| |
Б.Цолмон: Спортоор хичээллэдэг залуу хүн хэрнээ Covid-19 цар тахлаас болж харвасан
Ид хийж бүтээх залуу насандаа тархины цус харвалтын улмаас эрүүл мэндээрээ хохирч, хөдөлмөрийн чадвараа алдсан Б.Цолмон манай сонинд хандсан юм. Тэрээр спортоор хичээллэдэг, эрүүл саруул биетэй байсан ч Covid-19 өвчний улмаас харвалт өгсөн аж. Хөдөлмөрийн чадвараа алдсан, эмчилгээ шаардлагатай байгаа түүнд орон сууцны ипотекийн зээл хэрхэн дарамт болж байгаа талаар хөндөж байна.
-Та өөрийгөө товчхон танилцуулаач. Ямар учраас хэвлэлд хандаж байгаа билээ?
-Намайг Б.Цолмон гэдэг. Би маркетингийн мэргэжилтэй. Мэргэжлээрээ багагүй хугацаанд ажилласан. Тэр дундаа өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний чиглэлээр түлхүү ажилладаг байсан. Гэвч тархинд цус харваснаас болж ажил эрхлэх ямар ч боломжгүй болж, хөдөлмөрийн чадвараа хугацаагүй 79 хувь алдсан.
-Сүүлийн үед харвалт залуужиж байна гэж эмч нар анхааруулах болсон. Таны хувьд юунаас болсон юм бол?
-Би харваад гурван жил гаруй болж байна. Хамгийн сонин нь би улсын аваргын мөнгөн медалтай, бас ч гэж боломжийн тамирчин байсан хүн. Тиймээс долоо хоног бүр тодорхой хэмжээний бэлтгэл хийдэг, цоо эрүүл байхдаа гэнэт харвасандаа үнэхээр гайхсан. Эрүүл биетэй, тамирчин байсандаа үхээгүй, амьд үлдсэн юм байна гэж ойлгож байгаа. Байнгын хөдөлгөөнтэй, тогтмол бэлтгэл сургуулилттай байсан хүн 37-хон насандаа таван голомттой маш хүнд харвалт өгнө гэдэг үнэхээр аюултай юм билээ. Үүнийг коронавирусын халдвараас болсон гэж үзэж байгаа. Энэ нь ч үнэн болж таарсан.
-Уучлаарай, харвалтаас хойш таны амьдралд өөрчлөлт их гарсан байх. Та өмнө нь ямар амьдралын хэв маягтай байсан бэ?
-Би тамирчин хүн, илүүдэл жингүй, ямар нэгэн суурь өвчингүй, архи их уудаггүй эрүүл амьдралын хэв маягтай, дуртай ажлаа хийгээд явж байсан. Харин харваснаар энэ бүх амьдралын хэмнэл алдагдаж, хөдөлгөөний дутагдалтай болж таргалж эхлээд байна. Мэдээж нийгмийн идэвх, олон нийтийн харилцаанд ороход хэцүү болох зэргээр миний амьдрал маш их өөрчлөгдлөө.
-Та ямар эмчилгээ хийлгэж байна. Үр дүн гарч байна уу?
-Би одоогоор ганцаараа амьдарч байж. Covid-19 цар тахлын ид үед ээж маань хоёр тун вакцин хийлгэсэн байхдаа корона туссан. Өрхийн эмнэлгээс эм хүргэж ирээд, намайг ээжээс тусгаарлагдах шаардлагатай гэж байсан ч би нэгэнт босч чадахгүй учир "үхвэл үхэг" гээд хамт байсан. Гол нь би огт вакцин хийлгээгүй байсан. Гэтэл би өвдөөгүй ханиаж найтаагаагүй, ямар ч шинж тэмдэг илрээгүй, амтлах үнэрлэх мэдрэмж хэвийн байсан. Тэгэхээр өмнө нь энэ өвчний вирусээр өвчилсөн байгаад үр дагавар урхаг нь ийнхүү харвалт болж илэрсэн болов уу гэж бодож байна.
Нэгэнт харвасан хүнд цаг заваас их юм байхгүй. Иймд өөрийн боломжоор дасгал хөдөлгөөн хийж ирлээ. Заримдаа дасгалдаа улайраад хагас өдөр хийсэн тохиолдол ч бий. Бие маань эрүүл болох боломжтой, хичээж зүтгэж чадвал сайжрах юм байна гэсэн итгэлтэй байгаа.
-Харвалт янз бүр байдаг. Цаашид бүрэн эмчлэгдэхийн тулд яах ёстой гэж эмч нар зөвлөж байна?
-Миний харвалт тархины судас бөглөрөл буюу хүмүүсийн сайн мэдэхээр "тромб". Харин тархины судас нь хагараагүй учраас тархиндаа цус алдаагүй, ишчэмик штрок буюу Монголоор "хомсрол" гэх харвалт өгсөн байгаа юм. Тархиндаа цус алдаагүй учраас мэс засал хийх боломжгүй. Тиймээс өөрөөр нь шимэгдүүлэхээс аргагүй гэж эмч нар зөвлөсөн. Миний аз таарч гэх юм уу даа тархиндаа судас задарч, цус алдаагүй учраас ой санамж маань хэвээрээ, бодох санах хэвийн байгаад баярлаж явдаг.
ӨМӨЗО-ны "Найрамдал” гэдэг зөвхөн харвалтаар дагнадаг эмнэлэгт очиж үзүүлж, эмчилгээ зөвлөгөө авч байсан. Гэхдээ миний мөнгө хүрээгүй учраас дутуу эмчилгээ хийлгээд аргагүйн эрхэнд буцаж ирсэн. Тэнд хэсэг эмчлүүлсэнээр миний хэл яриа хүртэл засагдаж илт өөр болсон. Хэрэв мөнгөтэй байсан бол хөл дээрээ бүрэн босох байж гэж боддог. Одоо ч дахин очиж эмчлүүлбэл эдгэх байх гэсэн итгэлтэй байна.
-Таны хамгийн их хүсч байгаа зүйл эрүүл болох. Үүний тулд юу хийж байна?
-Мэдээж эдгэхийг хүсч байна. Надад хоёр өөр зөвлөгөө өгдөг. Монгол эмч нар өөрөөр нь шимэгдүүлэхээс өөр аргагүй гэдэг. Харин Өвөр Монголын өөртөө засах орны эмч нар зүү тавиад эдгээж болно. Гол нь тууштай явах хэрэгтэй гэж байгаа юм. Миний хувьд өндөр настай хүн биш учраас өөртөө тохирсон зөв сайн эмчилгээ тууштай хийлгэвэл үр дүнд хүрч, эдгэнэ гэдэгтээ итгэдэг. Тиймээс бүх боломжийг хайж байна. Цаашид ч хайсаар байх болно. Ямар ч байсан эрүүл болж, өөрийн амьдралдаа эргэн орно гэдэгтээ итгэж байна.
-Өвчин зовлонг даван туулж яваа таны үг бусад хүмүүст ялангуяа залууст сургамж болох байх. Та залууст хандаж юу хэлэх вэ?
-Хүн эрүүл саруул ажиллаж амьдарч явахдаа олон зүйлийг боддоггүй юм билээ. Ялангуяа бидэн шиг залуучууд хэзээ ч өөрийгөө өвдөнө, харвана гэж төсөөлөхгүй. Тиймээс эрүүл мэндээ нэгдүгээрт тавьж, өөрийгөө анхаарч, урдчилан сэргийлж, үзүүлж байгаасай гэж хэлмээр байна. Америкийн эмч нарын зөвлөж буй (вакцин тариулсан бол бүр давхарлаж уу гэдэг) аспирин эм коронагийн үед бидэнд маш зөв эмчилгээ гэж боддог. Хүний биед цус бүлэгнүүлэгч даавар ажиллаж шарханд тав тогтоодог шүү дээ. Гэтэл коронагийн вирус цусанд ороод ирэхээр тэр даавар бүлэгнүүлэгчээ "андуураад" ялгаруулдаг. Энэ нь судаснаас гарахгүй явсаар нэг бол тархинд ороод бөглөрдөг нэг бол хөл гар руу явж тэндээ замхардаг. Нийт өвдсөн хүний гурван хувь нь нас бардаг нь ийм учиртай гэж ойлгосон. Аспирин нь цус бүлэгнүүлдэг дааврыг дарангуйлдаг буюу цус шингэлдэггүй. Зөвхөн бүлэгнүүлэгч дааврыг дарангуйлдаг. Харин хэтрүүлбэл шарх ч тав болохгүй болдгийг бүгд мэднэ. Би үүнийг санаанаасаа хэлж байгаа юм биш ДЭМБ, Америкийн эмч нарын завлөгөөнд л анализ хийсэн зүйл юм шүү.
-"Найрамдал” эмнэлэгт эмчилгээ хийлгэхэд танд хэдэн төгрөгийн зардал хэрэгтэй болсон бэ. Үүнийгээ олохын тулд олон нийтээс дэмжлэг хүсч байгаа гэж ойлголоо?
-Хүний итгэл хамгийн сүүлд үхдэг гэдэг. Сэхээнд байхад хоёр ч удаа миний зүрх зогсож байсан юм. Тэр үед үхэл гэж юу байдаг, ямар мэдрэмж авдгийг биеэрээ үзсэн. Миний хамгийн сайн ойлгосон зүйл бол үхэл ирэхдээ тулвал хүнийг хөгшин, залуу гэж ялгахгүй юм байна. Мөн ямар ч гэрэл харагддаггүй. Зүгээр л харанхуй болдог, юу ч мэдрэхгүй, бодохгүй. Хойд нас гэж байхгүй гэж бодсон. Тиймээс амьд дээр нь л бие биенээ хайрлах нь зөв. Нүд ирмэх зуурт өөрчлөгдөж болох, дуусч болох байсан ч намайг хувь тавилан ивээж амьд гарсандаа талархаж, хурдан хөл дээрээ босох хүсэлтэй байна.
Би залуу хүн, эрүүл биетэй байсан учраас эмчилгээ хурдан авч, хөл дээрээ босч чадна гэдэгт итгэж байгаа. Гэвч тэтгэврийн ээжээс минь өөр туслах хүнгүй болчихоод байгаа учраас Монголынхоо ард түмнээс тусламж гуйж байгаа юм. Яагаад ээжээс минь өөр туслах хүнгүй болчихоод гэж удаа дараа хэлээд байгаа учраа хэлье.
Би эхнэртэй, 12 настай хүүтэй хүн байсан. Байсан гэдгийн учир нь ипотекийн зээлтэй байсан боловч даатгалгүй байснаараа хохироод адаг сүүлд нь гэрээсээ хүртэл хөөгдчихөөд байгаа юм. Хууль дүрэм журмаа биелүүлдэггүй байж ипотекийн төлөлтийг үргэлжлүүлэн төлүүлсээр байгаа банкны хуудуутай үйл ажиллагаа залуу гэр бүлийг яаж бусниулдагийн амьд бөгөөд тод жишээ болчихоод хохироод явж байна. Энэ асуудлаа шүүхэд өгсөн байгаа учир банкны нэрийг дурдахгүй.
Надад хамгийн чухал нь хөл дээрээ босох шүү дээ. Иймд эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байна. Би эрүүл саруул болчихвол өөрийн мэргэжлээрээ ажиллаж, улс эх орондоо хэрэгтэй нэгэн байхын төлөө хичээх болно. Тиймээс сайхан сэтгэлт монгол түмэндээ хандаж байна. Та бүхний сайхан сэтгэлийн хандив үр удамд чинь буян болон эргээд асгарах болно гэж итгэж байна.
Туслаарай монгол ахан дүүс минь.
Хандивын данс:
Хаан банк: Цолмон
5925107743