| |
Видео
Шинэ мэдээ
Ажлын байрыг дэмжих хоёр их наядын төлөвлөгөөний дагуу маргаашнаас 3%-ийн хүүтэй зээлийг олгож эхэлнэ
Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг болон арилжааны банкуудын удирдлагууд хамтран "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд тусгагдсан "Ажлын байрыг дэмжих 2 их наядын төлөвлөгөө”, "Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбумын төлөвлөгөө”- ний талаар тус тус танилцуулга мэдээлэл өгөв.
"Ажлын байрыг дэмжих зээл”-ийг маргааш/2021.03.10/-наас эхлэн банкуудын эх үүсвэрт тулгуурлан 3%-ийн хүүтэй олгоно. Зээлд хамрагдсан аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэдэд Засгийн газраас хүүгийн дэмжлэг үзүүлж, зөрүүг банкуудад төлөх юм. Зээлийн батлан даалтын сангаас холбогдох хуульд нийцүүлэн батлан даалт гаргах, зээлийн хүүгийн дэмжлэг болон батлан даалтын үүргийн гүйцэтгэлийг хангах үйл ажиллагаанд Монголбанк Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх байдлаар оролцож ажиллах юм. Бага хүүтэй ажлын байр дэмжих зээлд дараах нөхцлийн хүрээнд хамрагдана.
"Ажлын байрыг дэмжих зээл”-ийн санхүүжилтийн ерөнхий нөхцөл
Нийт зээлийн хэмжээ: 2 их наяд төгрөг хүртэл;
Нэг зээлдэгч, түүний хамаарал бүхий этгээдэд олгох зээлийн хэмжээ: Аж ахуйн нэгж 500 сая төгрөг хүртэл, бизнес эрхлэгч иргэн 50 сая төгрөг хүртэл,
Батлан даалтын хэмжээ: Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-д заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн барьцаа хөрөнгийн дутагдалтай хэсэг (үндсэн зээлийн 60 хүртэл хувь буюу 300 сая төгрөг хүртэл);
Зээлийн нөхцөл
Зээлийн зориулалт: Зээлдэгчийн ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх;
Зээлийн эх үүсвэр: Банкны өөрийн эх үүсвэр;
Зээл олгох хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал;
Зээлийн хэмжээ: Нэг зээлдэгч, түүний хамаарал бүхий этгээдэд олгох зээлийн хэмжээ 500.0 сая төгрөг хүртэл, бизнес эрхлэгч иргэн 50 сая хүртэл,
Зээлийн хугацаа: 3 жил хүртэл;
Зээлийн хүү: жилийн 3 хувь;
Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 сар эсвэл зээлийн нийт хугацааны гуравны нэгээс хэтрэхгүй байна