| |
Богд уулыг зарсан гэх Г.Шийлэгдамба Эрүүл мэндийн яамыг самрахаас нь өмнө эргүүлэн татья!
Улстөрийн амьдралд ороо бусгаа цаг ирж, орондоо орох завгүй албан тушаал, сандал ширээ хувааж байна. Үүнийг дагаад төрийн албаныхан ч бас дотроо битүүхэн айдастай, нам болоод дарга нартаа залбираастай...
Намчирхах гэдэг ёс суртахууны доголдол нийгмийг тэр чигт нь идчихсэн тиймдээ ч эдийн засаг нийгмийн хөгжлийг боймлон багалзуурдсаар өдий хүрлээ. Энэ бол өнөөгийн нийгмийн ерөнхий дүр зураг, хямралын гол шалтгаан гэж ард түмэн харж байна.
Өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа мадагаа засах нэрийдлээр Шинэчлэлийн нэртэй ч Хямралын засгийн газрыг түлхэн унагаж Шийдлийн засгийн газрыг өлгийдөн авсан ч энэхүү засгийн газарт ажиллахаар нэр дурдагдах сайдууд нь бас л өрөвдөлтэй намын харьяалалаар бамбай хийсэн мэргэжил боловсрол нимгэн, ёс суртахуун дорой цөөнгүй нөхдүүд зөөлөн сандалдаа тухлаад авах шиг боллоо...
УИХ-ын чуулганы үйл ажиллагааны ихэнх цаг хугацааг авсан намуудын цус ойртолт буюу албан тушаалын наймаа улстөржилт дээд цэгтээ тулж байна.
Чоно борооноор гэдэгчлэн энэхүү дүйвээнээр Эрүүл мэнд, спортын сайдад "Шудрага ёс” эвслээс Г.Шийлэгдамба гэх этгээд сайд болов. Урд нь Байгаль орчны сайд байхдаа ямар их балаг тарьсан тухай нь ард түмэн мартаагүй байгаа... Гэтэл энэ этгээд Эрүүл мэндийн яамны сайд болоод "Эрүүгийн элмент” шинжийн нөхдүүд цуглуулж өрөөндөө найр тэмдэглэж байна гэнэ шүү...
Эрүүл мэндийн яам гэдэг бол Монголын хүн бүрийн амь нас эрүүл мэндтэй холбоотой амин чухал салбарын бодлогыг тодорхойлдог газар. Тэрнээс биш тоглоомын засгийн газрын бялууны хэлтэрхий биш байлтай.
Гэтэл эрүүл мэндийн салбартай ямар ч хамаагүй, мэргэжлийн бус этгээдийг энэ яамны сайдаар томилж байгаа нь олон нийтийн эсэргүүцэл дургүйцлийг ихэд хүргэж байна.
Зүгээр л Н.Удвал гэдэг хүнийг залгамжлах, МАХН –д түүний ард нь жагсаж байгаа улс төрч гэдэг утгаар нь л түүнийг энэ хариуцлагатай албан тушаалд хайнга тавьсан нь үнэхээр харамсалтай. Үүнээс харахад Монголд эдийн засгийн газрын хямрал биш засаглалын хямрал дээд цэгтээ хүрсэнийг батлаж байна...
Ингээд Г.Шийлэгдамбын боловсрол болон албан тушаал хашиж байсныг сонжвол...
Боловсрол
-Өвөрхангай аймаг 10 жилийн дунд сургууль 1982 - 1992
-"Цог” Гадаад хэлний дээд сургууль д Бакалавр 1992 – 1996 Улаанбаатар хот
-ТЗУХИнститут Магистр 1997 – 1998 Улаанбаатар хот
-Charles Sturt University Магистр 2010 – 2012 Australia
Ажлын туршлага
1 "Цог” Гадаад хэлний дээд сургууль Багш 1996 – 1997
2 "Баянговь” ХХК Захирал 1997 - 2000
3 Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар дэд дарга, дарга 2000 - 2004
4 Зам тээвэр, аялал жуулчлалын яам Дэд сайд 2004 - 2007
5 Байгаль орчны яам Сайд 2007 - 2008
6 МАХН Ерөнхий нарийн бичгийн дарга 2012 - Одоо
7 Монгол Улсын Засгийн Газар Эрүүл Мэнд, Спортын Сайд 2014 – Одоо ажиллаж эхэлж байгаа.
ФАКТ №1
Г.Шийлэгдамбыг өөрийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг этгээд гэж олон нийт дүгнэдэг бөгөөд энэ байдал нь өнгөрсөн засгийн газрын Байгаль орчны яамны сайд байх үеэс л ил тод болж байсныг ард түмэн мэднэ.
Н.Энхбаярын Засгийн газрын үед дархан цаазат Богд хан уулын Жаргалантын аманд Аялал жуулчлалын транзит зорчигчдын цогцолбор гэгчийг байгуулах болж Засгийн газрын 2003 оны 260 дугаар тогтоол гарган барилгын ажил эхлүүлж, 5,404,8 сая төгрөг зарцуулсан байдаг. Энэ их мөнгөнийх нь баримтыг Үндэсний аудитын газраас үр нөлөө муутай хөрөнгө оруулалт гэж дүгнэсэн байдаг. Энэ цогцолбор нь 16 шавар гэр, ганц буудал мөртлөө таван тэрбум төгрөгийн өртгөөр боссон гэж байгаа. Төрийн их тахилгатай дархлагдсан Богд хан уулын хувь заяа Байгаль орчны хэдхэн сайдын гараар ороод дууссан гэдэг. Г.Шийлэгдамба л гэхэд дархан цаазат газарт хууль бусаар газар олгосон сайд нарыг тэргүүлдэг юм билээ. 2007 онд тэрбээр Зайсангийн хэмжээнд нийт 252 ширхэг газар эзэмших зөвшөөрөл олгосноос 50-ийг нь Зайсангийн аманд хувь хүнд өгч, тэр хэмжээгээр халаасаа түнтийлгэсэн байх гэх тоо баримт одоо ч тухайн үеийн хэвлэлийн хуудаснаа шарлаж амжаагүй байгаа.
Гэтэл ийм мөр замтай хүнд, хүн ардынхаа эрүүл мэндийг манах үүрэг хүлээсэн Эрүүл мэнд, спортын яамаа өргөн барьчихсан нь хэр зөв шийдэл юм бол хэмээн Шийдлийн засгийн газрынхнаас асуумаар... "Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох”-ын үлгэр болох вий дээ хэмээн алсаас харж харуулдах, учир мэдэх хүмүүс шивэр авир гэж байгааг мэдэхэд буруудахгүй биз ээ. Ч.Сайханбилэг сайдаа...!
БИД ЭНЭ ТАЛААР ЭРГЭН СУРВАЛЖИЛЖ ЦУВРАЛААР ХҮРГЭХ БОЛНО...
Эх сурвалж: www.fact.mn
ЧОЙ