| |
С.Амарсайхан: Фитнесс, ууланд авирах гарцуудыг нээж эхэлнэ
Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өчигдөр хуралдсан юм. Хуралдаанаар энэ сарын 10-нд ариутгал, халдваргүйтэлийг эрчимжүүлэн хийх зорилгоор түр хаасан аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг нээх болон Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна
Энэ үеэр ариутгал, халдваргүйтэл хийх асуудлыг ярьж, шийдсэн байна. Тэр дундаа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө боловсролын байгууллагын орчинд ариутгал, халдваргүйтлийн ажлыг сайтар хийхийг сануулжээ. Энэ асуудлаар дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон юм байна.
Мөн Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Орон гэргүй, тэнэмэл иргэдийн эрүүл мэндийн асуудалд холбогдох байгууллагууд тогтмол анхаар, хяналтаа сулруулж болохгүй. Шат шатандаа хяналт зохион байгуулалтыг сайн хийх хэрэгтэй. Энэ бол зөвхөн коронавирусийн үед халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хийж байгаа ажил биш. Цаашид эдгээр иргэдийг зориулалтын тодорхой байртай болгож нийгэмшүүлэх, тохирох сургалтуудад хамруулах зэрэг ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Тиймээс холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран эхний ээлжинд хэдэн хүнийг сургалтад хамруулах, орон байрны асуудлыг нь хэрхэн шийдэх гэх мэт бүртгэл, судалгааны ажлыг зохион байгуулах шаардлагатай” хэмээн чиглэл өгсөн байна.
Түүнээс гадна тэрбээр "Мөн иргэдийн зүгээс сургалтын төв, фитнесс, спортын танхимыг нээх санал ирүүлсээр байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим амралт, сургалтын төв, фитнесс, ууланд гарч агаар салхинд алхах гарцуудыг нээж эхэлнэ. Гэвч ингэлээ гээд иргэд олноороо нэг дор бөөгнөрч, эрсдэлтэй нөхцөл үүсгэхгүй байх тал дээр хяналтаа сайтар тавих ёстой” хэмээн үүрэг болгожээ.