| |
Видео
Шинэ мэдээ
“...Түншилнэ” гээд байсан чинь тендерийн хулгайг хуульчилчих вий дээ?!
Маш гоё, уярам нэртэй хуулийг удахгүй УИХ хэлэлцэх гэж байна. Төсөв баталсаны дараа гэсэн үг. Тэр нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль гэж байгаа юм. Уг хуулийн төслийг Засгийн газрын 2021 оны 36 дугаар тэмдэглэлийн дагуу Сангийн яам боловсруулжээ. Зорилго нь ч гоё. Угаасаа хууль болгоных гоё байдаг. Гэхдээ энэ хуулийнх бүр илүү юм. Зорилгыг нь “...Нийтийн дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт хэрэгжүүлэх шалгуур үзүүлэлтээр үр ашиг нь тодорхойлогдсон төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх харилцаа болон түншлэгч талуудын ил тод, тогтвортой, үр ашигтай хамтын ажиллагаа, түншлэлд зориулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, ингэснээр төрийн үйлчилгээг сайжруулах, үр ашигтай дэд бүтцийг бий болгоно” гэж тодорхойлжээ. Тэгээд бас “...Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх нь засаглалыг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг хувийн хэвшлийн чадавхад үндэслэн сайжруулах, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох боломж, нөхцөл болно” гэж хууль санаачлагчид үзэж байна. Ийм танилцуулгыг 2021 оны аравдугаар сарын 5-нд хийж байв.
Улмаар 2022 оны зургадугаар сарын 3-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Тэр үеэр Сангийн сайд хуулийн бодлого, зорилтын талаар нэлээд тайлбарласан. Тэгээд хэлэлцэхээр шийдсэн.Түүнээс хойш энэ хуультай холбоотой хэд хэдэн хэлэлцүүлэг боллоо. Тэдгээрийн нэг нь 2022 оны аравдугаар сарын 24-нд болов. Хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газрын ажил хариуцсан, гишүүн, сайд нар очжээ. Бизнесийнхэн, хэвлэл мэдээллийн салбарынхан оролцжээ. Хэлэлцүүлэг дээр “...Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой 19.6 их наяд төгрөгийн төсөл бий. Хуулийн төслийн хүрээнд уул уурхай, банк, батлан хамгаалахаас бусад салбаруудад аж, аухйн нэгжүүд түншлэлээр ажиллах боломжтой. Төр хувийн хэвшилтэй түншлэлийн гэрээ байгуулж, урт хугацаанд хэрэгжих баталгааг болгоно. Бизнесийн орчныг нь төр хамгаалж чадсанаар зөвхөн стандарт шаардлагаа тавьж, засвар үйлчилгээгээ хувийн хэвшил хариуцна” гэв. Бас “...Төр бизнес эрхлэхээс татгалзаж, аж ахуйн нэгжүүдэд орон зай олгож байгаа нь иргэд чанартай, хүртээмжтэй үйлчилгээг авах боломжийг уг хуулийн төслөөр нээж өгч байна” гэж онцлов.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл нь есөн бүлэг, 60 зүйлтэй. Энэ хуулийг баталбал хариуцсан яам, эсвэл агентлаг, төвийг шинээр байгуулах юм байна. Эдгээр нь Сангийн яамтай хамтраад төслийн санал хүлээн авах, урьдчилсан үнэлгээ хийх, төслийн үнэлгээг Засгийн газраар хэлэлцүүлэх, батлагдвал Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрт оруулан УИХ-аар батлуулах, төслийн нэгдсэн үнэлгээ, ТЭЗҮ хийх, төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах, сонгосон компанитай гэрээ байгуулах, хэрэгжилтийг хянах, зөвлөгөө өгөх, шаардлагатай бол төслийг зогсоох, төсвийн үр дүнд бий болсон өмч хөрөнгийг төрд шилжүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг ажил, үүрэг, хяналт шалгалт хийж шийдвэр гаргах аж.
Ингэхээр Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл батлагдвал хоёр ч хууль хүчингүй болно. Худалдан авалт буюу тендерийн хуулиуд энэ хуульд шингэж буй юм байна.
Тиймээс тендертэй холбоотой асуудлууд ч хэлэлцүүлгүүдээр голчлон яригдаж байгаа аж. Тэр дундаа “...Тендер зарлах процессыг цахимаар явуулъя” гэдэг санал санаачилга цөөнгүй байгаа юм байна. Тэр дунд олсон мөнгөө улс төрд цацдаг, огт “явдаггүй” намтай, олон жил бизнес хийсэн ноолуурын дэлгүүрийн эзэн мэтийн нөхдүүд байгаа юм.
Тиймэрхүү “эх сурвалж”-тай.
Одоо бол тендерийн зарыг сонинд нийтэлдэг. Олон ч жил болж байна. Үүнийг цахим руу шилжүүлэх талаар ярьж буй бололтой.
