| |
Видео
Шинэ мэдээ
С.Амарсайхан: Орон гэргүй иргэдэд зориулсан тусгай орон сууц барих ажлыг эхлүүлж байна
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Айл өрхийг орлоготой, ажлын байртай байлгах, ААН-үүдийг дэмжих зорилгоор амаргүй шийдвэрүүдийг богино хугацаанд гаргаж ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд баар, цэнгээний газруудыг нээсэн боловч хяналт тавих байгууллагууд ч иргэд ч аль аль нь бэлтгэлгүй байлаа. Тиймээс үйл ажиллагааг нь хааж байна. Хэзээ нээх боломжтой байна, тэр цагт нь нээх асуудлыг дахиж ярина. Энэхүү цар тахал өвөл ч гэсэн үргэлжлэх магадлалтай гэсэн дэлхий нийт үзэж байгаа. Бид цаашдаа хариуцлагатай байх ёстой. Ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил үргэлжилж байна. Нийт 9 дүүргийн 173 хороонд ариутгал хийж байна. Өнгөрсөн хугацаанд үерийн далан суваг, шар усны сувагт тогтмол хийж байгаа. Энэ ажил цаашид үргэлжилнэ. Давхацсан тоогоор 196 мянга гаруй жорлонг ариутгасан. Хуурайшилттай цаг үед иргэд маш болгоомжтой байх хэрэгтэй. Болгоомжгүй байдлаасаа гал тавих асуудал гарч байна. Онцгой байдлынхан шуурхай ажиллан, гал түймрийн аюулыг таслан зогсоож байна. Цаашдаа алхсан, гишгэсэн газар бүртээ болгоомжтой байх нь зүйтэй. Орон гэргүй, тэнэмэл иргэд Улаанбаатар хотын хэмжээнд 850 байна. Эдгээр иргэдийг тусгаарлах байранд байрлуулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж, хооллох, ундлах гээд ажлыг хийж байна. Доод тал нь 1.5 жил гэр оронгүй явсан хүмүүс байна. 46 хувь нь 18-45 насныхан, 9 хувь нь 60-аас дээш насныхан байна. Энэ хүмүүс рүү чиглэсэн дорвитой арга хэмжээ авч ажиллана. Улаанбаатар хотын суурьшлын бүсээс гадна орон байргүй иргэдэд зориулсан тусгай орон сууцыг барих ажлыг энэ 7 хоногт эхлүүлсэн. Шаардлага хангасан газар тусгаарлаад гаргадаг биш, сургах дадлагажуулах, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажилд тодорхой цалинтайгаар хамруулах чиглэлд анхаарч ажиллана" гэлээ.