![]() |
Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржийг амлалаа

Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 512 бөхийн барилдаан Хүй долоон худагт өчигдөр эхэлсэн. Энэхүү барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглосон. Өчигдөр тус барилдааны нэг, хоёрын даваа явагдсан юм. Харин өнөөдөр 09.00 цагаас гурвын даваа эхлэх байсан боловч бөхчүүд Э.Оюунболдын аварга цолыг хүчингүй болсон гэж үзэж, эсэргүүцлээ илэрхийлснээр ам авах үйл ажиллагаа хойшилсон юм. Улсын аварга С.Мөнхбат "Монголын өв соёл шударга, сайхнаараа үлдэх ёстой. Гэвч энэ наадамд шударга бус зүйл гарч байгаа учраас эсэргүүцлээ илэрхийлж байна. Гурван шатны шүүхээр яваад Дээд шүүхийн тогтоол нь гарчихаад байхад Монгол Улсын аварга цолтойгоо барилдаж байгаа нь бөх хүнийхээ хувьд жудаггүй үйлдэл болж байна" гэж байлаа.
Улмаар бөхчүүд Э.Оюунболдыг улсын аварга цолтойгоор ам авахыг хүлээн зөвшөөрлөө. Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржийг гурвын даваанд амлалаа. Ц.Содномдорж нь Э.Оюунболдын аварга цолыг хүчингүй гэж үзэн эсэргүүцсэн бөхчүүдийн нэг юм.
