|
Видео

Шинэ мэдээ

МҮОНТ-ийн уран бүтээлчид Төрийн гурван өндөрлөгт хүсэлт хүргүүллээ

МҮОНТ-ийн уран бүтээлчид Төрийн гурван өндөрлөгт хүсэлт хүргүүллээ

МҮОНТ-ийн уран бүтээлчид өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх  нарт болон Төрийн байгуулалтын байнгын хороонд хүсэлт хүргүүллээ. Энэ үеэр уран бүтээлчид мэдээлэл өгсөн юм. Тэдний мэдээлж байгаагаар өнөөдөр МҮОНТ-ийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж, шийдвэрээ гаргахаар болсон байна. Одоогоор уран бүтээлчдийн төлөөллийг Үндэсний зөвлөлийн хуралд оролцуулах эсэх нь тодорхойгүй байгаа аж. 

Үндэсний телевизийн уран бүтээлчид Үндэсний зөвлөлийн олон гишүүдийг эрх ашгийн зөрчилтэй гэж үзэж байгаагаа хэлсэн. Олон баримтыг гаднаас хүртэл ирүүлж буй ажээ. Түүнээс харахад, Үндэсний зөвлөл зөв шударга шийдвэр гаргахгүй гэдэг тодорхой болсон учир ийн Төрийн гурван өндөрлөгт хүсэлт  хүргүүлж байгаа нь энэ аж. 

Хүсэлтэд "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тан аа. Монголын ард түмний эрх чөлөө, үзэл санаа, үнэнийн дуу хоолой болж, эх орон, ард түмнийхээ гэгээрэл, соёлын төлөө эцэж цуцалтгүй зүтгэж ирсэн 86 жилийн түүхтэй МҮОНР, 53 жилийн түүхтэй МҮОНТ-ийн хамт олон ямар ч үед төр түмнийхээ төлөө зүтгэсээр ирсэн. 2005 оноос олон нийтийн статустай, МҮОНРТ болж өөрчлөгдөж, өөрийн хуультай болсон ч түүнийг хэрэгжүүлэх үүрэг бүхий удирдлагын багийнхны алдаа завхралаас болж ард олныхоо өмнө хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадахгүйд хүртлээ. Олон нийтийн радио, телевизийн  тухай хуулийн 3.2-т "Олон нийтийн радио, телевизийн зорилго нь Үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, сонсогч, үзэгчдэд зориулсан төрөл бүрийн мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөн цэнгээх хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгоход оршино". 

Улс орны өнцөг булан бүрт болж байгаа үйл явдал болон дэлхий нийтэд олны анхаарал татсан мэдээллийг үзэгч олонд шуурхай, үнэн бодьтойгоор хүргэж,  Монголын ард түмний түүх, өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх эрхэм зорилготой атал байгууллагын төсвийг үндсэн үйлдвэрлэлийн бус зүйлд илүүтэй зарцуулж байгаа нь хөдөлмөрийн маргаан эхлүүлсэн өдрөөс хойш илүүтэй мэдэгдсээр байна. Хэдийгээр төсвийн төлөвлөгөө, дэмжлэг жил ирэх тусам нэмэгдэж байгаа хэдий ч үндсэн үйлдвэрлэлийн салбар унаж, бодлого, чиглэлгүй болж, редакцийн хараат бус байдал улам алдагдсаар байна" гэх мэтээр бичжээ.  Тиймээс тэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нартай уулзах хүсэлт тавьж байгаа юм байна. 

Түүнээс гадна, уран бүтээлчид МҮОНТ-д болж буй энэ үйл явдал нэг байгууллагынх мэт харагдавч Төрөөс дэмжлэг авдаг, санхүүжилтээр ажилладаг бүх байгууллагад угширсан зүйл. Дарга, цэгийн томилгооноос авахуулаад санхүүг өөрсдийн дураар зүй зохисгүй ашигладаг гэх мэт олон зүй зохисгүй үйлдлийг таслан зогсоох гэсэн сэтгүүлчдийн тэмцэл гэж харахыг олон түмнээс хүслээ.  


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.