|
Видео

Шинэ мэдээ

“Чихээ таглаж”, хаалгаа хааснаа эрх баригчид юу гэж тайлбарлах бол

 
 

“Чихээ таглаж”, хаалгаа хааснаа эрх баригчид юу гэж тайлбарлах бол

 

  • Засгийн газрын "чих” болсон 1111 төвийг хаасан МАН Өргөдлийн байнгын хороог татан буулгаж санаа нь амрав
  • Засгийн газрын 1111 төвийг "Устгасан" нь шүүмжлэлээс айж "Чих"-ээ дараад зугатснаас ялгаагүй үйлдэл
  • Дөрвөн жилийн хугацаанд 60 гаруй мянган иргэний хүсэлтийг шийдвэрлэсэн Өргөдлийн байнгын хороог татан буулгасан нь Монголын төрд учруулсан том гай юм

 

 

Ардчилсан нийгэмд төрийн эрх баригчдыг ард түмэнтэй холбох гүүр бол тэдний санаа бодол, шүүмжлэлийг хүлээн арга замыг нээлттэй байлгах явдал юм. Гэвч манай эрх баригчид ард түмний орох гарах нүх бүхнийг таглаж, тасалж байдаг нь гайхалтай.2012 онд АН-ын Засгийн газар иргэддээ нээлттэй, тунгалаг төрийг цогцлоохын тулд хүнд суртлыг халах хурдан шуурхай үйлчилгээг эрхэмлэж "1111 Төв”-ийг байгуулсан. Тэр төв нь бүрэн автоматжсан системийг ашиглан иргэдээс ирэх санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархал нэг бүрийг алдахгүй хүлээн авч холбогдох байгууллагад шилжүүлэн түүний хяналт, хэрэгжилтэнд үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой байв. Бас болоогүй дотроо үнэгүй WiFi интернэт, санал бичих киоск машинтайгаас гадна хүсвэл иргэн үйлчилгээний ажилтанд зовлон, жаргалаа тоочиж, зохих төрийн байгууллагад хүргүүлэх боломжийг ч шинээр нээж байв. Тухайн үеийн Ерөнхий сайд төрийн "чих”-ийг онгойлгох зорилгоор иргэдэд нээлттэй үйлчилгээг нэвтрүүлснээ тодотгосон юм. 

Гэвч МАН засгийн эрх авсан даруйдаа тус төвийн үйл ажиллагааг зогсоож өргөдөл, гомдол, шүүмжлэл барьсан иргэдийг цоожтой хаалга "мөргүүлэв”. Энэ бол Засгийн газар шүүмжлэлээс айж, "чих”-ээ дараад зугатснаас ялгаагүй үйлдэл болсон. МАН-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ч 2016 оны 10 дугаар сард "11 11" төвийг татан буулгах шийдвэр гаргахдаа илүү сайжруулсан хувилбараар, өөр нэртэйгээр нээнэ гэсэн тайлбар зүүсэн ч хулхидаад алга болжээ. Иргэдийн санаа бодол, шүүмжлэлийг хүлээж авах шугам хаагдсны гайгаар сайд, дарга нар тойрон хүрээлэгчдийнхээ бялдууч үгэнд бялууран "вакумдуулснаас” автобусны мөнгө, талхны үнээ мартах хэмжээнд хүртэл амьдралаас тасарсан нь маргах аргагүй үнэн юм. Сард олон мянган санал хүсэлт хүлээн авдаг байсан төв МАН-ыг засаглаж эхэлснээс хойш үйл ажиллагаа нь лавлах утасны операторын хэмжээнд үйлчилгээ үзүүлэх болжээ. Үүнийг баримтаар өгүүлбэл 2013 оны есдүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 3-ны хооронд долоо хоногийн дотор 1019 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн бол МАН-ын Засгийн газар төвийн үйл ажиллагааг хумисны дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 2-8 хүртэлх 7 хоногийн хугацаанд 184 иргэн хандсан байна.

Энэ нь өргөдөл гомдлыг хүлээж авах ажил ес дахин буурсан үзүүлэлт. Тэр хэрээр төр мянга мянган иргэнээсээ нүүр буруулсан гэсэн үг. Нөгөөтэйгүүр АН-ын үед амжилттай хэрэгжиж байсан ажлыг "баллуурдах” далд санаа агуулж байсныг үгүйсгэхгүй. МАН-ын үед төр иргэдээс нүүрээ буруулсан үйлдэл төрийн орныг "битүүмжилснээр” үргэлжилнэ. АН төрийн эрх барьж байх он жилүүдэд төрийн ордны хаалга иргэдэд нээлттэй болсон. Хүссэн иргэн төрийн түүхийн музей үзэж, тойргийнхоо гишүүнтэй уулзан, их хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг байсан бол өнөөгийн эрх баригчид Төрийн ордныг түгжиж, түмэн олноо түлхэн, иргэдийн хөл хөдөлгөөнөөс төвөгшөөсөн юм. Үүнийгээ аюулгүй байдлын хангах үүднээс гэсэн албархуу тайлбараар хаацайлсан билээ. Өнөөдөр "төрийн түүх” түмэнд хаалттай хэвээр л байна. Эрх баригчдын иргэдээсээ "зугатах” бодлого үүгээр зогсохгүй. Тэд УИХ-ыг иргэдтэй холбох гүүр, ард түмний төрдөө хандах арга зам болсон УИХ дахь Өргөдлийн байнгын хороог татан буулгаж санаа нь амарлаа. Хэдхэн хоногийн өмнө тэд УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа Өргөдлийн байнгын хороог татан буулгах заалт оруулж дөнгөсөн юм. 

Мөн тус хуульд заасан иргэд, байгууллагаас УИХ, байнгын болон дэд, түр хорооны удирдлага, гишүүдэд хандан гаргасан өргөдлийг судлах, өргөдөл гаргагч, гэрч, шинжээчийг сонсох, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах, шийдвэрлэх агуулгатай 19.4, 20.4-д дэх заалтуудыг ч хүчингүй болгож амжив. Энэ нь иргэдийн төрдөө хандах үлдсэн ганц найдварыг таслах үндэслэл боллоо. Уг нь нэг чуулганы хугацаанд 10 орчим мянган иргэн тус байнгын хороонд өргөдөл, хүсэлт өгч, төрийн бодлого, батлах гэж буй хууль тогтоомжид саналаа илэрхийлэн, болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсийг шийдвэрлэх арга замыг чиглүүлж өгдөг байлаа. Тухайлбал, Өргөдлийн байнгын хороо 2016 онд 17232, 2017 онд 18849, 2018 онд 16031, 2019 онд 10421 иргэний өргөдөл хүсэлтийг хүлээн авч, шийд вэрлэн, холбогдох албан тушаалтантай холбосон байдаг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаагаар тооцвол 60 гаруй мянган иргэнийг төртэй холбожээ. Гэвч сонгуулийн дараа байгуулах парламент МАН-ын гишүүдийн муйхарлалаар иргэдийн өргөдөл хүлээж авах эрх зүйн үндэслэлгүй болов.

Мөн Өргөдлийн байнгын хороо иргэдийн хүсэлтээр газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцан шийдвэрлэдэг байдал ч үүгээр тасалбар болж байна. Өргөдлийн байнгын хороог татан буулгах шийдвэрийн цаана өнөөх л АН-ын үед санаачилсан ажлыг нураах явцгүй эрх ашиг үйлчилсэн гэвэл үнэнд дөхнө. Өргөдлийн байнгын хороог үгүй хийхийг зарим гишүүн буруутгаж төр иргэний харилцааг таслах гэж байгааг шүүмжилсэн боловч олонх ганц ч тайлбар хийлгүй гүлдийж, гүрийсээр баталснаас үүнийг төвөггүй ойлгож болно. Иргэдэд хэрэгтэй ч өөрсдөд нь ашигггүй бол юуг ч устгаж чадахыг энэ парламент, эрх баригчид харууллаа. Ард түмэнд хэрэгтэй, амьдралд нь тустай бол аль нам санаачилснаас үл хамаараад хэрэгжүүлдэг байх зарчим МАН-д хамаагүй гэдгийг дээрх баримт нотолж байна. Монгол төрийн залгамж чанар ч утгаа алдсныг өнөөгийн эрх баригчид "чихээ таглаж” зугатснаар давхар нотоллоо. Харин одоо тэд ард түмнээс зугатснаа сонгуулийн өдрүүдэд яаж тайлбарлах нь инээдтэй санагдаж байна. Төрийн "чих”-ийг таглаж, хаалгыг хаасан МАН-д ичих нүүр алга.

Засгийн газрын мэдээ
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.