![]() |
Сайн дурын ажилчид өдөрт 50 мянган төгрөгийн цалин авна
Коронавирусийн хариу арга хэмжээний багт сайн дурын ажилчдыг ажиллуулж байгаа. Тус ажилд хамрагдах хүсэлтэй иргэд хаана хандах, цалин, урамшуулал ямар байх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө.
Тэрээр "Өрхийн эрүүл мэндийн төвүүд тухайн хороонд 300 хүртэлх тохиолдол бүртгэгдсэн нөхцөлд өөрсдийн нөөц бололцоогоор хяналт, гэрийн ажиглалт хийн ажиллаж байгаа. Харин 300-гаас дээш тохиолдол бүртгэгдвэл бид нэмэлт баг гарган ажиллуулж байна. Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх, Баянгол дүүргүүд ачаалалтай байлаа. Бид сайн дурын ажилчид болон өөрийн машинтай иргэдийг тандалт, хариу арга хэмжээний багт ажиллахыг уриалснаар 550 гаруй хүн бүртгүүлээд байна. Эдгээр хүнээс одоогийн байдлаар 45 хүнтэй гэрээ хийн, ажилд нь оруулсан. Сайн дурын ажилчид өдөрт 50 мянган төгрөгийн цалин, 20 мянган төгрөгийн шатахууны дэмжлэг авна. Эдгээр иргэний машины элэгдэл, халдваргүйтгэл хийх зэрэг асуудал бий. Мөн энэ ажлын байр халдвар авах эрсдэлтэй. Гэсэн хэдий ч иргэд маань нийгмийн сайн сайхны төлөө хувийн унаагаараа ажиллаж байгаад талархаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, халдварын эсрэг хариу арга хэмжээний үед дэмжлэгт удирдлагаар хангах ажлын хүрээнд 1.2 тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэн.
Мөн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид халдварын эсрэг хариу арга хэмжээний багийн үйл ажиллагаанд оролцож байна. Эмнэлгийн бус мэргэжлийн 910 ажлын байр байгааг бид өмнө нь мэдээлсэн. Төрийн албан хаагчид хариу арга хэмжээний багт ажиллаж, ажлын ачааллаас хуваалцаж байгаад дүүргийн болон ӨЭМТ-ийн ажилчид талархалтай байгаа. ӨЭМТ-үүдэд эмч нарын төрийн бус байгууллага, Глобал сан, Улаан загалмай нийгэмлэгээс сайн дурын ажилчид ажиллаж байгаа юм. Цар тахлын үед хариу арга хэмжээ, эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх ажиллагаа эрүүл мэндийн салбарын ажил боловч хүн хүч хүрэлцэхгүй нөхцөлд сайн дурын ажилчдыг татан оролцуулдаг. Хэрэв иргэн та сайн дурын ажилд хамрагдахыг хүсвэл НОК-ын Шуурхай штабын байранд ирж бүртгүүлээрэй".
