|
Видео

Шинэ мэдээ

Олны анхааралд өртсөн хэргүүд чимээгүйхэн алга болсоор

 

Олны анхааралд өртсөн хэргүүд чимээгүйхэн алга болсоор

 

Олны анхаарал татаж, дуулиан шуугиантайгаар шалгаж эхэлсэн зарим хэргийн хувь заяа тодорхойгүй болж, цөөнгүйг нь гэмт хэрэг биш гэж үзэн хааж буй билээ. Тиймээс бид зарим хэргийн шийдвэрлэлт хаашаа эргэж буйг тодруулснаа уншигчдадаа хүргэе.

ХАХУУЛЬ АВСАН АЛБАН ТУШААЛТАН НЬ ХЭРГЭЭ ХҮЛЭЭСЭН Ч...

УИХ-ын сонгууль болохоос өмнө "Номгон санчир” компанийн захирлаар ажиллаж байсан А.Адъяасүрэнг АТГ-ынхан шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх асан, өдгөө Баянхонгор аймгийн сонгогчдын итгэлийг хүлээн гишүүн болоод буй түүнийг албан тушаалтанд хахууль өгсөн үйлдэл дээр нь шахам илрүүлсэн билээ. Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хүргэн Б.Габитаар дамжуулан энэ оны гуравдугаар сарын 31-нд 100 000 ам.долларын хахууль өгсөн хэрэгт А.Адъяасүрэнг яллагдагчаар тооцож, тогтоолыг нь танилцуулахыг НПГ-аас АТГ-ын мөрдөгчид даалгасан юм. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Тэнгри транс”, "Сан тээвэр”, "Ульгансар транс” компанийн хүнд даацын 680 ачааны автомашинд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулахын тулд дээрх албан тушаалтанд "Peace tower”-ын 804 тоот өрөөнд хахууль өгсөн нь баримтуудаар нотлогдсон гэж хууль хяналтын байгууллагынхан үзсэн. Тиймээс Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан "Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол баталсан билээ. Түүнээс хахууль авсан хэрэгт холбогдсон Г.Доржпаламыг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа бөгөөд шалгалтын явцад тэрбээр хүргэнээрээ дамжуулан хахууль авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж. Гэвч үйлдэл нь тодорхой, хахууль авагч нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруутайгаа хүлээсэн энэ хэргийн хувь заяа хэрхэх нь тодорхойгүй болов. Учир нь нөгөө л УИХ-ын гишүүний бүрэн эрх гэх халхавчтай холбоотой.