“...Тэгье, цахимаар зарлая” гээд шийдэхэд амархан. Гэхдээ үүнийг маш том хулгай луйвар дагаж байх аюултай.
Нэгдүгээрт, Монгол Улс цахимд шилжиж дуусаагүй. Болоогүй. Яагаа ч үгүй байна. Ердөө долоон сарын өмнө, 2022 оны гуравдугаар сарын 27-нд “E-Mongolia” системийн албан ёсны фэйсбүүк хуудасны админ эрх рүү халдсан тохиолдол гарсан. “...Энэхүү халдлага нь суурь болон үндсэн системүүд рүү чиглэсэн халдлага биш зөвхөн фэйсбүүк хуудасны админы түвшний халдлага юм. Иймд “E-Mongolia” системийн чат, и-мэйл, төрийн үйлчилгээний платформууд халдлагад өртөөгүй, хэвийн ажиллаж байгаа” гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдэгдсэн. Халдлагад өртөөгүй ч халдах эрсдэл байна гэсэн үг. Товчхондоо, Монгол Улс одоохонд “дижитал үндэстэн” болж амжаагүй байна. Тиймээс хөрөнгө санхүүтэй холбоотой хамгийн гол асуудлаа цахимд даатгана гэдэг бол зүгээр л тэнэглэл болно.
Бод доо, өнөөдөр технологи асар хурдтай хөгжиж байхад зарыг цахимд байрлуулах нь тендерийн хулгай луйвар гааруулна. Тендерийн зарыг цахимд байрлууллаа гэж бодъё. Тэр зарыг хэн үзэж болох, хэн болохгүй вэ гэдгийг ч технологиор шийдэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, тендерт орох тохироотой хүнд харагддаг, тохиролцоогүй нь харахгүй. Дээрээс нь тендер зарлах үйл явц яг номын дагуу явж байна уу гэдгийг хэн, яаж хянах юм бэ. Тэгэхээр энэ бүхнийг компьютерийн ард сууж буй технологийн ганц ажилтан л будилуулах боломжийг олгочихож байгаа юм. Магадгүй, тэр “E-Mongolia” дээр сууж байгаагаас нь илүү мэдлэг, чадвартай инженер техникийн ажилтнууд гаднаас халдлага хийвэл яах вэ. Ийм “цоорхой” байгаа юм.
Хоёрдугаарт, “...Үг нисэн одно, цаас үлдэнэ” гэдгийг сонссон хүн зөндөө байгаа байх. Цахим бол жинхэнэ утгаараа “нисэн одох” боломжтой. Өглөө байсан мэдээлэл орой ор тас алга болж болно. Өчигдөр нийтэлсэн зар өнөөдөр сураг ч үгүй болох боломжтой. Харин “цаасан” дээрх зар хэдэн арван жил болсон ч баримт болсон хэвээр үлддэг. Нэг жишээ дурдъя. Төрийн худалдан авалттай холбоотой тендерийн маргаан, гомдол сар бүр 100-аас дээш гардаг. Сүүлийн гуравхан сарыг харъя л даа. Сангийн яамны мэдээллээс харахад 2022 оны аравдугаар сард 111, есдүгээр сард 106, наймдугаар сард 102 гомдол иржээ. Эдний нэлээд нь шүүхээр шийдэгдэхээр явдаг. Харин шүүх нь хэрэг маргааны нотлох баримт болгож, тендерийн зар хэзээ, хаана, ямар байдлаар олон нийтэд хүрсэнийг нотлох баримт болгож авдаг. Шүүх өдөр тутмын сонинуудаас арван жилийн өмнө, таван жилийн өмнө, зургаан сарын өмнө, ердөө сарын өмнө шийдэгдсэн тендерийн маргаантай холбоотой лавлагаа хүсдэг. Угтаа, тендерийн маргааны анхдагч нотлох баримт нь энэ болдог. Энэ нотлох баримтыг бий болгож, үүгээр хангадаг газар нь өдөр тутмын сонинууд байдаг. “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ” сонины редакцад шүүхээс ийм лавлагаа хүссэн албан бичиг тасрахгүй ирдэг юм.
Тэгэхээр тендерийн зарыг “цаас”-аар биш цахимаар тараавал эрсдэл нь илүү жин дарна. .
Ер нь бол “...Монгол Улс дижитал үндэстэн боллоо” гэдгийг хаана хаанаа 100 хувь хүлээн зөвшөөрсөний эцэст л тендерийн зарыг цахим хэлбэрээр хүргэх хэрэгтэй. Түүнээс өмнө ингэх нь тендерийн хулгай луйврын “хялбаршуулсан хамгаалалт” л болно. Тийм учраас “...“...Түншилнэ” гээд байсан чинь тендерийн хулгайг хуульчилчих вий” гэсэн болгоомжлол төрөөд байгаа юм.
Хамгийн гол нь тендерийн хулгайч нар Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд ийм “цоорхой” оруулчих гээд чармайж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, ер нь УИХ-ын гишүүд анзаарсан уу?!
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин