|
Видео

Шинэ мэдээ

Н.Алтанхуяг: Намайг гурав хоногийн өмнө яллагдагчаар дуудсан

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2023.01.16) эхэлж байна. Сонсгол нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Уг сонсгол "Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн "шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд өрнөнө.

Хэлэлцүүлгийн эхэнд Хөгжлийн банкнаас олгосон зээлтэй холбоотойгоор одоогоор 3 сая орчим дансны гүйлгээнд шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнгээр цугларсан нотлох баримтаар нээлттэй сонсгол хийж байгааг Түр хорооны дарга Б.Энхбаяр тодотгов.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр буюу өнөөдөр 11 компанийн зээлийн асуудлыг хэлэлцэж, 65 гэрч оролцуулахаар дууджээ. Сонсголын эхэнд "Бэрэн групп” ХХК-ийн /арматур, барилга/ авсан зээлийн зарцуулалтын талаар шинжээчийн танилцуулга, гэрчийн тайлбарыг сонсож байна.

"Бэрэн групп” гурван удаагийн зээл авсан, зээлийн талаар шинжээч танилцууллаа.

  • 2014 онд арматур үйлдвэрийг Японоос авах тоног төхөөрөмжийг санхүүжүүлэхэд 8,59 % хүүтэй 22,7 сая ам.долларын зээл авчээ. Зээл олгохдоо барьцааны шаардлага хангаагүй зөрчил гаргасан байна.
  • 2018 онд барилгын арматурын үйлдвэрийн эргэлтийн хөрөнгө 9,26 % хүүтэй 4,5 сая ам.доллар зээл нэмж авчээ. Хөгжлийн банкнаас зээл нэмж олгохдоо холбогдох нөхцөл шаардлага хангуулахгүйгээр өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн байхад "Бэрэн групп”-т давуу байдал үүсгэн зээл нэмж олгосон.
  • 2017 онд орон сууцны барилга барих төсөлд зориулж 10,3 % хүүтэй 11,6 сая ам.доллар зээл олгожээ. Ингэхдээ тавигдах нөхцөл шаардлага бүрэн биелээгүй байхад ТУЗ-аас зээл олгох шийдвэр гаргасан байна.

Зээлийн зарцуулалтыг данс хөөх аргаар шинжин судлахад 4,4 сая ам.долларыг тодорхойгүй байдлаар зарцуулсан гэж үзэж байгаагаа шинжээч танилцууллаа.

Гэрчээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг, "Бэрэн групп” ХХК гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр нарыг оролцуулахаар дууджээ.

"Бэрэн групп”-т олгосон зээлтэй холбоотой Засгийн газрын тогтоол гарах үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягийг гэрчээр дуудсан билээ. Бэрэн группийн зээлтэй холбоотойгоор түүнийг шалгаж байгаа эсэх асуудлаар дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр "2013.7.6 өдөр төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай тогтоол гаргасан. Энэ бол Алтанхуягийн асуудал биш. Засгийн газар бодлого гаргадаг. Бодлогын хувьд дэмждэг. Манай Засгийн газар Чингис бондын зарцуулалтаас гуравхан зүйл хүссэн. Цемент, арматур, шилний үйлдвэр дэмжихээр төлөвлөж байсан ч мөнгөний бололцоо байгаагүй тул цемент, арматурын үйлдвэрүүдийг дэмжсэн. Арматурын үйлдвэрийг дэмжих асуудал бантан хутгаад явж байх шиг байна.

Гурав хоногийн өмнө намайг яллагдагч болгосон. Засгийн газрын гишүүд нь ярилцаж гаргадаг тогтоол дээр намайг яахаараа яллагдагч болгодог билээ гэж би асуусан.

Засгийн газрын гурван хурал дамнуулаад төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцсэн. Нойтон аргаар баяжуулдаг дөрвөн компани бий. Нэг нь эднийх, Эрдэнэт хотод жилдээ 200 мянган тонн арматур төмөр гаргадаг үйлдвэр болно гэдэг бодлогын шийдвэрийг Засгийн газар гаргасан. Би нэг ч төгрөг Хөгжлийн банкнаас аваагүй. Нэг ч төгрөгийн зээл олго гэж хэлээгүй” гэлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler