|
Видео

Шинэ мэдээ

АН-ын дэд дарга асан Б.Дэлгэрмаа яагаад, яагаад ИЗНН-аас нэр дэвших болов

АН-ын дэд дарга асан Б.Дэлгэрмаа яагаад, яагаад ИЗНН-аас нэр дэвших болов

 


АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө бүртгүүлсэн тухай мэдээлэл олны анхаарлыг татсан. Үүний дараа удалгүй АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж Б.Дэлгэрмааг дэд даргын албан тушаалаас нь чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин Б.Жаргаланг томилсон юм. Б.Дэлгэрмаа АН-ын дэд даргаасаа чөлөөлөгдөөд зогсохгүй, бие даан нэр дэвших шийдвэрээ өөрчилж ИЗНН-ын квотоор "Та бидний эвсэл”-ээс Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байна. Олон нийт түүний энэ нүүдлийг АН нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөг авсантай холбон тайлбарлаж байлаа. Харин АН-ын дэд дарга асан Б.Дэлгэрмаа энэ талаар хэлэхдээ "Миний хувьд амаргүй шийдвэр байсан. АН-ын тэргүүн эгнээнд явсан хүн өөр намаас сонгуульд нэр дэвшинэ гэдэг хоёр талтай. Намын үзэл бодол, баримтлах чиглэлтэй санал нийлээгүй. Мөн намын удирдлага энэ удаагийн сонгуулиар залуучуудаа илүүтэй дэмжинэ гэдгээ байнга илэрхийлж ирсэн. Тиймээс би тэдэнд боломж олгох ёстой гээд АН-аас дэвшихгүй бие дааж сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн юм. Гэтэл Н.Алтанхуяг болон надаас бусад хуучин лидерүүдээ нэр дэвшүүлсэн байна лээ. Харин залуучуудаа дэмжинэ гэсэн нь талаар болж хамгийн боломжтой хүмүүсээ дэвшүүлээгүй нь гайхшрал төрүүлсэн” гэлээ. Мөн АН-ын дэд дарга асан Б.Дэлгэрмаа ИЗНН-ыг сонгосон шалтгаанаа дараах байдлаар тайлбарлалаа. "ИЗНН энэ жил МАХН, МУНН-тай хамт "Та бидний эвсэл” болж, энэхүү эвслийн мөрийн хөтөлбөр нь миний итгэл үнэмшилд нийцэж байгаа. Улс төрийн хувьсгал хийх цаг нь болсон. Энэ нь сонгууль. Энэ сонгуулиар МАН болон АН-ыг бүхэлд нь шинэчлэх хэрэгтэй. Арга зам нь хуулиар улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй болгох. Сонгуульд зөвхөн итгэл үнэмшлээрээ оролцох. Сонгогчид нь саналаа хэдэн төгрөгөөр үнэлж зарахгүй байх, нэр дэвшигчид нь аль нэгэн санхүү, эдийн засгийн бүлэглэлийн төлөөлөгч эсхүл гар хөл бологчид биш байх. Хүн бүрт ойлгомжтой ийм зүйлийг хийх арга нь хамгийн том сорилт болж байна. Учир нь, эрх баригчид эрх мэдлээсээ хагацана гэхээс айж байна. Харин АН-ын удирдлага нь эрх мэдлийн төлөө улайрч байна. Хийсэн юмтай, улс төрийн туршлагатай, өөрийн гэсэн байр суурьтай хүмүүсээ шахаж гаргасан нь үүний нотолгоо. Энэ дашрамд, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө хамтран зүтгэж ирсэн АН-ынхаа мянга мянган гишүүд, дэмжигчиддээ талархал илэрхийлье. Би ИЗНН-ыг тохиолдлоор сонгоогүй. Энэ нам үүссэн цагаасаа л ардчиллын үнэт зүйлийг тээгч нь байсан” гэв. 

Эх сурвалж: Zogii.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.