Д.ДОРЛИГЖАВ ГЭМ БУРУУГҮЙ ЮМ БОЛ Т.ГАНБОЛДЫГ БУСДЫГ ГҮТГЭСЭН ҮНДЭСЛЭЛЭЭР ШАЛГАХГҮЙ ГЭЖ ҮҮ

Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа дүү Д.Баатарынхаа компаниар дамжуулж, "Алтан дорнод Монгол” компанийн дэд захирал Ч.Бямбаагаар зуучлуулан дөрвөн сая ам.долларын хахууль авсан дуулианд холбогдсон Д.Дорлигжав нарын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс НПГ-т өнгөрсөн зургадугаар сарын 20-доор хүргүүлснийг бид цаг тухайд нь мэдээлсэн билээ. "Алтан дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд 2018 оны арванхоёрдугаар сард "25 дугаар суваг” телевизийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө "Д.Дорлигжав нарт дөрөв байтугай сая ам.долларыг хахуульд өгсөн” хэмээн мэдэгдэж, нотлох баримтаа АТГ-ынханд өгсөнд нь үндэслэн шалгасныг уншигчид санаж буй нь лавтай. Төрийн өндөр хэд хэдэн албан тушаал хашиж байсан Д.Дорлигжавт албан тушаалаа ашиглаж, төрсөн дүү "Рекат Монголиа” компанийн захирал Д.Баатар, "Алтан дорнод Монгол” ХХК-д удирдах албан тушаал хашиж байсан Ч.Бямбаа, "Голомт” банкийг үүсгэн байгуулагчдын нэг Д.Баясгалан нартай үгсэн тохиролцож хувийн ашиг сонирхлын үүднээс Т.Ганболдод холбогдох хэрэгт хөндлөнгөөс нөлөөлж, хээл хахууль өгөх зайлшгүй нөхцөл байдал үүсгэсэн. Улмаар хийх ёсгүй үйлдлийг хийж, хясан боогдуулан 2011 оны есдүгээр сарын 22-нд хоёр сая, мөн оны аравдугаар сарын 18, 19-нд тус бүр нэг сая ам.доллар "Голомт” банкны дансаар шилжүүлэн авсан хэрэгт холбогдуулан шалгаж, түүгээр ч зогсохгүй яллагдагчаар татаад байсан юм. Улмаар Д.Дорлигжавын эзэмшлийн, хувийнх нь цуглуулгын автомашинуудыг бусад яллагдагчийн үл хөдлөх хөрөнгийг ч битүүмжилсэн билээ. Гэвч НПГ-ын хяналтын прокурор Г.Батбаяр уг хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгох тогтоол батлаад байгаа. Үүнийг Т.Ганболд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн ч төдийлөн амжилт олохгүй нь тодорхой болсон. Харин өдгөө "Алтан дорнод Монгол” компанийн тэргүүн Т.Ганболдыг хэрхэх вэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан бусдыг гүтгэсэн үндэслэлээр Д.Дорлигжав тэргүүтэй дөрвөн хүн гомдол гаргаж хэрэг нээж шалгуулах уу. Хэрэв тийм гомдол гаргаж шалгуулбал ЭЦА-нд шалгаж буй, Т.Ганболдод холбогдох нэг хэрэгтэй нь нэгтгэх үү гэсэн асуултууд урган гарч байна. Үүнд мэдээж өмгөөлөгч, прокурорууд нь хариулт өгөх биз ээ.

АЙМГУУДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ХЭРГИЙГ СОНГУУЛЬ ӨНГӨРТӨЛ ШИЙДВЭРЛЭХГҮЙ БОЛОЛТОЙ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэд хэдэн аймгийн ИТХ-ын болон Засаг даргад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллагдагчаар татсан билээ. Гэвч шүүхээр Архангайн Засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нар эрх мэдлээ урвуулан хуурамч тушаал гаргаж, Шоронгийн ам гэх газарт алт олборлох зөвшөөрөл олгосон, ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийн биед халдаж хохирол учруулсан хэргийг хянаад нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаас өөрийг хэлэлцсэнгүй. Өдгөө шүүхийн тогтоолд заасан ажиллагаануудыг хийж байгаа аж.

Уг нь АТГ-аас Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нарт холбогдох хэргийг АТГ-ын мөрдөгчид шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж НПГ-т хүргүүлсэн ч хэрхсэн нь тодорхойгүй өнөөг хүрч байгаа гэнэ. Тус аймгийн дээрх хоёр улс төрийн албан тушаалтантай холбоотой 4-5 гомдлыг шалгаад, "Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайханаас 2017 оны зургадугаар сарын 21-нд 100 сая төгрөгийн хахууль авсан нь баримтаар тогтоогдсон гэж үзэн шүүхэд шилжүүлэхээр болсон аж. Түүнчлэн дээрх хоёр албан тушаалтныг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.Үнэнбуян нартай хамтран 2018 онд газар зохион байгуулалтын нэмэлт төлөвлөгөөнд тусгаагүй газрыг таксины болон худалдаа үйлчилгээний зориулалтаар хууль зөрчин найман сая төгрөгөөр үнэлэн олгосон, Говь-Алтай, Баянхонгор аймгийн заагт, Идрэнгийн нуруунд ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон зэрэг хэд хэдэн үйлдэлд холбогдуулан шалгасан билээ.

Мөн Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг Ханх суманд улсын төсвийн хөрөнгөөр ЗДТГ-ын байр барих тендертэй холбогдуулан бусдаас хахууль авсан үндэслэлээр шалгаж байгаа, Увс аймгийн удирдах албан тушаалтны холбогдсон зэрэг хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй өнөөг хүрч байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар орон нутгийн сонгуулийн санал хураалт дуустал зарим аймгийн ИТХ-ын болон Засаг дарга нарт холбогдох хэргийг шийдвэрлэхгүй нь бололтой.

МОНГОЛД МӨНГӨ УГААСАН ХЭРГИЙН ХОЛБОГДОГЧ ЦАРЦААСАН ХӨРӨНГӨӨ АВАХЫГ САНААРХАЖ БАЙНА

Монгол Улсын хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг дутуу үнэлдэг гадаадын иргэд манайд ирж мөнгө угаахыг завдаад баригдсан тохиолдол нэг бус. БНХАУ-ын 800 иргэнийг зохион байгуулалттайгаар манай улсад оруулж ирэн, гэмт бүлэглэл байгуулж, мөнгө угаасан, бусдыг залилан мэхэлсэн хоёр ч бүлгийнхний хэргийг шүүх хянаж, гэм буруутай, эсэхийг нь хэлэлцэхээр болоод байгаа билээ.

Зөвхөн хятадуудаар тогтохгүй, ОХУ, Латви улсын иргэд Монгол Улсад мөнгө угаахыг завдсаныг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан илрүүлэн шалгаж дуусаад байгаа юм. Нэгийг нь шүүхэд шилжүүлэн гэм буруутай, эсэхийг нь хэлэлцэх хурлыг товлоод байгааг бид энэ сарын 8-ны дугаартаа мэдээлсэн. ОХУ-ын иргэн А.В.Самохин манай улсад гадаадын хөрөнгө оруулалттай "Валестия” ХХК-ийг 2011 онд байгуулж арилжааны банкуудад төгрөг, ам.доллар, рубль, еврогийн данс нээн 2015-2019 оны хооронд 54 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хүлээн авч, оффшор бүсэд бүртгэлтэй гадаадын 10 улс руу шилжүүлэн 13 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн үйлдэл нь тогтоогдсон байдаг. Албан бус эх сурвалжуудаас авсан мэдээллээр ОХУ-ын иргэний угаасан байж болзошгүй гурван тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг битүүмжилсэн аж.

Мөн Латви улсын иргэн Подлеснижс Игорс манай улсад "Аба” нэртэй аж ахуйн нэгж байгуулж, түүнийхээ дансанд гадаад улсаас эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний валют хүлээн авч угаасан байж болзошгүй талаар бид өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлсэн. Түүний үүсгэн байгуулсан компанийн ХААН, Худалдаа хөгжлийн, "Голомт”, "Кредит” банкны дансанд ОХУ, Болгар, Узбекистан зэрэг 13 улсаас эх үүсвэр нь тодорхойгүй таван сая евро, дөрвөн сая ам.доллар орж ирснээс гурван сая орчим евро, 300 мянган ам.доллар үлдсэнийг хууль хяналтын байгууллагынхан царцаагаад байгаа юм билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр "Аба” компанийн дансанд орж ирсэн эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний валютыг бусдыг залилан мэхэлж олсон орлого гэдгийг манай хууль сахиулагчид тогтоогдоод буй аж. Тус компанид ажиллаж байсан танил минь бидэнд "Аба” компанид 2019 онд ажилд орсон. Намайг ажилд орсноос хойш энэ компани ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй, туслах ажилтан орон тоонд томилсон боловч юу хийх нь ойлгомжгүй байсан учраас сэжигтэй санагдан ажлаасаа гарсан” хэмээн ярьсан юм. Тэгвэл Латвийн иргэн болон түүний ойрын хүмүүс манай арилжааны банкууд дахь "Аба” компанийн дансанд байгаа мөнгийг царцаасан хууль хяналтын байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулахаар хөөцөлдөж, албан тушаалтнуудад 100-200 сая төгрөг өгөхөөр амласан гэх мэдээлэл ч байна. Юутай ч хууль сахиулах байгууллагынхан Подлеснижс Игорс тэргүүтэй хүмүүсийн үйлдлийг анхааралтай ажиглаж буй бололтой.

Бэлтгэсэн: Д.Дайчин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler