|
Видео

Шинэ мэдээ

Хүний амийг санаатайгаар хохироох гэмт хэрэг 8.4 хувиар өсчээ

Хүний амийг санаатайгаар хохироох гэмт хэрэг 8.4 хувиар өсчээ

 


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2020.07.09/ боллоо. Хэвлэлийн бага хурлаар Шүүхийн захиргаа, удирдлагын газрын Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн референт Э.Ганцэцэг, П.Ангарагсайхан нар Монгол Улсын шүүхийн 2020 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны дүн мэдээг танилцууллаа. Мөн олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргийг шүүхээр шийдвэрлэсэн талаар мэдээллийг Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа сэтгүүлчдэд өгсөн юм.

Монгол Улсын шүүх 2020 оны эхний хагас жилд 53632 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол Улсын анхан шатны шүүхүүд эрүүгийн 7404 хэрэг, иргэний 29396 хэрэг, захиргааны 780 хэрэг, зөрчлийн 10909 нийт 48489 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 7422 хүн, 3 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10640 хүнд зөрчлийн шийтгэл оногдуулж, 721 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 1085 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 7976 хэргээр буюу 37.2 хувиар, эрүүгийн хэрэг 157 хэргээр буюу 4.7 хувиар өссөн бол захиргааны хэрэг 11 хэргээр буюу 1.4 хувиар буурсан байна.  Давж заалдах шатны шүүх 2020 оны эхний хагас жилд эрүүгийн 1385 хэрэг, иргэний 1875 хэрэг, захиргааны 755 хэрэг, зөрчлийн 261 хэрэг, нийт 4276 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх 2020 оны эхний хагас жилд эрүүгийн 333 хэрэг, иргэний 297 хэрэг, захиргааны 237 хэрэг, нийт 867 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн байна. Тайлант хугацаанд шүүхээс 11.9 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхэд бүрэлдэхүүнтэй 1072 хуралдаанд 1076 иргэдийн төлөөлөгч оролцжээ.

1. Эрүүгийн хэрэг

 Монгол Улсын хэмжээнд 2020 оны эхний хагас жилд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 4.7 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 6.45 хувиар тус тус өссөн байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 7425 хүн, хуулийн этгээдийг Эрүүгийн хуульд заасны дагуу ял шийтгэсний 7422 нь хүн, 3 нь хуулийн этгээд байна. 1168 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.

Зарим гэмт хэргийн тоо өсөв. (хүнийг алах, залилах, мал хулгайлах,  мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, хахуул авах, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна)

Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, дээрэмдэх, хүчиндэх, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

  • хүнийг санаатай алах гэмт хэрэг 10 хэргээр буюу 8.4 хувиар,
  • хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах гэмт хэрэг 19 хэргээр буюу 10.4 хувиар,
  • залилах гэмт хэрэг 89 хэргээр буюу 29.1 хувиар,
  • мал хулгайлах гэмт хэрэг 39 хэргээр буюу 18.8 хувиар,
  • мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 52 хэргээр буюу 67.5 хувиар,
  • эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 16 хэргээр буюу 2.3  дахин,
  • хахууль авах гэмт хэрэг 11 хэргээр буюу 84.6 хувиар, хахууль өгөх гэмт хэрэг 14 хэргээр буюу 14 дахин,
  • хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 95 хэргээр буюу 77.9 хувиар, бусад төрлийн гэмт хэрэг 139 хэргээр буюу 18.6 хувиар тус тус өссөн байна.

Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурав. Үүнд:

  • Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 10 хэргээр буюу 0.3 хувиар,
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 14 хэргээр буюу 11.5 хувиар,
  • Хулгайлах гэмт хэрэг 59 хэргээр буюу 5.9 хувиар,
  • Дээрэмдэх гэмт хэрэг 41 хэргээр буюу 22.4 хувиар,
  • Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг 12 хэргээр буюу 52.2 хувиар,
  • Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг 7 хэргээр буюу 87.5 хувиар,
  • Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 3 хэргээр буюу 27.3 хувиар,
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 20 хэргээр буюу 3.5 хувиар тус тус буурсан дүнтэй гарсан байна.

Шүүх торгох ялыг түлхүү оноожээ

Монгол Улсын хэмжээнд 2020 оны эхний хагас жилд шүүхээс нийт 7422 хүн, 3 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулсан байна. 4095 хүн, 3 хуулийн этгээдэд торгох ял, 1433 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял, 1894 хүнд хорих ял оногдуулжээ.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хорих ял оногдуулсан хүний тоо 9 хувиар буурсан бол, торгох ял шийтгүүлсэн хүний тоо 5.9 хувиар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хүний тоо 39.5 хувиар тус тус өссөн байна.

Шүүхээс 4095 хүн, 3 хуулийн этгээдийг нийт 6 тэрбум 6 сая 341 мянга 050 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 48.5 хувиар нэмэгдсэн байна.

Цагдан хорих зөвшөөрлийн тоо өсөв

 Улсын хэмжээнд 2020 оны эхний хагас жилд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 66 хүнээр буюу 6.5 хувиар, цагдан хорихоос татгалзсан хүний тоо 25 хүнээр буюу 12.6 хувиар тус тус өссөн бол сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 21 хүнээр буюу 17.3 хувиар буурсан байна.

Хорих ял эдлэх дэглэмийг бууруулав

 Улсын хэмжээнд 2020 онд нийт 68 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 3 хүн буюу 4.6 хувиар өссөн байна. 

 Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 23.3 хувиар өсөв

 Анхан шатны шүүх: Эрүүгийн болон захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2020 онд харьяаллын дагуу зөрчлийн 10909 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 699 шийдвэрийг хянасан байна. 1 хуулийн этгээд, 1160 хүнд торгох шийтгэл, 9479 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ.

Давж заалдах шатны шүүх: Эрүүгийн болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нийт 261 зөрчлийг хянан шийдвэрлэж 144 хэрэгт буюу 55.2 хувьд нь анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, 59 зөрчлийн хэрэгт буюу 22.6 хувьд нь өөрчлөлт оруулж, 58 хэрэгт буюу 22.2 хувьд нь шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

 2. Иргэний хэрэг

 Тайлант хугацаанд шийдвэрлэсэн иргэний нийт хэрэг өмнөх оны мөн үеэс 31.4 хувиар өсөв.

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 7976 хэрэг буюу 37.2 хувиар өссөн байна. Иргэний хэрэг ийнхүү өсөхөд худалдах худалдан авах гэрээтэй холбоотой маргаан 1075 хэргээр буюу 42.9 хувиар, зээлийн гэрээтэй холбоотой маргаан 901 хэргээр буюу 38.4 хувиар, банкнаас олгох зээлтэй холбоотой маргаан 757 хэргээр буюу 2 дахин, банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой маргаан 463 хэргээр буюу 82.7 хувиар, ажилласан жил тогтоох маргаан 3089 хэргээр буюу 79.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 255 хэргээр буюу 15.7 хувиар өссөн бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 687 хэргээр буюу 69.8 хувиар буурсан байна.  

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал шүүхийн ачааллыг 22.5 хувиар бууруулав.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн шийдвэрлэсэн 7710 өргөдлөөс 5375 буюу 74.7 хувьд нь эвлэрэл амжилттай болсон байна.

3. Захиргааны хэрэг

 Тайлант хугацаанд шийдвэрлэсэн захиргааны нийт хэрэг өмнөх оны мөн үеэс 6.4  хувиар өсөв.

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 11 хэрэг буюу 1.4 хувиар буурсан байна. Газрын маргаан 21 хэргээр буюу 13.3 хувиар, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 20 хэргээр буюу 35.7 хувиар, татварын маргаан 1 хэргээр буюу 3.2 хувиар тус тус өссөн бол төрийн албаны маргаан 42 хэргээр буюу 28.4 хувиар, ашигт малтмалтай холбоотой маргаан 32 хэргээр 35.6 хувиар, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 12 хэргээр буюу 44.4 хувиар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 6 хэргээр буюу 14.3 хувиар, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой маргаан 2 хэргээр буюу 5.9 хувиар тус тус буурсан.  

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оны мөн үеэс 106 хэргээр буюу 16.3 хувиар, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг 11 хэргээр буюу 4.9 хувиар тус тус өссөн байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.