| |
Видео
Шинэ мэдээ
М.Анхцэцэг: Тамирчны амжилт өөрийгөө ялахаас эхэлдэг
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа хүндийн өргөлтийн ОУХМ, дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Анхцэцэгийг урилаа. Тэрбээр хамгийн сүүлд ААШТ-ий 87 кг-ын жинд алтан медаль хүртсэн юм.
-Азид та хоёр дахь удаагаа аваргаллаа. Энэ удаад түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?
-Миний хувьд энэ жил бэлтгэл сайн байлаа. Азийн хошой аварга болсондоо үнэхээр баяртай байна. Гэхдээ тамирчны амжилт гэдэг ганцхан хүний хөдөлмөр биш. Бидний ард дэмжиж тусалдаг олон байгууллага, хувь хүн, дасгалжуулагчид бий. Эдгээр хүмүүсийн хүчээр юунд ч санаа зоволтгүй бэлтгэлээ хийснээр амжилт ирдэг. Мөн спортод ялангуяа хүндийн өргөлтөд бэртэл авах эрсдэл өндөр. Энэ бүхнээс хамгаалж, эмчилдэг эмч нартаа талархлаа. Тамирчин хүний хамгийн бахархмаар, сэтгэл огшоосон үе нь медалийн тавцанд зогсоод, төрийн дууллаа эгшиглүүлэх шүү дээ. Тиймээс тэр мөч үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан. Олон хүний итгэлийг алдалгүй, амжилт үзүүлж чадлаа.
-Алтан медалийн төлөө өргөхөөр гарах мөчид Ц.Хосбаяр багш зөвлөгөө хэлэх шиг болсон. Багш тань ихэвчлэн юу гэж захидаг вэ?
-Манай дасгалжуулагчийн хувьд урмын үг их хэлдэг. Багшийн хэлсэн тэдгээр үгс илүү хичээх шалтгаан болсон. Харин мэргэжлийн хувьд техникийн элементүүдийг тусгайлан зөвлөж байлаа. Тухайлбал, гар болон хөл дээрээ илүү хурдтай ажиллахыг сануулсан. Энэ зөвлөгөө нь ч үр дүнгээ өгч, алтан медаль атгаж чадлаа.
-Хүндийг өргөлтийн спортыг сэтгэлзүйн тулаан гэж онцолмоор байна. Нэг ёсондоо өөрийгөө ялан дийлэх гэж ойлгож болох уу?
-Мэдээж энэ спортод сэтгэл зүй хамгийн чухал. Өмнө нь би олимпод орохдоо хэрэглээний сэтгэл зүйн хичээлүүд заалгаж байсан.
Миний хувьд 15 жил хүндийг өргөлтөөр хичээллэж байна. Энэ туршлагаа хичээлтэйгээ холбоод ашиглахад амжилтад сайнаар нөлөөлж, ахиц гарсан.
Мөн олон улсын туршлагыг харахад спортын сэтгэл зүй гэдэг бие даасан шинжлэх ухаан болтлоо хөгжсөн байна. Тэгэхээр тэмцээний үед өөрийгөө ялан дийлж, амжилт үзүүлэхийн тулд сэтгэл зүйгээ тултал нь бэлдэх шаардлага тулгардаг. Хүн нэг зүйлээ удаан хийхээр залхаж, шантардаг талтай. Гэхдээ хялбар спорт гэж байхгүй. Тиймээс тухайн орчин нөхцөлөөс шалтгаалж, сэтгэл зүйгээ үргэлж хурцалж, аль болох тайван байхыг хичээдэг.
-Хүндийг өргөлт нэг хүний л спорт юм шиг харагддаг. Гэхдээ таны ард бүхэл бүтэн баг ажилладаг юм билээ?
-Хүндийн өргөлт нь харагдаж байгаа шигээ ганцаарчилсан биш, багийн спорт. Нэг тамирчны ард багшаас гадна баг, хамт олон гэж бий. Спортын амжилт тэр дундаа хүндийн өргөлт нь өөрөө өөрийгөө ялахаас эхэлдэг гэж би боддог. Үүнд хүрэхийн тулд надаас гадна ард минь олон хүн ажиллаж байгаа.
-Энэ спортоор хичээллэж буй дүү нартаа та юу гэж зөвлөх вэ?
-Хүсэл мөрөөдлөө хэзээ ч бүү орхиорой. Тууштай, хөдөлмөрч зан амжилт дагуулдаг. Мөн хувь хүний хувьд шударга занг эрхэмлэж, өөртөө үнэнч байхыг зөвлөмөөр байна.
-Удахгүй ДАШТ болно. Дэлхийн хошой аварга болох хүч, нөөц танд хангалттай бий дээ?
-Энэ жилийн хамгийн том зорилго одоогоор ДАШТ байна. Энэ жилийн хувьд ямар тамирчид ирэхийг судлах боломжгүй. Учир нь олимпын өмнөх жил учир орон орны тамирчид их солигддог талтай. Тиймээс бэлтгэлээ илүү хийж, монголчуудаа дахин баярлуулахын төлөө хичээх болно.
Б.НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин