|
Видео

Шинэ мэдээ

С.Амарсайхан: Долдугаар сараас эхлэн 71 гал унтраах автомашиныг Онцгой байдлын албанд хүлээлгэн өгч эхэлнэ

С.Амарсайхан: Долдугаар сараас эхлэн 71 гал унтраах автомашиныг Онцгой байдлын албанд хүлээлгэн өгч эхэлнэ

 


Өнөөдөр Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар  мэдээлэл хийлээ. Тэрбээр "Коронавирус хэзээ намдах нь тодорхойгүй байгаа учраас ард иргэдийн ажилтай, орлоготой байх хэрэгцээг нь хангах шаардлага тулгарч байна. Иймд энэ долоо хоногоос УОК-д зарим үзвэр, үйлчилгээний газруудыг нээх, цаашид  эрсдэлгүйгээр үйл ажиллагааг явуулах ямар боломж байгаа болохыг судалж танилцуулахаар ажиллаж байна. Ковидтой холбоотой ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил эрчимтэй хийгдэж байна.

Гол усны аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед амь насыг нь хамгаалах онцгой байдлын ажлыг хэвийн явуулах зорилготойгоор хуваарьт ажлууд энэ сарын 10-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хийгдэнэ. Дүүргийн холбогдох байгууллагууд завьт эргүүлийг хийж байна. БЗД-ийн 20-р хороо Хар усны тохойгоос Маршалын гүүр хүртэлх 21 км газарт завьт эргүүлийг хийн ажиллаж байна.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн ногоон бүсэд эргүүл гарч ажиллаж байна. Энэ сарын 2-7 өдрүүдэд нийт 57 чиглэлд,  168 алба хаагч ажилласан. Нийт 61 зөрчлийг илрүүлж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж чадсан.  Мөн урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан ногоон бүс орчимд иргэд болон холбогдох байгууллагууд нь анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага байна.

Улаанбаатар хотод онцгой албаны нисдэг тэрэг буух талбайг мэргэжлийн байгууллагуудтай хамтран судалж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Удахгүй МУ-ын Засгийн газар, гадаадын улс орнуудтай хамтарсан хөнгөлөлттэй зээлээр 71 гал унтраах машиныг Онцгой байдлын албанд нийлүүлэх гэж байгаа. Энэ нь онцгой байдлын техник нөхцлийг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, онцгой байдлын ажилчдын чадамжийг сайжруулах, ард түмний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой байна.

Энэ сарын 15-ны өдөр  нийслэлийн эх хүүхдийн 300 ор, 880 өрөөтэй нэгдсэн эмнэлгийг ашиглалтад оруулна. Хамгийн сүүлийн үеийн тоног, төхөөрөмж, орчин нөхцлийг бүрдүүлсэн, 160 нярай, хүүхдүүдийг эмчлэх, оношлох өрөөтэй,  140 хүүхдийн өрөөтэй. Шаардлагатай тохиолдолд 1600 гаруй өвчтөнийг хүлээн авах чадалтай. Тус эмнэлгийг Улсын комисс хүлээж авах үйл явц үргэлжилж байна. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор Эх хүүхдийн үндэсний төв болон дүүргүүдийн эмнэлгүүдийн ачаалал буурахын сацуу иргэд стандартын шаардлага хангасан орчинд эрүүл мэндийн үйлчилгээг авах боломж бүрдэх юм” гэлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.