засаглалын хөнгөн, шуурхай, уян хатан, маневарлах өндөр боломжийг парламентын засаглалын хөшүүн, хойрго байдлаас дээрд үзэх нь зүйд нийцдэг байна. Парламентын шийдвэр сунжирч, цөөнгүй тохиолдолд буруу гардаг нь ч үнэн л дээ...
 
Олон ястан, угсаатнаас бүрддэг, “жалга довны сэтгэлгээ ноёрхдог” улс оронд парламентын гишүүд нь сонгуулийн тойрог тойргоо л “тордох, услах” сэтгэлгээнд бүрэн автаж, нийт ард түмний ашиг, сонирхлыг дээдлэх үүргээ мартдаг. Энэнээс болж нийт олны хөгжил, дэвшлийн гол, чухал асуудлууд эзэнгүйдэж, хөгжлийн хурдац саардаг, ажилгүйдэл өсдөг. Ээлжит сонгуульд ялах, олонхи болж засгийн газраа байгуулах эрмэлзэлд л эрх баригчид хөтлөгдөж, улсын төсөв жижиг зорилгуудад цацагдаж, ажлын байрны өсөлт удааширч, импортын хэмжээ жилээс жилд өсөж, экспорт буурч, инфляци өсөж, улс орон өр зээлд баригддаг. Төр засгийн бодлогын залгамж чанар, алсын хараа, зорилтод хөтөлбөрүүд үлгэр болж, гадаад харилцаа ч залгамж чанараа алдаж, түншүүд маань холдож хөндийрдөг. Яг л ийм байдал өнгөрсөн 30 жилийн дүр зураг байлаа шүү дээ. Парламентын засаглал Монголд зохихгүй, зохих орчин, нөхцөл ч бүрдэхгүй нь тодорхой болчихлоо. 
 
Дахиад 30 жил туршиж, бүр залхаж, цөхөрч байж өөрчлөх гэж үү?
 
Ангаахай, дэгдээхэй мэт 30 гаруй жижиг намд ч найдах хэрэггүй. Мөн МАН-ын шинэ залуу үед нь ч найдах боломжгүй юм байна. Түргэн шуурхай өөрчлөлт, шинэчлэл хийх, задгайрлыг хумих оновчтой ганц арга бол чадварлаг Ерөнхийлөгчөөр ахлуулсан Засгийн Газрын идэвхтэй, төлөвлөгөөтэй үйл ажиллагаа юм. Хотод ч, хөдөөд ч энэ л чухал байна. Аймаг бүр засаг даргаа, хотууд ч засаг даргаа өөрсдөө сонгох, олж шилж сонгох хэрэгтэй. Намын томилгоогоор хэн ирдэг, юу хийдэг, хэнд үйлчилдэг нь тодорхой болчихлоо шүү дээ! Одоо өөрсдөө даргаа сонгоцгоо!  УИХ, шүүх засаглал, хэвлэл-мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын хараа, хяналтын дор хуулиудад захирагдан ажиллаж чаддаг, ард түмнээр дэмжигдэж сонгогдсон Ерөнхийлөгч л Засгийн Газрыг толгойлох нь Монголд тохирох бололтой. Гэхдээ сайдууд нь УИХ-ын гишүүн байж болохгүй. 35 нам, тэдгээрийн удирдлага Засгийн Газрыг хянаад л байж байг, чадварлаг, нэр төртэй нь Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж ч болно, сайдаар ажилласан ч болно шүү дээ. 
 
Судлаач, профессор Д.Чулуунжав

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler