| |
Я.Буянжаргал: Хавдарын эмнэлэгт нас барсан иргэний шарилыг ар гэрийнхэн нь хүлээж авсан
Коронавирусийн халдвараар эмчлүүлж буй хүнд өвчтөнүүдийн талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр "ХӨСҮТ-д маш хүнд оноштой эмчлүүлж байсан хүн хүнд байдал руу шилжсэн. Биеийн байдал тогтвортой. Цэргийн төв эмнэлэгт маш хүнд байсан гурван хүний нэг нь хүнд байдал руу шилжсэн. Нэг нь 81 настай эрэгтэй байна. Энэ хүн нь зүрхний шигдээстэй, тархины цус харвалттай. Коронавирусийн PCR шинжилгээ нь сөрөг гарсан. Энэ нь эмчлэгдсэнийг илэрхийлж байна. Биеийн байдал нь тогтворжоод ирэхээр холбогдох эрүүл мэндийн байгууллага руу шилжүүлнэ.
Нөгөө нэг нь 73 настай эмэгтэй маш хүнд байна. Арванхоёрдугаар сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн эмнэлгээс Цэргийн төв эмнэлэгт шилжиж очсон. Хуучин сүрьеэгээр өвдөж байсан үлдэцтэй. Артерын даралт ихэсдэг. Цус багадалтын маш хүнд хэлбэртэй хүн байна. Уушгиндаа хатгалгаатай хүн эмчлэгдэж байна.
Баянзүрх дүүргийн эрчимт эмчилгээний тасагт байгаа дөрвөн хүүхэд, хоёр насанд хүрэгчдийн биеийн байдал тогтвортой байгаа.
ХСҮТ-д нас барсан тохиолдлыг сошиалаар янз бүрээр тайлбарлаж байна. Энэ нь 60 настай эмэгтэй. Маш хүнд байсан. Арванхоёрдугаар сарын 19-нд ирсэн. Ирэхдээ унтаа байдалтай, хар хүрэн өнгөтэй бөөлжиж, эмчийн хэлсэн үгийг ойлгож байгаа боловч хариу үйлдэл үзүүлж чадахгүй ирсэн. Ингэхдээ амьсгалын замын ямар нэг зовиур хэлээгүй. Гэхдээ энэ хүн 2018 онд элэгний зүүн дэлбэнгийн хавдартай гэж оношлогдож байсан хүн байгаа. Ингээд элэгний хорт хавдарын хожуу үе шаттай, асцецтай, хавдарын хордлоготой ирээд нас барсан. Энэ хүнээс хамар залгиурын шинжилгээг авах боломж тун бага байсан. Ингээд арванхоёрдугаар сарын 25-нд ар гэрийнхэн нь шарилыг авсан.
Эмчийн оношийг тавихдаа эмчлэгч эмч асуумж өгүүлэмжид нь үндэслээд бодит үзлэг, лаборитари, дүрс оношилгооны шинжилгээний хариунд үндэслэж оношийг тавьдаг. Энэ тавьсан оношинд ковидын халдварын шинж тэмдэг тавигдаагүй. Элэгний хорт хавдарын хожуу үе, асцец, хордлоготой гэсэн оноштой байгаа. Эмгэг судлаачид нас барахад хүргэсэн шалтгаан, эцсийн онош, нөлөөлсөн өвчин, дагалдах өвчнүүдийг судлахад КОВИД-ын шинж байхгүй" гэлээ.