| |
Монгол Улсын экспорт жилийн өмнөхөөс 81.8 хувиар ӨСЛӨӨ
Монгол Улсын гадаад худалдааны 2021 оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлийг Гаалийн ерөнхий газар экспортын 110.837, импортын 75.807 гаалийн мэдүүлэг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргаснаа танилцууллаа. Оны эхний дөрвөн сарын хугацаанд нээгдэж ажилласан түр боомтоор нэвтрүүлсэн экспортын 3846, импортын 1139 мэдүүлэг байсан аж.
Оны эхний дөрвөн сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 4457.9 сая ам.доллар болж 2020 оны мөн үеэс 1498.0 сая ам.доллар буюу 50.6 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 535.4 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.
Экспортод 2496.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 81.8 хувиар өссөн байна. Экспортод нийлүүлсэн барааны 98.8 хувийг валютын төлбөртэй худалдаа бүрдүүлжээ.
Экспортын барааны нийт дүнд:
- Эрдэс бүтээгдэхүүн 2183.8 сая ам.доллар буюу 87.5 хувь;
- Ургамлын гаралтай бүтээгдэхүүн 69.1 сая ам. доллар буюу 2.8 хувь;
- Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс 52.4 сая ам.доллар буюу 2.1 хувь;
- Хүнсний бэлэн бүтээгдэхүүн 36.0 сая ам.доллар буюу 1.4 хувь;
- Нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 65.8 сая ам.доллар буюу 2.6 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.4 хувийг эзэлж байна.
Оны эхний дөрвөн сард экспортолсон боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100 хувь, чулуун нүүрсний 94.1 хувийг БНХАУ-д; жоншны 79.4 хувийг БНХАУ-д, 20.6 хувийг ОХУ-д; үхэр адууны боловсруулсан болон боловсруулаагүй ширний ихэнх хувийг БНХАУ-д; самнасан ноолуурын 38.7 хувийг Итали-д, 33.6 хувийг БНХАУ-д; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 100 хувь БНСУ-д тус тус экспортлож дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 87.6 хувийг бүрдүүлж байна.
Монгол Улс дэлхийн 48 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 92.5 хувь, БНСУ-д 2.3 хувь, Сингапурт 2.0 хувь тус тус ногдож нийт экспортын 96.9 хувийг дээрх орнууд эзэлж байна.
Импортоор нийт 1961.2 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2020 оны мөн үеэс 374.9 сая ам.доллароор буюу 23.6 хувиар өсөв.
Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.8 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.5 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.9 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.5 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.04 хувийг боловсруулалтын бараа эзэлж байна. Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд:
- Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 340.6 сая ам.доллар буюу 17.4 хувь;
- Эрдэс бүтээгдэхүүн 364.2 сая ам.доллар буюу 18.6 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 303.0 сая ам.доллар буюу 83.2 хувь);
- Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 316.0 сая ам.доллар буюу 16.1 хувь;
- Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 414.0 сая ам.доллар буюу 21.1 хувь;
- Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 130.2 сая ам.доллар буюу 6.6 хувь;
- Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 153.0 сая ам. доллар буюу 7.8 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 87.6 хувь ногдож байна.
Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 18.5 сая ам.долларын бараа импортолсноос барааг гарал үүслийн орноор авч үзэхэд АНУ-д 45.4 хувь, БНХАУ-д 37.7 хувь, Японд 8.1 хувь тус тус ногдож байна.
Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал АНУ-д 45.8 хувь, БНХАУ-д 36 хувь, Дани-д 4 хувь тус тус ногдов.
Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 10.0 сая ам.долларын барааг манай улсад нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл БНХАУ-д 17.9 хувь, Австри-д 11.6 хувь, ХБНГУ-д 12.8 хувь, Япон-д 16.1 хувь, АНУ-д 11.4 хувь тус тус ногдож байна.
Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн:
- 15.5 хувийг БНХАУ-аас
- 10.9 хувийг Беларусь улсаас
- 21 хувийг Австри улсаас
- 25.4 хувийг Япон улсаас тус тус олгожээ.
Нийт 29.5 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэнээс барааг гарал үүслийн улсаар авч үзвэл ОХУ-д 85.3 хувь, БНХАУ-д 14 хувь тус тус ногдож байна.
Манай улс дэлхийн 127 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос:
- ОХУ-д 27.5 хувь;
- БНХАУ-д 38 хувь;
- АНУ-д 3.4 хувь,
- Японд 7.1 хувь;
- БНСУ-д 4.1 хувь;
- ХБНГУ-д 3.3 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 83.4 хувийг эзэлж байна.